Цагаан сарын мэндчилгээ, ерөөлийн үгс

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 19

Цагаан сарын баяраар хэлэх мэндчилгээний ерөөл бэлэгтэй үгсийг хүргэж байна.

Ирэх жилийн төөргийг итгэлийн өнгөөр сүлж
Идээ шүүснийхээ дэргэд эрхэмсэг залрах аав ээждээ
Тэнгэрийн өнгөтэй хадгаар ерөөл золгож үнсүүлээрэй
Тэргүүн сарын шинийн нэгэндээ энх мэнд золгоорой 
***        ***        ***        ***    
Найман зууны түүхийг нар зөв хурайлсан
Намхан хүлгээ унаж дэлхий зулайд омoгшсон
Нар сүлдтэй Монгол түмэн минь могой жилээ үдэж
Настан буурлаан цэнгүүлэн морь жилээ угтаж байна
Нар хурайлж цэнгэлдэх дэлхийд ганцхан монгол заяа
Наран тойрогт алдарахгүй Эзэн Чингэсийн угсаа
Сааршгүй сайныг бэлэглэх эцэг дээдсийн заншилтай
Сайхан бүхнийг ерөөх энх мэндийн учралтай
Монгол түмэн минь сар шиндээ сайхан шинэлээрэй
***        ***        ***        ***    
Жаран жарны түүх жаргал хурайлж уухайлна
Жаахан шаргын аялгууг гэгэлзүүлсхийгээд уяруулна
Жавар салхины үзүүрийг анхны төл амирлуулна
Жалгын цасыг сөхөж яргуйн зүүд өндөлзөнө
Гартаам манан хөөргийг голомт тойруулан зөрүүлээд
Гарч байгаа жилийн өнгө төрхийг хэлэлцэнэ үү
Гадаа гэртгүй гоё дээлтэй хүүхдүүд тоглоод
Ганцхан Монгол орны тэнгэр хангай уярна уу
Тэнгэрийн өнгөтэй хадгаар ерөөл золгож үнсүүлье
Тэргүүн сарын шинийн нэгний энх мэндийг эрье
***        ***        ***        ***    
Есөн товчтой дээлээ эвхээсийг нь гаргаж өмсөөд
Нарны өнгөтэй дурданг зөв эргүүлж бүслээд
Саран хэлбэртэй малгайгаар тэргүүн юугаан гоёод
Сайхан жилийн өглөөг амар мэнд угтаад
Аагтай шаргал цайг нарны туяатай самарч
Алтан төрийн сүлдтэй хойморын бурхандаа дээжлээд
Ирэх жилийн төөргийг итгэлийн өнгөөр сүлж
Идээ шүүснийхээ дэргэд эрхэмсэг залрах аав ээждээ
Тэнгэрийн өнгөтэй хадгаар ерөөл золгож үнсүүлээрэй
Тэргүүн сарын шинийн нэгэндээ энх мэнд золгоорой
***        ***        ***        ***    
Хамгаас эрхэм тандаа 
Ирж буй морь жилдээ хотлоороо амар амгалан, эрүүл энх, аз жаргалаар дүүрэн байхыг ерөөе. Сар шинэдээ сайхан шинэлээрэй. 
***        ***        ***        ***    
Төрлөөрөө түвшин амгалан
Элгээрээ энх амгалан
Төр улсаараа элбэг дэлбэг
Төрөл садан хотлоороо сайхан шинэлээрэй!
***        ***        ***        ***    
Ургах улаан нарнаасаа цог хийморийн илчийг авч
Уудам хөх тэнгэрээсээ уужрал ухаарлын ухаанаа сэлбэж
Учран золгох хvн бvртээ сэтгэлийн сайхан vгийг бэлэглэж
Ургаж байгаа шинэ жилдээ сайхан шинэлээрэй
***        ***        ***        ***    
Хатуу өвөл харьж, урин хавар айсуй
Хамаг бэрхшээл үлдэж, угтах баяр айсуй
Буурал жил улирч, буянт жил морилох нь
Өвгөн жил харьж, өлзийт жил золгох нь
Дорнын зурхайгаар мөрөө гаргаж
Долоон бурхандаа дээжээ өргөж
Дээдэс өвгөддөө хүндэтгэн золгож
Дэлгэр сайхан сэтгэлтэй
Дээл бүсэн гоёлтой
Дэлхий тэнийм баясгалантай
Дээдэс нялхаст бэлэгтэй
Хоймортоо нарны бурхадтай
Хажуудаа насны бурхантай
Эрүүл энх саруул сайхан 
Сар шинэдээ сайхан шинэлээрэй 
***        ***        ***        ***    
Хатуу өвөл харьж, урин хавар айсуй
Хамаг бэрхшээл үлдэж, угтах баяр айсуй
Буурал жил улирч, буянт жил морилох нь
Өвгөн жил харьж, өлзийт жил золгох нь
Дээдэс өвгөддөө хүндэтгэн золгож
Дүүрэн жаргалтай түвшин амгалан
Сар шинэдээ сайхан шинэлээрэй!
***        ***        ***        ***    
Дэлгэр сайхан сэтгэлтэй
Дээл бүсэн гоёлтой
Дэлхий тэнийм баясгалантай
Дээдэс нялхаст бэлэгтэй
Хоймортоо нарны бурхадтай
Хажуудаа насны бурхантай
Эрүүл энх саруул сайхан
Эрч дүүрэн сэтгэл төвшин
Сар шинэдээ сайхан шинэлээрэй!
***        ***        ***        ***    
Буян номын гэгээ тооноор чинь цацарч
Бурхад инээмсэглэн хаалган дээр чинь бууж
Буурал өвгөд халуун ам бүлээрээ цуглан
Бүхнээс элбэг сайхан шинэлээрэй.
***        ***        ***        ***    
Шижир цацрагт нараа дэлхий тойрч нас нэмсний дан баяр
Шидрүүн мөнгөн өвлийг өнтэй давсны давхар баяр
Шинэхэн цэцэглэх хавартай энх золгосны гурамсан баяр
Шинийн нэгэн хэмээх эгнэн давхацсан дөрвөн баяраа сайхан тэмдэглээрэй
***        ***        ***        ***    
Хадган цэнхэр тэнгэрийг эвхэн золгох учрал дээр 
Хатан өвлийн жаврыг хураан золгох ерөөл дээр 
Хөх Монгол даяараа дээдлэн өргөх цацал дээр 
Хаврын тэргүүн сар жаргал цацруулан айсуй 
Сар шинэдээ сайхан шинэлээрэй 
***        ***        ***        ***    
Ирж буй морь жилдээ
Дээрээ тэнгэрийн нартай
Дэргэдээ ханийн нартай
Өвөр дээрээ үрийн нартай
Өөдлөн дэвшиж, өсөн дэвжиж яваарай

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Болд(103.212.117.214) 2024 оны 02 сарын 13

Үнэхээр гоё бас амар юм

0  |  0
Нуршуах(202.126.88.103) 2024 оны 02 сарын 13

Сар шинэдээ сайхан шинлээрэй\n

8  |  2
Зочин(66.181.191.48) 2024 оны 02 сарын 13

Сайн

15  |  2
Х.Сүглэгмаа(103.26.193.14) 2024 оны 02 сарын 13

Танай хамт олонд баярлалаа нэг айл ч гэсэн сайхан машинтай болох нь дээ

12  |  5
Top