Б.Баатархүү:Байгаадаа сэтгэл хангалуун явах шиг сайхан зүйл үгүй

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 01

Өлгийтэй нялхас хийгээд өтөл буурлууд, эрдэмтэн мэргэд хийгээд эрх мэдэлтэн, өндөр шилэн хауст тухлах эрхэм хийгээд өргөн дэлгэр Монголынхоо хаа нэгтээ орших жирийн иргэн, үүнийг бичигч би болоод хичээнгүйлэн уншигч та ч гэсэн ГУРВАН САЯЫН НЭГ юм. Тийм болохоор бид энэ булангаараа Монгол Улсын гурван сая иргэний нэг хэн бүхний амьдрал, ажил үйлсийн амжилт бүтээл, ая данг уншигч танаа хүргэхээр зорьж байгаа билээ. Бидний энэ удаагийн “ГУРВАН САЯЫН НЭГ” булангийн маань зочин бол Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Б.Баатархүү юм. Өнөөдөр дөрөвдүгээр сарын нэгэн буюу Инээдмийн баярын өдөр. Тиймээс бид монголын хошин урлагийн нэгэн содон төлөөлөл болох түүнийг ийнхүү урьсан хэрэг.


9-р ангиа төгсөөд ГОК-ийн зусланд амарч байгаа нь

ЭСГИЙ ГУТАЛ ХИЙДЭГ ХҮН БОЛМООРГҮЙ БАЙСАН УЧИР ЦЭРЭГТ ЯВАВ

Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан жүжигчин Б.Баатархүүг Монголын тайз дэлгэцийн урлаг тэр дундаа хошин урлагийн ертөнцөд хэдийнэ өөрийн гэсэн өнгө төрхийг бий болгож, үзэгч түмэндээ хайрлагдаж чадсан нэгэн гэдэгтэй хэн ч маргахгүй биз. Түүний бага нас бусад хүүхдийн л адил цагаахан дэггүйтэл, цайлган инээмсэглэл, урлагт дурласан гэнэн шохоорхолтой. Аав нь цэргийн хүн учир цэргийн хүн цагаан зээр хоёр нутаггүй гэх үгийн дагуу л хаана томилогдоно тэнд нь тэдний гэрийнхэн шилжиж амьдарсан гэдэг. Ээж нь мөн цэргийн холбооны мэргэжилтэй. Тиймээс 1979 онд Д.Сүхбаатарын нэрэмжит хоёрдугаар арван жилийн сургуульд Дуламсүрэн багштай нэгдүгээр ангид элсэн орсон Б.Баатархүү тавдугаар сургууль руу математикийн Сүрэн багшийн ангид шилжин суралцаж байгаад улмаар аав нь Эрдэнэтэд ажиллахаар томилогдсон учир наймдугаар ангиасаа Эрдэнэтийн нэгдүгээр арван жилийн сургуульд шилжин суралцжээ. Ерөнхийдөө сурлага тааруу ч ангийнхаа урлаг соёлын ажлыг аваад гарчихдаг тийм л хүүхэд байсан гэдэг. Ер нь СУИС-д хамт суралцсан жүжигчин Аглуу, Доржсүрэн гээд ангийн нөхөд нь бараг л бүгд сурагч байхдаа алиалагч болдог байсан тухай ярьж байсан гэнэ. Б.Баатархүү ч тэдний нэгэн адил урлагт дурласан хүүхэд байж. “Ямар сайндаа манай Дооёо, Аглуу хоёр чинь аравдугаар ангийнхаа хонхны баярт оролцоогүй ш дээ. Шалгалт шүүлгээ ч өгөөгүй. Эрдэнэтэд тоглолт хийнэ гэж тухайн үедээ сая төгрөгийн тасалбар авч очоод, тэндээ балраад зочид буудлын барьцаанд байх үед нь бид танилцаж байлаа. Манай хоёр том санаж, том хөдлөх гээд баларчихсан хэрэг. Тэгээд гэрийнхэн нь буудын барьцаанаас очиж авч байсан юм” хэмээн нөхдийнхөө тухай гэгээн дурсамж хүүрнэнэ. Тухайн үед тэрээр Эрдэнэтийн хүүхэйлдэйн дугуйланд явдаг байсан гэнэ. Харин сургуулиа төгсөөд сурлагаар жагсаахад Орост хөнгөн хүнсний ТМС-ийн хуваарь түүнд таарч, мань хүн ч ТМС-д явахгүй гэж татгалзсан учир Төмөр замын техникумын машинистийн анги оногдсон ч мөн л техникумд ч явахгүй гэж гүрийжээ. Сүүлдээ Эрдэнэтийн эсгий, эсгийн гутлын ТМС-т суралцахаар болсон ч эсгийн гутал хийдэг хүн болно гэж үү гэсэн бодол дотроос нь хатгаад цэрэгт явахаар шийдсэн байна. Энэ хүсэлдээ хүрэхийн тулд нэлээд тэмцэх хэрэг гарсан гэдэг.

-Цэрэгт явна гэхэд аав тань эхлээд дургүйцэж байсан гэдэг. Яагаад ер нь цэрэгт явахаар шийдсэн юм бэ?

-Аравдугаар ангиа төгсөөд сурлагаар жагсаахад оноогдсон Оросын  хөнгөн хүнсний ТМС, Төмөр замын техникумаас аль алинаас нь татгалзчихсан байсан юм. Тэр үед улс хүнээ хаядаггүй байсан үе л дээ. Тиймээс дээрх хоёр сургуулийн алинд ч яваагүй байж байтал есдүгээр сарын гурванд Эрдэнэтийн эсгий, эсгий гутлын ТМС-аас ирээд “За сургуульдаа суу. Ингэж хаяж болохгүй” гэдэг юм байна. Тэгээд яахав яваад очлоо. Дэвтэр, үзэг өгч байна. Тэгснээ удахгүй хувцас өгнө гэв. Нийтээр нь каракул захтай драпан пальто, нэг хачин малгай гээд янз бүрийн юм өгдөг, улсаас хангамжтай байсан үе. Ингээд хичээлдээ ортол эсгий гутал хийдэг л хүн болох гэж үү гэж бодогдоод болдоггүй. Тэгтэл үеийн хүүхдүүд цэрэгт явлаа энэ тэр гэхээр нь хөөрөөд ерөөсөө цэрэгт явья гэж шийдээд цэргийн зарлангаа өөрөө хөөцөлдөж байж аваад иртэл аав “Чамайг цэрэгт явуулахгүй ээ. Чи юм сур. Дарга нартай ярьчихлаа” гээд цэргийн зарланг маань урчихдаг юм байна. Тэгэхээр нь дахиж хөөцөлдөж байгаад цэргийн зарлангаа авахад аав минь намайг ойлгосон л доо. За за эр хүний үзэх юмыг эртхэн үзчих. Хүн өлсөж үхдэггүй юм шүү. Хоолноос болж нэр хүндээ алдав гэдэг ганцхан зүйл захиад явуулсан. Зүүнбаянгийн 132 гэж тухайн үедээ 1000 хол гаруй цэрэгтэй том хороо байлаа. Цэрэгт татагдаад тэнд хуваарилагдаад очиход 800 шинэ цэрэг очиж байсан юм. 700 гаруй хал цэргүүд байлаа. Цэргүүдийг ер нь боловсролоор нь дүгнэнэ л дээ. Тэгээд шинэ цэргүүдийг нэг том зааланд оруулаад “За аравдугаар ангийн боловсролтой цэргүүд бос” гэхэд 800 цэргээс зургаан цэрэг л босч байлаа. Бичиг үсэг үл мэдэгч гэхэд 200 гаруй цэрэг босч байлаа ш дээ.

-Бусад нь бол яахав бичиг үсэг тайлагдсан л хүмүүс байж, тийм үү?

-Бичиг үсэг тайлагдсан, наймдугаар анги төгссөн байсан. Тэр үе чинь их ороо бусгаа үе байсан юм. Тэгэхэд улсаас шоронд байсан, шоронгоос гарах гэж байсан хүмүүсийг бүгдийг нь аваачаад цэрэгт явуулчихдаг байсан юм. Хоёр жил. Тэр үеийн цэрэг диктатур, диграм ихтэй байсан үе. Удахгүй хувьсгал гараад л.

-Ардчиллын хөдөлгөөн өрнөөд цэрэгт хөл хорио тогтоочихсон, орон нутгийн чөлөө олгохоо байчихсан тэр үед л цэрэг байжээ дээ?

-Яг тэр үед байсан. Цэргийн ангиудаар явж янз бүрийн ухуулга сурталчилгаа хийх вий гэж хамгаалалт авдаг байсан. Ер нь бол янз бүрийн юм болбол байлдааны бэлэн байдалд байсан үе л дээ. Хороондоо нэмэгдэл харуул гардаг, жижүүр маш хариуцлагатай гардаг. Орой болгон тоо дансалгаа ихтэй. Орой үдэш янз бүрийн гадна дотны хүн явуулахгүй, тийм бэлэн байдал зарлачихсан байсан үе. Нэг өглөө босоод ирэхэд л бид нарын 12 төгрөгөөр авдаг байсан дүнсэн тамхи маань дэлгүүр нь хаагдчихсан, гурван төгрөг ерэн мөнгөний боорцог маань үнэ нь нэмэгдчихсэн. Олдохоо больчихсон байсан үе л дээ. Юм хүндэрч байна даа л гэж тухайн үед бодож байсан. Тэгээд яахав албаа хаагаад Эрдэнэтэдээ ирээд хүүхэлдэйн театрт орж ажиллах болсноор урлагтай салшгүйгээр холбогдож эхэлсэн дээ.

-Цэргээс ирсэн залуу яаж яваад Эрдэнэтийн хүүхэйлдэйн театрт орчихов оо?

-Эрдэнэтэд намайг шилжиж очиход манай ангийн долоо, найман хүүхэд хүүхэлдэйн дугуйланд явдаг байсан юм. Тэдний харахаар их гоё. Байсхийгээд л хичээлээс чөлөө аваад л, тоглолтод оролцоод л. Тиймээс би ч гэсэн энэ дугуйланд явж үзэх юмсан гэж бодож байгаад шалгалт өгсөн чинь тэнцээд, дугуйландаа хоёр жил гаруй явж байгаад цэрэгт явсан юм л даа. Мөн тэр үед үйлдвэрлэлийн сургалтад хүүхдүүдийг явуулдаг байсан юм. Тэр нь их гоё. Хүүхдүүд өөрсдийнхөө сонирхсон мэргэжлээр хичээлийн хажуугаар суралцаж ажилладаг байлаа. Манай ангийн ихэнх хүүхдүүд ГОК-т орно гэсэн бодолтой, ээж аавууд нь ч тийш нь оруулна гэсэн бодолтой хөвгүүд токорь, цахилгаан, гагнуурчны юманд явна, охид нь бас тэр чиглэлээр янз бүрийн юманд явна. Тэгэхэд би шууд нийтийн хоол руу орсон л доо. Тогооч больё, гэдсэнд ч амар өлсөхгүй гэж бодоод л. Бас хоёр жил гаруй явдаг юм. Зургаан сар гаруйд ногоо хэрчинэ, арилгана гэх мэтээр бэлтгэгч хийж байгаад сүүлдээ тогооч болоод “Намуун” гэдэг ресторанд ахлах тогооч хийж байгаад, сүүлд нь “Сэлэнгэ” ресторанд ажиллаж байгаад цэрэгт явсан юм.  Тэгээд л цэргээс халагдаж ирээд Хүүхэлдэйн театртаа орсон хэрэг.

-Хүүхэлдэйн дугуйланд ч яваад, тогооч ч хийгээд, хичээлдээ ч суугаад юм юмыг амжуулдаг сэргэлэн хүүхэд байжээ. Тэгэхдээ л урлаг таныг сонирхолыг арай л илүү татаад байсан бололтой?

-Тийм байх. Намайг цэргээс халагдаж ирээд хүүхэлдэйн театрт ороход хүүхэйлдэйн театрт Эрдэнэтийн хөгжимт драммын театр гэж байгаад шатчихсан байсан юм. Шатсан байшинг ашиглаж болохгүй гэсэн акт гарсан учир Хөгжимт драммын театр Горнёк соёлын ордон уруу нүүгээд, талийгаач Хүрлээ багш маань “хэдүүлээ үүнийг босгоод өөрсдөө орчихьё л доо” гэснээр бид хоёр жил хэртэй шатсан байшиндаа засвар энэ тэр хийж байгаад орж байлаа.

НҮДНИЙ ШИЛНИЙ ГЭРИЙГ ГАР УТАС БОЛГОН ГАНГАРАХ ОЮУТАН НАС

Ийнхүү Эрдэнэтийн хүүхэлдэйн театрт ажиллаж байсан түүнийг мөн л Доржсүрэн, Аглуу хоёр очиж СУИС-д орооч гэж уруу татжээ. Өмнө нь тоглолт хийнэ гэж очоод шатаж байсан хоёр ирээдүйн том жүжигчид маань тэр үед хашралгүй дахиад л тоглолт хийхээр очсноор Баатархүүтэй уулзаж, “Чи энд ингэж байхаар СУИС-д шалгалт өгөөч” гэж өдөөж өгсөн гэдэг. Тэрээр хоёр найзынхаа хэлснээр СУИС-д шалгалт өгч тэнцээд 1993 онд тус сургуульд оржээ. Тэр жил найзыгаа уруу татсан хоёр ч СУИС-д шалгалт өгснөөр тэд нэг ангид тохой нийлүүлэн суух болсон байна. Тэрээр “Ч.Найдандорж багштай манай анги тун гайгүй хүүхдүүдтэй байсан шүү. Драммын театрын өндөр Түвшин байна, Аглуу, Дооёо, дуучин ДЗИ, нэг нь Японы Эн Эйч Ки телевизэд ажиллаж байна, нэг нь Германы драммын театрт Азиудын дүрийг хуйхлаад л байж байна. Хоёр нь Америкт байна. Монголд байгаа үлдсэн хэд нь бол мэргэжлийнхээ ажлыг хийж байна даа. Манайх чинь анх СУИС-д 24 хүүхэд ороод, түүнээсээ үндсэн найман хүүхэд төгсөөд, дээрээсээ дөрвөн хүүхэд орж ирээд 12 уулаа төгсч байлаа” хэмээн ангийнхнаараа бахархан ярина. Бас болоогүй ангийн дарга байсан гэж байгаа. Тэдний энэ мундаг ангийнхны паян ч мундахгүй. Нэг удаа сургуулийнхаа дээвэр дээрээс зургаа, долоон тагтаа барьж алаад ангидаа чанаж идэхээр болж. Гал тогооноос сав гуйж аваад кабелийн төмөр утсаар богино холбоо үүсгэн чанаж байгаад сургуулийнхаа тогийг хоёрондоо нам унтраан баригдаж орхиж. Шоронгийнхны  хэрэглэдэг энэ аргыг Баатархүү цэргээс сурч ирсэн байна. Тэгээд тэр аргаа хэрэглэж хоол хийж иддэг баатрууд болсон нь энэ. Үүнээсээ болоод тайзны ярианы нэг багшдаа тагтаа барьж өгөх үүрэгтэй болж, үүргээ биелүүлээгүйгээс дүн нь буурч, хэдэн тагтаа барьж өгснөөр дүнгээ өсгөж явсан гээд хөгжилтэй дурсамжууд дүүрэн. За тэгээд Хятад уруу найруулагчийн сургуульд явсан найзынхаа зараад мөнгийг нь явуулаарай гээд явуулсан архи, бас бус зүйлийг өрөөндөө байлгасаар хэнд хэдийг өгснөө мэдэхээ байж, ор мөргүй болгож байсан, дөнгөж утас гарч ирж байх үед S4 утсыг дуурайлган нүдний шилний хар гэрийг өнцөгт нь цоолоод, түүндээ балны бөгс хийгээд гудамжаар утсаар ярьж байгаа дүр эсгэн явах гээд яриад байвал их юм бий.

Ч.Найдандорж багштай СУИС-ийн нэг ангийнхан.

-Оюутан болсон хүн оюутны байранд амьдарч байж л жинхэнэ оюутны амьдралыг мэдэрдэг гэдэг. Та байранд сууж байв уу, эсвэл...?

-Хоёр жил гаруй оюутны байранд амьдарсан. Эрдэнэзаан, одоо АНУ-д сурч байгаа драммын театрын жүжигчин байсан Алтанбагана гээд залуу, сүүлийн үед олон киноны зургийн дарга хийж байгаа Одгийв бид дөрөв нэг өрөөнд амьдардаг байлаа. Нөгөө гурав маань албаны ёсны, миний хувьд бол гадуур байгаа нэртэй тэр гуравтайгаа амьдардаг байсан юм. Тэгж байтал Заанаа маань эхнэртэйгээ танилцаад, өрөө нь бараг шилжээд хувцас нь манай өрөөнд, өөрөө эхнэрийнхээ өрөөнд байдаг болсон доо. Оюутан байхад өлсөнө. Тэгээд  Заанаагийн өрөөнд орж хоолыг нь буудна. Заримдаа тэр өрөөгөөр байх жишээтэй л байлаа.

-СУИС-ийнхан бас бусад сургуулийнхаа бодвол энд тэнд нууцаар ч гэсэн очиж тоглоод, хөтлөгч хийгээд мөнгө олоод байдаг давуу талтай ш дээ. Та нар тийм юм хийж байгаагүй юм уу?

-Биднээс хойш тийм болсон л доо. Одоогийнх шиг гоё нээлттэй байгаагүй ш дээ. Ер нь энд тэнд юманд тоглуулах дургүй. Энд тэнд юманд тоглох юм бол багш нар зайлаарай чи л гэнэ. Яагаад гэвэл штанпанд орно, эвдэрнэ гэдэг байсан. Манай ангид Мөнхтуяа гэж охин байсан юм. Их хөөрхөн кинонд тоглож хүрч ирээд багшид загнуулаад, ангиасаа хөөгдөж байлаа. Би тэр үед ангийн дарга байлаа. Энэ хамгийн анхны тод жишээ болоод бүгд айдаг, юманд тоглодоггүй байлаа. Тэгээд ч тэр үед одоогийнх шиг тийм олон аж ахуйн нэгжүүд байгаагүй. Хувийн байгууллагууд их цөөхөн, мөнгөтэй газар их бага байсан.

-Гэхдээ бас хэд гурваараа нийлээд хөдөө гадаа тоглолтоор явах тохиолдлууд байсан юм биш үү?

-Тийм юм байсан л даа. Нэг удаа би толгойлоод “Батзаяа ба түүний дүү нар” гэсэн тоглолт Багануурт хийж байлаа. Тэр үед Дэмидээ ах, Хүрлээ, Энхтуул, Одончимэг, Өлзийхүүгийн ангийнхан “Батзаяа ба түүний нөхөд” гэсэн тоглолт хийдэг байсан юм. Тэгэнгүүт нь сэмээрхэн орны даавуун дээр “Батзаяа ба түүний дүү нар” гэж бичүүлж аваад ангийнхантайгаа Багануур гараад шидчихсэн. Багануурт очоод л маргааш нь тоглох гээд Гандангаар нь ороод л “туслаарай” гэж гуйгаад л явж байлаа. Тэгээд хөөрхөн орлого олсон шүү, бид нар. Би олсон бүх мөнгөө дундаа тавиад л хуваахад бид зургаа зургаан мянган төгрөг авч байлаа. Тухайн үед гайгүй мөнгө шүү дээ. Нэгдүгээр курсын төлбөр 32 мянган төгрөг байсан юм. Тэгээд бид ингэж болох юм байна гэсэн бодолтой болсон. Дооёо, Аглуу хоёр гудамжны сандалтай нэг ноймер хийдэг. Түүнийгээ бас энд тэнд очиж тоглоно оо. Заримдаа хөөрхөн мөнгө авна. Нэг нэг чокобай ч аваад явж байсан үе бий. Автобусанд өгөх мөнгөгүй, чокабайгаа кондукторт өгөөд л загнуулаад хоёр буудал яваад хөөгдөөд бууж л байлаа. Ер нь бол ихэнхдээ алхдаг л байсан даа. Манай ангид Бараа гэж хүүхэд байсан юм. Одоо талийгаач болчихсон. Тэр маань сургуулийнхаа хажуугаар урагшаа наймаанд явна. Тав дахид яваад бүтэн сайны өглөө ирээд зах дээр гарна. Орлого нь гайгүй бол ангийнхандаа авдар пийжүү, янз бүрийн ногоонууд авчирна. Хааяадаа сайхан хууранд оруулна. Сайхан л байдаг байлаа даа.

Аглуу, Дооёо хоёртойгоо "Азтай бадарчин"-д азтай байв.

Бид бас төгсдөг жилээ “Аура 108” гэдэг хамтлаг байгуулаад тоглолт хийж байлаа. Манай хамтлагт салхи Дамбий буюу Бямбацогт, Чаминчулуун багш, Золбоот, Доржсүрэн, Аглуу, би, Баярмаа гээд нэг эмэгтэй жүжигчин, Батбаяр гээд наймуулаа. Улаанбаатар хэд тоглоод, хөдөө орон нутгаар тоглоод хонхны баярынхаа бүх зардлыг хийчихэж байсан юм. Би мөнгө төгрөгөө барина. Хамтлагийн маань захирал нь Золбоот. Ингэж явсаар бид Эрдэнэтэд хамгийн сүүлд тоглоод би мөнгөө тоолоод сууж байсан чинь Чаминчулуун багш ороод ирдэг юм. Тэгж байтал захирал за яаж байна гээд ороод ирсэн чинь багш “гар чи” гээд хөөгөөд гаргачихаж билээ. Уг нь захирал чинь жинхэнэ оролцох ёстой хүн ш дээ. Бид дараа нь яриад л үхтлээ инээлдэж байлаа.

ДАХИАД Л ДООЁО, АГЛУУ....

Их сургуульд байхдаа анхны гэж хэлж болох хошин урлагийн хамтлагийг нөхөдтэйгөө нийлж байгуулж, бас ч үгүй хэдэн газраар тоглоод үзчихсэн жүжигчин маань сургуулиа төгсөөд мөнөөх л Эрдэнэт рүүгээ явжээ. Учир нь тэрээр улсын зардлаар суралцсан учир тэндээ очиж ажиллах ёстой болсон аж. Ингээд хоёр жил гаруй ажиллаж байхад нь дахиад л Аглуу, Дооёо хоёр очиж “Чи энд ингэж байж байхаар хот руу очоо” гэснээр улсынхаа нийслэлд ирж амьдрах болсон байна. Тэрбээр Эрдэнэтээс хотод ирээд хошин урлагийн “Х” ТҮЦ хамтлагт орж, энэ л хамтлагтаа хамгийн удаан жил буюу найман жил ажилласан байна. Дараа нь 2008 оноос  Хүрлээ, Амбий хоёртойгоо  “Комеди арт” хамтлаг байгуулан ажиллаж байгаад одоо чөлөөт уран бүтээлч хийж байгаа юм. Тэрбээр “ХТҮЦ” хамтлагийнхаа тухай “энэ хамтлагаас л бүх зүйлийг сурч уран бүтээлч болох гараагаа эхэлсэн гэхэд болно. Миний гарыг ганзаганд, хөлийг дөрөөнд хүргэж өгсөн чадалтай сайхан хамт олон. Өдий дайтай яваа минь энэ хамт олон, мэргэжил нэгт нөхдийн минь буян шүү дээ” гэж ярина.  Тус хамтлагийн “Сэргээш” цувралд бүтээсэн түүний дүрийг та бүхэн тод санаж байгаа биз. 

Зураг түүх өгүүлнэ ээ гэж...

-Та нэг хэсэг согтуу хүний дүрд их тоглодог байсан. Тэрийгээ ч их сайн гаргана. Яагаад ер нь дандаа согтуу хүний дүрд тоглоод байсан бэ?

-“Сэргээш-1” дээр согтуу хүний дүр гаргасан юм. Тэр дүр маань хүмүүст их хүрч, намайг хэн ч мэддэггүй үед олонд танил болгож өгсөн л дөө. Тэр нь цаашаагаа явсаар тоглолт болгон дээр л шахам чи ингээд гарчих гэгдээд л явчихсан хэрэг. Тухайн үед Онон ах, Одноо эгч хоёрынхоо үгэнд л орно шүү дээ. Сүүлдээ ч яасан их согтуугийн дүрд гардаг юм бэ, боль чи гээд загнуулж л байлаа.

-Тэгвэл анх томчуулд тоогдож тайзан дүр авч байсан үеэ эргэн дурсвал?

-Мэдээж ярьсанчлан оюутан байхдаа тоглож л байлаа. Гэхдээ хамгийн анх аваргуудтай “Инээдмийн түц” гэдэг хамтлагт тоглож байлаа. Тэр хамтлагт манай хошин урлагийн бүх томчууд байсан юм. Тэнд Дооёо, Аглуу, МС, Бооёо бидэнд тайзан дээр үг хэлэх нүх олддоггүй байлаа. Дэмидээ ах, Онон, Лхагвасүрэн ах, Өлзийхүү, Оюундарь, Энхтуул, Урнаа гээд бүгд томчуул. Тэдний хажуугаар үг хэлэх нүх олдохгүй, яаж нэг үг хэлэх  вэ гэж боддог үе байлаа. Тэгж байтал нэг боломж тааруут нь үсрээд л гарчихсан. Тухайн үед их туранхай, гэдсээ татчихаар хавирга нь хэрзийгээд хонхойгоод орчихдог байсан юм. Тэр олдсон боломж нь хүмүүс зодолдохоор дагаж хөөрөөд л далдагнаад байдаг, тэгж тэгж хөөрөлдөө ухаан алдаад уначихдаг хөгийн гарыг харуулдаг жижигхэн хэсэг. Тэрэнд гараад орхисон чинь үзэгчид аймаар хүлээж авсан. Тэгээд л акулууд маргаашнаас энийгээ унагаахгүй хийгээрэй гээд л. Нөгөө хэдээ бодвол нэг гараатай болж байлаа. Харин дэлгэцэнд бол хамгийн анх “Пэпсиг шинэ үеийн сонгож байна” гэсэн видио кинонд Заанаатай цуг тоглож байлаа. Тухайн үедээ л гайгүй кино болж байсан юм.

-Жүжигчид нэг сайхан түүхэн дүрд л тоглочихвол гэдэг. Бараг жүжигчин болгоны мөрөөдөл байх. Танд ийм мөрөөдөл бий юү?

-Жүжигчин бүрийн мөрөөдөл л дөө. Түүхэн кинонд тоглочихвол гоё шүү дээ. Тоглочих юмсан гэж боддог.

-Сүүлийн үед манайд кино үйлдвэрлэл эрчимтэй сайн явагдаж байна. Үүнийг миний хувьд л лав зөв зүйл гэж хүлээж авдаг юм. Ингэж байж л хөгжинө гэж. Таны хувьд?

-Сайн шүү дээ. Хөгжихийн цондон. Хөгжиж ч байгаа. Хуучин бол байж байж л нэг, хоёр кино гардаг. Түүнийг нь хүссэн хүсээгүй хүмүүс үзчихдэг. Зарим кино нь шатчихлаа гэхээр бусад нь айгаад хийдэггүй л байсан. Одоо бол арай л өөр болсон. Миний хувьд сүүлийн үед гарч байгаа кинонуудаас Содураг их сайн кино болсон гэж бодож байгаа. Аргагүй хөрөнгө, мөнгө зарсан, цаг хугацаа шаардсан бүтээл. Энэ кинонд талийгаач Амбий маань маш сайн тоглосон. Би хоёр удаа үзсэн. Эхний удаад нь юм л бол уйлчих гээд байсан. Хоёр дахь удаад нь нэлээд тайвшраад их анхааралтай үзсэн. Дуу хөгжим, зураг авалт, тэр байгаль үнэхээр гайхалтай. Сайн кино болсон гэж бодож байгаа.

-Ингэхэд өөрөө кино хийе гэж боддог уу?

-Янз бүрийн хүмүүс кино хийж байна, мэргэжлийн, мэргэжлийн бус. Манай найз нар ч чи нэг кино хийгээч, хамаа байхгүй мөнгө төгрөг дээр нь туслая гэдэг л юм. Тэгэхээр нь нээрээ хийж үздэг ч юм уу гэж бодно оо. Нүдэн хүмүүс кино хийгээд томроод байхаар бас хийчихмээр санагдаад л. Тэгээд яг хийе гэхээр өөртөө итгэдэггүй юм шиг байгаа юм. Ер нь ч өөртөө итгэлгүй л дээ. Хүний тэр сайхан итгэл, мөнгө төгрөгийг дэмий юманд шатаагаад хаячихвий дээ гэж бодогдоод л. Тэгснээс зүгээр кинондоо тоглоод явж байсан нь дээр ч юм шиг. Кино хийлээ гэхэд марктенгийн асуудал энэ тэр гээд бөөн юм болно. Тийм юмнаас нь санаад зовоод байдаг юм. Ер нь тэгээд хөөцөлдлөгөө их муутай. Хүний юм хөөцөлдөхөөрөө их сайн. Ичихгүй ороод гуйж барихаар их хурдан бүтээчихдэг. Тэгсэн хэрнээ өөрөө өөртөө гуйхаараа чаддаггүй юм. Орохоосоо ичээд л, ярьж ч чадахгүй.

-Жаахан нэрэлхүү зантай байх нь ээ дээ?

-Тэр чинь жинхэнэ байна.

-Тэгвэл та дүрдээ, зохиолдоо хэр шалгуур тавьдаг вэ?

-Мөнгөний боломж, бололцоо гайгүй үед тааруу зохиол таарвал зөвшөөрөхгүй л дээ. Мэдээж хүний амьдралд мөнгө хэрэгтэй учраас мөнгө муутай үед бол цалингаа гайгүй аятайхан тохирчихвол тоглоод л хаячихна. Одоогоор тийм л байна. Айхтар стандарт хэмжээ тогтоогоод л байгаа айхтар жүжигчид бараг байхгүй байх аа.

-Тийм бол энд тоглочих юмсан гэж дурлаж байж тоглосон дүр бий юү?

-Содура л байна даа. Энэ кинонд тоглосноор очиж үзэхийг хүсч байсан газраа үнэгүй очиж үзэхээр болчихож байгаа юм.  Зүгээр үзээд буцах биш тэнд амьдрах цаг хугацаа гараад ирж байгаа юм. Хоёрдугаарт, тэнд зуун хэдүүлээ нэг дор амьдрах их сонирхолтой, тэгээд хөвч тайгад зураг авна гэдэг миний хувьд их гоё байсан. Эндээс 38 цаг явж очдог газар. Хөвсгөл ороод тэндээсээ цаашаа 16 цаг явж очиж байгаа юм, Цагааннуурт. Би дархадын гурван сумаар орж үзэх юмсан гэж их боддог байсан юм. Тэгээд газрын зураг дээрээс очих газраа хараад их догдолж байсан. Бараг худалч хүнд арван хэдэн жил боддог байсан. Ийм болохоор энэ кинонд мөнгөгүй явахад ч бэлэн байсан. Тэгсэн чинь Балхжав захирал дуудаад л явья гээд л явсан. Үнэхээр гоё байсан.


АМЬДРАЛААС ОЛЖ АВСАН ХАМГИЙН НАНДИН ЗҮЙЛ НЬ УРЛАГИЙН АМЬДРАЛ БОЛООД ТҮҮНИЙ ХАНЬ, НАЙЗ НӨХӨД

Хорвоогийн амьдрал эрээн бараантай, хүмүүний амьдрал жаргалтай зовлонтой. Тийм ч учраас амьдралын шалгуур түүнийг тойроогүй. Шалгах шалгахдаа зөвхөн түүнийг биш, ар гэр, найз нөхдийг нь, түүнд хайртай бүхнийг шалгасан гэхэд болно. Харин тэр шалгуурыг хайртай бүхнийхээ хүчээр даван туулаад урлагийн тайзан дээрээ биднийгээ инээлгэсээр байгаа нь бахархалтай. Түүнийг хорт хавдар хэмээх хүнд өвчин тусаад эдгэснийг уншигчид маань санаж байгаа байх. Тэр үед монголын урлаг соёлын ертөнцийнхөн түүнд туслахаар бүгдээрээ сэтгэл нийлэн зүтгэж байхад түмэн олон түүгээр бахархаж, дэмжиж байлаа. Харин дараа нь тэрээр “Үзэгчдийн хайр хүндэтгэлийг хүлээсэн жүжигчин болжээ гэж өөртөө бардахаас илүү намайг урлагт хөтөлж өдий зэрэгт хүргэсэн хүмүүст л баярлаж байлаа. Урлагийн тогоонд хамт буцалж ирсэн хамтран зүтгэгч хамт нөхөд минь  л намайг өдий зэрэгт хүргэсэн. Тэдэнгүйгээр Баатархүү миний бие урлагийн тайзан дээр оршихгүй шүү дээ. Миний төлөө зохиогдсон арга хэмжээнүүд Б.Баатархүүг ямар хүн гэдгийг биш, харин монгол хүнд л заяасан тийм халуун сэтгэлийг л харуулсан. Монголчуудын нэгнээ гэсэн энэ сайхан чанар магадгүй дэлхийн өөр улс оронд байхгүй байх. Энэ муу өвчинг эдгээх хамгийн сайн эм бол сэтгэлийн их тэвчээр, ирээдүйн тухай сайхан бодол. Тэрийг зөвхөн найз нөхөд л олж өгдөг юм байна лээ. Тэгээд ч ард түмнийхээ энэ их хайранд үхэх эрх байхгүй” хэмээн нэгэнтээ ярьсан нь бий. Мэдээж энэ бүхний ард бат зогсч чадсан түүнийг гэргийг энд дурдахгүй байхын аргагүй. Хүчирхэг эр хүний ард түүнээс ч хүчирхэг эмэгтэй байдаг гэсэн нэг үг бий. Түүний хань Ганбатыг найз нөхөд, мэддэг хүмүүс нь тэгж үнэлдэг юм билээ. Тийм ч учраас жүжигчин маань амьдралаас олж авсан хамгийн наднин зүйлээ “Урлагийн мэргэжил маань. Энэ мэргэжлийг сонгоогүй бол би өдийд ямар ч яваа билээ. Мөн амьдралынхаа ханийг их зөв сонгосон юм болов уу. Хүнд хэцүү үед ч үргэлж миний дэргэд байдаг хань минь, найз нөхөд минь” хэмээн тодорхойлсон биз ээ.

Гэр бүл. Түүний эхнэрийг М.Ганбат гэдэг. Орос англи хэлний орчуулагч мэргэжилтэй.  Тэд гурван хүүхэдтэй. 

 -Ингэхэд та чинь оюутан байхдаа ангийнх нь шинэ жилийг бэлдүүлж өгөөд л, гэргийгээ аваад суучихсан гэдэг бил үү?

-Тийш дээ. 1995 оны өвөл, шинэ жилээр Багшийн дээдийн гадаад хэлний сургуулийн шинэ жил болох гээд бэлдүүлээд өгөөч гэж өндөр Түвшингээс гуйсан юм билээ. Тэгэхэд нь би цуг очсон юм. Тэр үед миний харснаар тэр ангийн хамгийн гайгүй охин нь манай хүн байсан. Тэгээд тэр шинэ жилээр танилцаад л цагаан сараар гэрт нь ороод суучихсан ш дээ.

-Тэгээд хадмындаа нэлээд удаан амьдраад, монголын анхны реалити шоу  гэж хэлж болох “Шинэ байр” шоунд орж, байр хожиж байсан байх аа. Энэ шоунд орох санаачилгыг хэн нь гаргасан бэ?

- Тухайн үед шоу зохион байгуулсан Виван продакшн тухайн үеийн баян гэсэн 10 байгууллагаа сонгож, байгууллага бүрээс хоёр оролцогч оролцуулаад жилийн хугацаатай төсөл хэрэгжүүлсэн юм. Тэр үед нь манай хүн МСМ-д ажиллаж байсан юм. Тэгээд тэндээс нь чи орчих, танай хүн урлагийн хүн юм чинь гээд, тэгээд л орсон доо. Сүүлдээ ч энэ худлаа байхаа гэж бодоод л, замын голоос нь би нэг хэсэг хаяад л, тэгж ингэж явсаар байгаад л жил болчихсон ш дээ. Сэргээш хийж байсан үе болохоор зурганд явахаас өөр аргагүй болчихсон юм. Тэр хооронд манай хүн ганцаараа нэлээд үзсэн л дээ. Ингээд түрүүлээд гурван өрөө байр авсан. Одоо тэр байрнаасаа гарч чаддаггүй, тэндээ л амьдарч байна. Байгаадаа сэтгэл хангалуун байх шиг сайхан зүйлгүй. Одоогоор энэ байр маань бид тавд болоод л байна. Гэхдээ их сонин. Хадмуудтайгаа олон жил хамт амьдарч байгаад тусдаа гурван өрөө байр аваад орсон чинь муухай санагдаад, буцаад микро руугаа явмаар бодогдоод л. Архи уугаад жаахан согтчихоороо хэзээний л тийшээгээ явчихсан байна. Өглөө сэрээд л өө би ийшээ явах ёстой ш дээ гэж бодно. Заримдаа жаахан хэтрүүлчихсэн үед найз нөхөд ч тийшээ л аваачаад өгчихсөн байна. Тийм л байсан. Одоо тэгээд энэ байрнаасаа гарч чадахгүй л байна.

Гурван бурхантайгаа

-Тэгвэл хамгийн их баярлаж байсан үеэ дурсвал?

-Олон байлгүй яахав. Мэдээж хамгийн анх хүүхэдтэй болж, аав болсон минь хамгийн том баяр байсан. Дараа нь байрны тэмцээнд ороод бичиг баримтыг аваад, за үнэхээр л минийх болчихлоо гээд л баярлаж байлаа. Мөн хүнд үед бүх талаар дэмжсэн найз нөхөд, үзэгч түмэндээ маш их баярлаж байлаа. Хүнд үед минь түшиг тулгуур болж байсан олон сайхан найз нөхөдтэй л дөө.

-Урлагийн хүмүүст ер нь их олон найз нөхөдтэй байдаг юм шиг ээ?

-Тийм шүү. Гэхдээ их сонин шүү. Олон найз нөхөдтэй болдог ч цагийн хугацаанд арилах нь арилаад л, үлдэх нь үлддэг. Заримдаа ингээд л тоглолтгүй байна ш дээ. Тэгэхээр алга болчихдог, тэгээд тоглоод эхлэхээр гараад ирдэг, сайн уу найз минь гээд хүрээд ирдэг хүмүүс байна. Гэтэл байнга хажууд байдаг олон сайхан найз нар байна. Хамаатнаас ч илүү анд нөхөд олон бий шүү.

-Та ер нь хэр сайн хань вэ?

-Бусад сайн хүмүүстэй жиших юм бол бага, муу хүмүүстэй жиших юм бол хамаагүй илүү. Эр хүнийхээ үүргийг биелүүлээд л явж байдаг хүн дээ. Манай эхнэр ч тийм шуналтай хүн биш. Байраа томруулмаар байна, машинаа томруулмаар байна, хүүхдээ том сургуульд оруулчихмаар байна гээд байхгүй. Байгаадаа сэтгэл хангалуун. Болно оо болно, болно ш дээ гээд л. Би ч өөрөө тийм. Цаашаа нэг их шунаад яваад байж чаддаггүй юм. Ер нь байгаадаа сэтгэл хангалуун л амьдрах хэрэгтэй. Шунаад л яваад байвал хүний шунал хүсэл хязгааргүй шүү дээ.

-Тэгвэл та хоёрт зөрөлдөх юм байдаг уу?

-Бор дарснаас л болж хааяа зөрөлдөнө дөө. Бусад нь бол гайгүй шүү. Бор дарс уусан үедээ буруу шийдвэр гаргачих гээд л, хэтэрхий хөөрөөд л хамаагүй юм цацчих гээд л байдаг талтай.

-Танай гэргийг их хүчирхэг, мундаг эмэгтэй байдаг гэдэг?

-Их дуугай, алсуураа бол намайг базчихна. Хэрүүл хийхгүй. Таг дуугай болно гэдэг бол их том ял юм байна ш дээ. Яаж ч болдоггүй. Ярихгүй байна гэдэг хамгийн том шийтгэл юм билээ.

-Та өөрөө хэр удаан дуугүй гүрийж чадах вэ?

-Би чинь их гүрийлээ гэхэд хоёр гурван өдөр л болно. Тэгээд л цаашаа барахгүй. Буултыг бол би л хийнэ. Манай хүн чинь бол арав гаруй хоног гараад л явчихна шүү дээ /инээв/.

-Та ер нь хэр сэтгэлийн хөөрөлтэй вэ?

-Бага ш дээ. Гэхдээ самсаа шархирмаар юманд бол уяхан. Ютүб энэ тэрээс бичлэг үзэж байгаад л Америкийн авьяастан энэ тэр дээр нэг хүүхэд гарч ирээд л тас авахад уйлчих жишээний.  Морь уралдаад ороод ирэхэд уйлчих жишээтэй. Ер нь сүүлийн үед нас яваад ч тэр үү жаахан юманд нулимс ойрхон болоод байгаа. Тэнд нэг хүн эмгэнэлтэй юм ярьвал эвгүй болоод л нулимсаа цааш нь татаж авах гээд л унадаг. Цаашаа татах гээд мэрийгээд байх тусам наашаа гарах гээд ч байгаа юм шиг санагдаад л байдаг юм билээ.

Ийнхүү бидний яриа өндөрлөж байна. Түүний хийсэн бүтээсэн, туулсан амьдралын түүхийг нэгэн ярианд багтаана гэдэг бүтэшгүй зүйл. Ямар ч байсан тэрээр хийж бүтээхийн хүсэл тэмүүлэлтэй, хийж бүтээсэн юмтай, хэлэх үгтэй хийсэн бүтээлтэй нэгэн гэдгийг та хүлээн зөвшөөрөх биз. Хурдан моринд дуртай, түүнийхээ төлөө хэзээ ч гараад давхихад бэлэн, уяхан сэтгэлтэй ч бардам зангийн тунг нь тохируулах хэрэгтэй гэж үздэг түүний сэтгэлийн ертөнц нэгээхэн хэсэг нь энэ. Инээмсэглэл гэх гайхамшигт эмээр үзэгч олныхоо сэтгэлийг эмчилж байдаг гэгээн үйлсийн зам чинь үргэлжийн гэрэлтэй байг ээ.

Та бүгдэд Инээдмийн баярын өдрийн мэндийг хүргэе. 

Ш.Анхтуяа

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(182.160.43.140) 2015 оны 04 сарын 04

Chi uneheer chadvartai mundag jujigchin shu. Togloson dur buhen chini humuusiin setgeld shuud hurch chaddag. Ene yariltslagiig unshaad bas uhaantai engiin bolovch aygaa hun yum gesen setgel torloo. Tanai ger nild az jargal husie.

0  |  0
miiga(182.160.40.14) 2015 оны 04 сарын 02

sain jujuigchin sh de.bas ih niitech,hamt olontoi yum shig sanagdsan.bieiig ni uvduhud naiz hunud ni taliigaach amibiid uzuuleegui tusaa hurgej baih bsan.avgai ni harin manai nuhurtei adilhan yum bn .manai hun hereldeheeree 4-7 honog gereesee yavchihdag,zantai.ene bol mash teneg asuudal.40-50 hursen humuus gents heruul hiisenii tuluu ger oron ur huuhdee orhij olonhonogoor yavna gedeg adgiin teneg uzegdel..tegeed yu ch boloogui yum shig ineegeed orood irehig ni yana..yag 20 jil iim baidaltai bn ,minii huvid..uneheer zalhmaar..

0  |  0
өндөр болгох нууц(112.72.13.173) 2015 оны 04 сарын 02

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
MaxH(103.229.122.26) 2015 оны 04 сарын 02

An hiideg humuus uudluhgui ee baigalaa hairaldgui novshh!!!!!!!

0  |  0
zichin(27.123.214.110) 2015 оны 04 сарын 01

chinii duu khooloi bol taiznaas sonsolgvi khezvv . bas chi khvn dagj bvv daldagnaj bai tend khamtlag baiguulna chi baidag Agluu Dooeo demdeetei khamtlag baiguulsan khaana bna Daraa ni Amibii Xvrleete baiguulsan khaana bna odoo imoocd dvv nartaigaa calin abaad buyaniig ni daagaad amidaraarai chi ch dee

0  |  0
kkk(103.26.193.211) 2015 оны 04 сарын 01

Baatarkhuu jujigchin Dorjsuren Agluu 2-oos 4 akh shuudee. Ajillaj baigaad neg angid orsoniig ene bichigch oilgoogui umuudaa.

0  |  0
Top