Н.Баасандорж: ”Зөөлөн замбуулин” дууны аяыг бүтээхэд бүтэн жилийн хугацаа орсон

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 02

Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин гэсэн хүн бүрийн сэтгэлд шингэсэн сайхан аялгуугаар үзэгч, сонсогч түмнийхээ сонорыг мялаасан нэгэн бол МУСТА, ая зохиогч  Н.Баасандорж билээ. Тэрээр бид бүхний сайн мэдэх “Хос шарга”, “Хосын хорвоо” гээд олон сайхан дууны аяыг зохиож мөн өөрийн хоолойгоор сонсогч түмэндээ хүргэдэг нийтийн дууны төлөөлөлөгчдийн нэг МУСТА, ая зохиогч Н.Баасандорж өөрийн бие даасан “Монголын сайхан ээжүүд” тоглолтоо гуравдугаар сарын 5-нд UB palace-ийн төв танхимд хийх гэж байна. Ингээд түүнтэй удахгүй болох тоглолт болоод уран бүтээлийнх нь талаар хуучилсан ярилцлагаа хүргэж байна.

-Та ирэх сарын 5-нд өөрийн бие даасан тоглолтоо хийх гэж байна. Тоглолтынхоо талаар мэдээлэл өгөхгүй юу?

- Энэ гуравдугаар сарын 5-нд буюу шинийн 15-ны билэгт сайн өдөр UB palace-ийн төв танхимд 19 цагаас “Монголын сайхан ээжүүд” нэртэй бие даасан тоглолтоо хийх гэж байна. Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг угтан монголын сайхан эхчүүд, эмэгтэйчүүддээ зориулсан тоглолт байгаа юм.

-Энэ таны хэд дэх бие даасан тоглолт вэ. Тоглолтод таниас гадна ямар дуучид оролцох вэ?

- Миний бие даасан зургаа дахь тоглолт. Тоглолтод урилгаар МУСТА Т.Батсайхан,  Л.Банзрагч, Л.Чулуунбаатар болоод мөн залуу уран бүтээлчдийн төлөөлөл болох  Гэрэлчулуун, Болд, Найдандорж, Энхзул гавьяатын хүү Чинбаяр,  Буяндэлгэр,  Ё.Батмөнх нар оролцоно.

-Тоглолтод дан эрэгтэй уран бүтээлчид дуулах бололтой байна. Хүрэлцэн ирсэн олонд зориулсан гэнэтийн бэлгүүд байгаа юу? Нууц биш бол үүнийгээ хуваалцаач?

- Ээжүүд, эмэгтэйчүүдийн баяр болж байгаа учраас тэд нартаа бэлэг болгон тайзан дээр дан эрчүүд дуулах болно. Тайзан дээр гэнэтийн бэлгүүд байгаа. Цухас дурдвал шинэ цомгоосоо ээжүүддээ гардуулах гэх мэтчилэн зүйлс бий. Одоохондоо нууц хэвээр байлгая.

-Тоглолтод дуулагдах дууны талаар сонирхуулахгүй юу?

- Ихэвчлэн ээжүүдийн тухай дуу дуулна. Мөн олны хүртээл болсон “Хос шарга”, “Зөөлөн зөөлөн замбуулин” гэх мэт хуучин хит дуунуудаасаа дуулна. Тоглолтын турш би өөрийн 20 орчим дуугаа өргөн барина.

-Сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?

-Морин жилдээ багтаагаад сар шинийн өмнөхөн дан морины дуунуудаас бүтсэн “Миний адуун сүрэг” гэсэн цомгоо гаргасан байгаа. Мөн цомгоо нэрлэсэн “Миний адуун сүрэг” дуугаа шинээр хийсэн. Түүнчлэн "Нутагаа саналаа" гээд үг, аяыг нь өөрөө зохиож шинэ уран бүтээл хийлээ. Мөн залуу уран бүтээлчидтэй хамтран ажиллаж байгаа. Үүний нэг нь миний тоглолтод оролцох шижигнэсэн дөрвөн залуу хамтарч дуулах “Нөхөрлөлийн дуу” юм. Залуу уран бүтээлчид маань тоглолт дээр дуулья гэсэн санаачилга гаргасан.  Энэ дуу тоглолт дээр дуулагдана.

-Та өөрийгөө тодорхой танилцуулахгүй юу? Хаана төрж өсөв өө? Яаж яваад дуучин гэх мэргэжлийг сонгох болсон бэ?

-Би Баянхонгор аймгийн Гурван булаг сумын харьяат хүн. 1990 онд багшийн их сургуулийг дуу хөгжмийн багш мэргэжлээр төгссөн. Ингээд нутагтаа ирээд найман жилийн дунд сургуульд дуу хөгжмийн багшаар дөрвөн жил ажиллав аа. Эхлээд сайхан ааштай уурладаггүй багш байлаа. Сүүлдээ ганц нэг хүүхдийг алгаддаг боллоо. Ингээд эцэг эхүүд нь гомдол санал ирүүлдэг болсон. Тэгээд би ер нь багш болох хүн биш байна гээд сургуулиасаа гараад хот руу шилжихээр болсон. Сургуулийн захиргаанд хүсэлт гаргасан чинь явуулахгүй гэж хорьсон. Тэгээд бүх юмаа хаяад оргоод хотод ирсэн. Ирээд СУИС-ийн уртын дууны ангид суралцаж дуучин болох гараагаа эхэлсэн дээ.

-Хэзээнээс ая зохиож эхэлсэн бэ?

-СУИС-ийн уртын дууны ангид суралцаж байх үедээ ая зохиож эхэлсэн. Анх 2011 онд "Элээх тавилан" дууны аяыг зохиож байсан. Энэ дууг маань МУГЖ Х.Болормаa дуулж олны таашаалд хүрсэн. Үүнээс хойш уран бүтээлээ туурвиж эхэлсэн.

-Анх ямар дууг дуулж, үзэгч олондоо сонордуулж байв?

- Эхлээд дуу зохиочоод өөрөө дуулдаггүй байсан. Ихэвчлэн ангийнхаа хүүхдүүдээр дуулуулдаг. Дандаа оюутнуудад дуу зохиож өгдөг байлаа. Тэдгээрийг дурдвал Т.Батсайхан, Л.Банзрагч, Л.Болдбаатар гэсэн хүмүүс. Сүүлдээ өөрөө дуулчихмаар санагдаад  угаасаа ч дуулаачаар сурч байгаа учраас дуулж үзье гээд хамгийн анх "Хос шарга" дууг олны хүртээл болгож байлаа. Энэ дууны шүлгийг Н.Агваан гээд манай нутгийн ах 2007 онд Манлай уяач Э.Эрдэнэ-Чулууны шарга тод манлай цол авахад нь найздаа зориулж зохиож байсан юм. Тэгээд найзынхаа найран дээр очоод шүлгийг нь уншсан хүмүүс сайхан хүлээж авч байна гэнэ. Ингээд нутгийн ах маань  надтай уулзаад "За чи энэ шүлгэнд ая хийгээд аль” гэсэн. Хос шаргын аялгуу маш хурдан төрсөн. Наадмын өмнөхөн бичүүлсэн. Тэгээд уяан дээр нь очиж клипжүүлээд л долдугаар сард уран бүтээл бэлэн болсон. Дуулсан даруйд л хит болсон болохоор урамшаад цаашаа дуугаа зохиогоод дуулж эхэлсэн. "Хос шарга" дуу ер нь хийморьтой дуу.

-Хамгийн их түүхтэй бүтсэн уран бүтээлийнхээ талаар хуваалцаач?

- Зөөлөн замбуулин дуу нилээд төвөгтэй бүтсэн. Багш маань яруу найрагч Л. Мөнхтөр ахтай танилцуулсан юм. Нэг өдөр Л. Мөнхтөр ах “Зөөлөн зөөлөн замбуулин” дууны шүлгийг өгөөд, чи үүнд ая зохиогоод дуу хийчих гэж санал тавьсан. Ингэхдээ С. Батсүх гавьяатаар дуулуулна гэж бодож ая хийгээрэй гэж захисан. Ингээд бүтэн жил бодож яваад шүлгэнд нь таарах ая зохиогоод С.Батсүх гавьяатад дуугаа сонсгосон. Гавьяат ч дуулья гэж авчихаад гурван жил хадгалсан юм. Ингээд гурван жилийн дараагаар буюу 2003 онд “Зөөлөн зөөлөн замбуулин” дуу маань нийтэд цацагдаж байсан юм. Ийм урт хугацааг туулж бүтсэн учраас  одоо ч олон нийтийн дунд дуулагдсаар байгаа сайн дуу болсон гэж боддог.

-Хүн бүр амандаа аялж явдаг дуутай байдаг шүү дээ. Танд тийм дуу бий юу?

Зөөлөн зөөлөн замбуулин дуугаа хаа явсан газраа аялж явдаг. Миний чээжний дуу байгаа юм. Ноднин жил хөгжмийн найруулгыг шинэчлээд өөрөө дуулж бичүүлсэн.

-Байнга хамтарч ажилладаг уран бүтээлчид байгаа юу?

Сүүлийн үеийн залуу уран бүтээлчид их бий. Мөн Л. Банзрагч Эрдэнэ-Тунгалаг, Л. Болдбаатар,  Х. Болормаа,  Т.Батсайхан,  С. Батсүх,  Ч. Бат-Эрдэнэ,  Д. Хишигбаяр Р. Дэлгэрмээ гээд дуучидтай хамтарч ажилладаг.

-Та дуу зохиогоод уран бүтээлчдийг дуулаач гэж санал тавьдаг уу? Эсвэл уран бүтээлчид өөрсдөө дуулья  гэсэн санал тавьдаг уу?

Нөгөө нөхдүүд дуу зохиож өг гэнэ. Мөн би өөрөө санал тавина. Янз, янз  байдаг.

-Захиалгын уран бүтээл хийж байв уу?

-Захиалгын ганц нэг уран бүтээл хийж байсан. Сүүлийн үед уран бүтээлчид захиалгын уран бүтээл их хийдэг болсон байна лээ. Би бодохдоо тухай захиалгын бүтээл нь хийгдээд гарахдаа зөвхөн тэр байгуууллагынхан сонсох биш нийтийн хүртээл болох учраас шүлгийг нь анхаарч үздэг. Үнэхээр таалагдахгүй бол ая хийхгүй. Өөр хөгжмийн зохиолчид ханд гэдэг.

-Ая зохиогоод хүнээр дуулуулах, өөрөө дуулах хоёрын ялгаа нь юу вэ?

-Бусад хүмүүсээс арай илүү аялгуугаа мэдэрч дуулна. Аялгууны уран гоёыг илүү сайхан гаргадаг. Тиймээс ч “Зөөлөн зөөлөн замбуулин”-г өөрөө ахин дуулсан. "Хос шарга"-ын шүлгийг зохиосон хүн миний хийсэн аяыг сонсоод  дуучин Л. Банзрагчаар дуулуулах санал тавьсан юм. Тэгээд дуугаа хийчихээд бодсон. Өөрөө дуулчихмаар санагдаад Л. Банзрагчид би өөрөө дууллаа гэсэн чинь мань хүн ч зөвшөөрч байна. Ингээд дуулаад олны хүртээл болгосон. Хүмүүс ч сайхан хүлээж авсан. Тэгээд сүүлд Л.Банзрагч хэлэхдээ "Хос шарга"-ыг чи дуулсан нь оносон зүйл болсон. Хэрвээ би дуулсан бол хүмүүст тэгж сайхан хүргэж чадаач уу, гэж хэлж байсан юм. 

-Та өөр хөгжмийн зохиолчдын дууг дуулж байв уу?

-Хөгжмийн зохиолч Т.Сэр-одын уран бүтээлийг дуулж байсан. Мөн  Б. Буянжаргал гэх мэтчилэн ер нь гарын арван хуруунд багтахаар хүмүүсийн дууг дуулж байсан. Бусдаар бол дандаа өөрийн уран бүтээлийг дуулдаг.

-Ямар нэгэн байгууллагад харьяалагдан ажиллаж байв уу?

-Нутагтаа дөрвөн жил багшилж үзсэн. Тэрнээс бол чөлөөт уран бүтээлч дээ.

-Урын сандаа нийт хэдэн дуутай вэ?

-Нийт 200 гаруй дууны ая зохиосон. 30-аад дууг нь өөрөө дуулж олны хүртээл болгосон. Эдгээр дуунаасаа бүтсэн зургаан цомог гаргасан байна. Одоо зургаа дахь бие даасан тоглолтоо хийх гэж байна.

- Ярилцсанд баярлалаа. 

Б.Энхзаяа

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Gerel(150.129.140.157) 2015 оны 03 сарын 18

B.Sarandavaa bagsh ch mundag chadaltai shuu. Olon hunii amidraliig tegshilj yavaa buyantai hun bga yum. Ene huniig ingej helbel aldas bolno. Burhan urshuug

0  |  0
пппп(103.229.122.40) 2015 оны 03 сарын 18

САРАНДАВАА ГЭДЭГ ЛУЙВАРЧИН АВГАЙГ ДАГААД ДАЛДГАНААД БАЙДАГ ТЭНЭГ АМЬТАН

0  |  0
пппп(103.229.122.40) 2015 оны 03 сарын 18

САРАНДАВАА ГЭДЭГ ЛУЙВАРЧИН АВГАЙГ ДАГААД ДАЛДГАНААД БАЙДАГ ТЭНЭГ АМЬТАН

0  |  0
naiz(202.170.84.7) 2015 оны 03 сарын 13

ene hun chini hudulmuriin gaviyani ulaan tugiin odon avaad neleen heden jil bolj bga shuu dee. MU-n gehed buruudahgui bha

0  |  0
иргэн(103.26.195.216) 2015 оны 03 сарын 02

Соёлын тэргүүний ажилтан гэдэг чинь Яамны л шагнал биз дээ. Ер нь тэднийг ямар учираас Монгол улсын гэж цололдог юм бэ. Миний бодлоор Төр , засгийн газрын тогтоол зарлигаар олгогдсон шагналыг Монгол улсын гэж тодотгож баймаар санагдана.

0  |  0
Top