“Хууль бус үйлдэл, хил дамнасан малын хулгайтай тэмцэх нь” сэдэвт зөвлөгөөн болж байна

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 25

“Хууль бус үйлдэл хил дамнасан малын хулгатай тэмцэх нь” сэдэвт зөвлөгөөн Увс аймгийн Улаангоом хотноо өнөөдөр буюу гуравдугаар сарын 25-ны өдөр зохион байгуулагдаж байна. Зөвлөгөөнд Монголын талаас ХЗЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Э.Зоригт, ХХЕГ-ын Штабын дарга, хурандаа Ц.Гансүх, Хил хамгаалалтын газрын дарга, хурандаа Д.Мөнгөнжин нарын төлөөлөл, ОХУ-ын талаас Тувагийн Дээд хурлын Аюулгүй байдал, хилийн асуудлаарх байнгын хорооны дарга Бартына Сады, ОХУ-ын Тувагийн БНУ-ын эдийн засгийн гадаад харилцааны агентлагийн дарга Ч.Оандар, ОХУ Кызылийн хэсгийн ХБЭТ хурандаа Фисечко нарын төлөөлөл оролцож байна. Мөн Увс, Баян-Өлгий, Завхан зэрэг хилийн аймаг, сумдын удирдлага, хууль хяналтын байгууллагын төлөөлөл, хилийн ангийн захирагч нар оролцож буйгаараа өргөн цар хүрээтэй арга хэмжээ болж байна.

Үйл ажиллагааг ХЗЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Э.Зоригт нээж үг хэлсэн бол ХХЕГ-ын Штабын дарга, хурандаа Ц.Гансүх үндсэн илтгэлийг тавилаа.  

Монгол Улс, ОХУ нь тусгаар тогтнол, нутаг дэвсгэр, улсын хилийн халдашгүй дархан байдлыг харилцан хүндэтгэх зарчмыг баримталж хилийн дөрвөн аймаг, 16 сумын нутаг дэвсгэрээр хил залгаж хил хамгаалалтыг зохион байгуулж байна. Тиймээс ч 2010 оноос  360 удаагийн 704 хүн хилийн зөрчил гарсан бөгөөд жилээс жилд зөрчлийн тоо буурч байгаа нь Монгол-Оросын хилчдийн хамтын хүчин чармайлт, хууль хяналтын байгууллагын ажлын үр дүн гэж талууд дүгнэлээ. Зөвлөгөөнөөр хил дамнасан хууль бус үйлдэл, малын хулгайн зөрчил түүнтэй тэмцэх, нөлөөлж буй асуудлын талаар талууд ярилцаж, цаашид хамтран ажиллах талаар зөвлөмж гаргалаа. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top