Дуучин Ч.Алтантүлхүүр: Мал дагавал ам тосдоно гэдэг үнэн

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 16

 Гол дүр” булангийн энэ удаагийн зочин бол “Малчин түмний” тодотголт дуучин Чантуугийн Алтантүлхүүр. Тэрээр “Зүүдэлж жаргах амраг”, “Ямар их хайр вэ? зэрэг олон сайхан дуугаараа та бидний танил болсон билээ.  “Залуу хүн завгүй байна гэдэг бас нэгэн төрлийн аз жаргал юм байна” хэмээн өгүүлэх түүний тоглолтын бэлтгэлийн цагаас хумслан байж ярилцлаа.

- Бидний урилгыг хүлээн авсанд баярлалаа. Юуны өмнө өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу?

- “Гол дүр” –ийн хүндтэй зочин болж байгаадаа баяртай байна. Би Дорноговь аймагт төрж өссөн. Говь-Алтай аймгийн Бугат сумын уугуул.  Зургаан наснаасаа л эхлээд сургуулийн  урлагийн үзлэг, аймгийн "Яргуй наадам" зэрэгт байнга оролцдог идэвхитэй хүүхэд байлаа. 2001 онд СУИС-д элсэн орж, 2007 онд дуурийн гоцлол дуучин мэргэжлээр төгссөн. Төгссөн даруй УДБЭТ-т дуучнаар орж 6жил ажилласан.  Одоогоор бие даан уран бүтээл туурвихаар театраасаа гараад байна.

Тоглолт тань болох дөхөж байна. Бэлтгэл ажил ямар шатандаа явж байна вэ?

- Эхлээд тоглолтын тухай жилээр, улирлаар яригддаг байлаа. Дараа нь сараар, долоо хоногоор яригдсаар одоо бол хоногоор яригдаж байна. Гэхдээ тоглолтын бэлтгэл ажил маш богино хугацаанд хийгдээд ерөнхийдөө дуусч байгаа. Тоглолт хийнэ гэдэг том ажил байдаг юм байна. Тоглолт гэдгийг хүссэн бүхэн нь хийчихдэг тийм амар ажил ч биш бололтой. Гэхдээ л чадна гээд эхэлсэн болохоор сайхан тоглолт хийхийн төлөө хичээж байна. Энэ том ажлын ард гарахын тулд асар олон хүн хүч хөдөлмөр зарж байгаа болохоор өөртөө итгэл дүүрэн, зорилго тэмүүлэлтэй ажиллаж байгаа.


- Дуучин Ч.Алтантүлхүүр яагаад малчны сэдэвтэй дуу дуулах болов?

- Уран бүтээлч хүн үргэлж эрэл хайгуул хийж байх ёстой. Тэр утгаараа би таван хошуу малын тухай, малчны сэдэвтэй дуу сүүлийн жилүүдэд үнэхээр орхигдсон байсныг олж харсан. Гэтэл монголчууд бид чинь мал, малчны тухай тоолж барамгүй сайхан дуутай ард түмэн шүү дээ. Эндээс л тухайн сэдвийг сонгож дуулах бодол төрсөн. Энэ бодлоо ч УГЗ Бямбабаяр ахдаа хэлэхэд дэмжсэн. Мөн хөгжмийн зохиолчид болон хөгжим судлаачид ч энэ сэдвийн дуунууд үнэхээр орхигдсон байж гэдэгтээ санал нийлж байгаа.  Хэдийгээр би энэ тухай сэдэвчилж дуулж байгаа ч миний цомогт ч маш цөөхөн дуу орсон. Өшөө цаана нь хэд л бол хэдэн цомог гаргаж болохуйц утга, уянга хосолсон дуу бий.

- Малчны сэдэвтэй хуучны дуунуудаас гадна шинэ дуу зохиолгож, дуулах бодол байгаа юу?

- Би яг энэ сэдвийн дуунуудыг 2013 оны эхнээс эхлэн дуулсан. Түүнээс хойш  хөгжмийн зохиолч, яруу найрагчид мал, малчны сэдэвтэй дуунуудыг надад өгсөн. Гэвч миний хувьд эхлээд дуулчихсан байгаа дуунуудаа хүмүүст хүргэчихээд дараагийн ээлжинд шинэ дуунуудаа дуулахаар нотыг нь хадгалчихсан байгаа.

- Таныг өөрийнхөө нэрээр нэрлэсэн сан байгуулсан гэж сонссон. Сангийнхаа тухай танилцуулаач?


- Би саяхан “Итгэлийн Алтантүлхүүр сан”-г байгуулсан.  Сангийн үндсэн зорилго нүүдэлчин соёл уламжлалаа авч үлдэхэд чиглэх бөгөөд үйл ажиллагааны чиглэл нь малчиддаа туслахад оршино. Сангийн эхний ажил болгож “Color music” студи, Монголын хөгжмийн зохиолчдын холбоотой хамтраад таван хошуу малын маллагаа, уламжлалт нүүдэлчин соёл ахуй бүхнийг багтаасан сэдэвтэй дууны уралдаан зохион байгуулах юм. Одоогоор удирдамж нь гарчихсан байна. Цаашид ч олон сайхан ажлуудыг хийх төлөвлөгөөтэй.  

- Тоглолт хийх цаг тань болсон гэдгийг өөрөө мэдрэв үү, хэн нэгэн хэлэв үү?
- Би багаасаа л урлагтай их ойр хүүхэд байсан. Тэр ч утгаараа дуучин болно гэж боддог байлаа. Олон жил хүсч мөрөөдөж байсан болохоор тоглолт хийе гэсэн санааг өөрөө л гаргасан.

- Та багаасаа л дуулж хуурдах дуртай, дуучин болох мөрөөдөлтэй охин байсан гэлээ. Гэхдээ дуулах авьяасыг аав, ээжийнхээ хэнээс нь өвлөж авсан бэ?

- Би дуулах авьяасыг аав ээж хоёрынхоо хэн хэнээс нь авсан гэж боддог. Тэд маань тайзан дээр гарч дуулж байгаагүй ч маш сайхан дуулдаг хүмүүс байдаг. Аав ээж хоёр минь миний улаан фэн шүү дээ./инээв/

- Хэрвээ би дуучин болоогүй бол гэж бодож байв уу? 

- Ер нь би дуучнаас өөр мэргэжилтэй байсан бол гэж бодохоор санаанд юу ч орж ирдэггүй юм. Угаасаа л дуучин болох гэж төрсөн хүн бололтой.

- Ч.Алтантүлхүүр тоглолтон дээрээ өөр ямар нэгэн авьяасаа үзүүлэх үү? Бүжиглэх, хөгжимдөх гэдэг ч юм уу?

- Тэр орой дуучин Ч.Алтантүлхүүр зөвхөн ая дуугаараа олон түмэнтэйгээ уулзана. Бүх дуугаа амьд хөгжимтэй дуулна.

- Мэдээж таны тоглолт танхим дүүрэн үзэгчидтэй сайхан болно гэдэгт эргэлзэхгүй байна. Гэхдээ л анхны бие даасан тоглолтоо хийх гэж байгаа уран бүтээлчид, “үзэгчид цуглах болов уу, хэрхэн хүлээж авах бол” гээд айдастай байдаг гэж ярьдаг юм билээ. Харин таны хувьд?

- Баярлалаа. Би ч бас айдас, догдлолын аль алийг нь сэтгэлдээ тээгээд л явж байна. Гэхдээ аль болох алдаа гаргахгүй, миний дууг сонсох гээд зориод ирсэн хүмүүсийн сэтгэлд нь хүрч чадахуйц сайхан тоглолтыг хийхийн төлөө бүх хүчээ дайчлан ажиллаж байгаа. Халуун дулаан сайхан болно гэдэгт эргэлзэхгүй байна.

- Тоглолтынхоо дараа ямар уран бүтээл дээр ажиллах төлөвлөгөөтэй байгаа вэ?
- “Таван эрдэнийн эх орон” төсөл, Итгэлийн Алтантүлхүүр сан” –ийн  маань ажлууд  үргэлжилнэ. Энэ ажлуудынхаа хүрээнд хөдөө орон нутгаар явах төлөвлөгөөтэй байгаа. Би хөдөөгөөр явж тоглох дуртай. Мал дагавал ам тосдоно гэдэг үнэхээр үнэн үг.  Мал, малчны сэдэвтэй дуу дуулснаас хойш хөдөөгийнхөн маань надад мал их бэлэглэж байгаа ш дээ. /инээв/ 

Ер нь дуу дуулах, дуучин гэж хэлэгдэх хоёр хол зайтай юм шиг санагддаг. Ч.Алтантүлхүүр “Би бол дуучин хүн” гэж зоригтой хэлж чадах уу?

- Монгол Улсын СУИС гэдэг нэр хүндтэй өрх айлд ороод таван жил номыг нь үзэж, ногоотой шөлийг нь уучихсан болохоор би бол дуучин хүн. Үүнийг 100 хувь зоригтой хэлж чадна. Гэхдээ цаашдаа сурах зүйл их байгаа.

- Завгүй байх ер нь өөрт тань ямар санагдаж байх юм?

- Мэдээж таалагдаж байгаа. Ялангуяа залуу хүн завгүй байна гэдэг бас л нэгэн төрлийн аз жаргал юм.

Таны гэр бүлийн хүнийг мөн л урлагийн хүн гэж сонссон. Урлагийн гэр бүлийн онцлог юу байдаг вэ?

- Миний хань гэр бүлийнхэн маань намайг хамгийн ихээр туслаж дэмждэг.  Би их азтай хүн. Хань маань миний хамгийн анхны сонсогч, мэргэжлийн шүүмжлэгч төдийгүй чин сэтгэлийн магтаалыг хэлж чаддаг. Миний хань дууны инженер урлаг судлаач мэргэжилтэй хүн. “Соlor music” студийг үүсгэн байгуулсан. Өнөөгийн нийтийн дуучид уран бүтээлчид болон ”Морин хуур” чуулгын бүхий л цомгийг  хийдэг. Амьд хөгжмийн найруулга бичдэг ганц хүн гэхэд хэлсдэхгүй байх. Мөн “Зэрлэг цэцэгсийн хүлэмж”, “Хөх толбот хүмүүс” зэрэг олон томоохон кинонд дууны найруулагчаар ажилласан. 

-Миний асуугаагүй, таны ярих гэсэн зүйл үлдсэн байх?
-Дуучин Ч.Алтантүлхүүр миний анхны бие даасан тоглолтод туслаж дэмжсэн найз нөхөд, ах эгч, хамт олон, хайртай гэр бүлийнхэндээ бүгдэд нь чин сэтгэлээсээ баярлаж талархаж байгаагаа илэрхийлэе. Мөн “Таван эрдэнийн эх орон” төсөл болон “Итгэлийн Алтантүлхүүр сан”-ийн үйл ажиллагааг хамтарч ажиллахаар санал ирүүлээд байгаа хувь хүн албан байгууллагууддаа баярлалаа.  
Монгол Бөхийн өргөөнөө өнөөдөр болох “Таван эрдэнийн эх орон” тоглолтонд тань амжилт хүсье. Таныг урлагийн Янжинлхам бурхан үргэлж ивээх болтугай.

Ярилцсан: А.Алтантуяа

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zoch(202.21.118.98) 2015 оны 04 сарын 17

maliin tuhai duug hen hungui l olon duuchin duuldagshde neeh umchildgiin zarim ni odoo dayarshsan uchraas saihan duug bol yamarch duuchin duulj olond hurgedeg bolson bna Uur meregjliin ur chadvar shaardsan uran buteel hii duu mini meregjliin gej tom yarisan bn

0  |  0
нам дага(202.72.245.122) 2015 оны 04 сарын 16

Одоо ч ”НАМ” дагавал ам тосдоно гэж ярьдаг болж дээ.

0  |  0
өндөр болгох нууц(112.72.13.233) 2015 оны 04 сарын 16

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
kkkk(108.247.248.150) 2015 оны 04 сарын 16

tegeed malaa dagaach... duu duulaj yah n ve dee

0  |  0
Бат(202.70.33.62) 2015 оны 04 сарын 16

Сэргэлэн л хүүхэн байна. Малын хотон дотор үндэсний өвлийн хувцастай, ”малчин түмний минь алдрай” гээд дуулж байх нь нэг л донжтой аятайхан санагдаж байсан. Амжилт хүсье.

0  |  0
Top