Өнөөдөр сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдөр

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 24

Жил бүрийн гуравдугаар сарын 24-ний өдрийг Дэлхий нийтээр сүрьеэтэй тэмцэх өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Ингэхдээ шийдвэр гаргагч нарт болон нийт ард иргэдэд сүрьеэгийн асуудлуудыг хандуулах зорилгоор тодорхой уриалга дэвшүүлж  үүний дагуу  тухайн жилийн турш олон төрлийн үйл ажиллагаа явуулдаг байна. Энэ жил “Сүрьеэг илрүүлье, эмчилье, эдгэрүүлье” уриатайгаар ажиллаж байна. Сүрьеэтэй өвчтөнийг эрт илрүүлж оношлох нь маш чухал. Оношлогдсон  тухайн өвчтөн эмчлэгдэж, улмаар эдгэрэх нь халдварыг бусдад тараахгүй байх хамгийн сайн  арга юм. Иргэд сүрьеэ өвчний талаар мэдлэг хандлагаа сайжруулснаар сүрьеэгийн халдвараас өөрийгөө сэргийлэх, өвдсөн тохиолдолд эмнэлэгт хандах хэрэгтэй. Тиймээс энэ жил “Сүрьеэг илрүүлье, эмчлэе, эдгэрүүлье” уриан дор сүрьеэтэй тэмцэх ажлуудыг хийхээр төлөвлөсөн байна. Манай улсад жил бүр 4000 гаруй сүрьеэгийн шинэ тохиолдол бүртгэгдэж, зуун мянган хүн амд 100-аас дээш тохиолдол бүртгэгдэж байна. Номхон далайн баруун бүсийн 37 орноос сүрьеэгийн өвчлөл өндөртэй долоон орны нэг. Сүрьеэ нь хүн амын нас баралтын шалтгааны зургаадугаарт, халдварт өвчний шалтгаантай нас баралтын нэгдүгээрт орж байна. Сүрьеэтэй тэмцэх, сэргийлэх чиглэлээр Глобаль сангийн дэмжлэгтэй сүрьеэгийн төсөл манай улсад 2003 оноос хэрэгжиж эхэлсэн байна. Энэ хүрээнд 2016 оны зургадугаар сарыг дуустал зургаан удаагийн төслийг хэрэгжүүлж дуусах юм. Үүний үр дүнд сүрьеэгийн илрүүлэлт, өвчлөл, нас баралт тодорхой хэмжээнд буурчээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top