ОУВС-гийн ерөнхий хэлэлцээрт оруулах нэмэлт өөрчлөлтийг баталлаа

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 16

Чуулганы хуралдаан үргэлжилсээр байна. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөсөн байсан ч Ерөнхий сайд, Сангийн сайд нар хуралдаанд оролцох боломжгүй байсан учир асуудлыг хэлэлцэхийг хойшлууллаа.

Дараа нь Олон улсын валютын сангийн ерөнхий хэлэлцээрт оруулах нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч, соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Хууль санаачлагчийн илтгэлийг Хууль зүйн сайд Д.Дорлигжав танилцууллаа.

ОУВС-гийн шийдвэр гаргах хамгийн дээд нэгж нь Захирагч нарын зөвлөл ба ОУВС-гийн 188 гишүүн улсыг төлөөлөн ажилдаг нэгж нь Захирлуудын зөвлөл юм. Захирлуудын зөвлөл нь 24 гишүүнээс бүрддэг бөгөөд Захирлуудын зөвлөлийн 5 гишүүнийг ОУВС-д хамгийн их квот эзэмшдэг Америкийн Нэгдсэн Улс, Япон Улс, Бүгд Найрамдах Герман Улс, Бүгд Найрамдах Франц Улс болон Англи Улс бүхий 5 гишүүн улс томилж, үлдсэн 19 гишүүнийг бусад гишүүн улсууд сонгодог байна. Монгол Улсын хувьд БНСУ, Австрали, Шинэ Зеланд, Узбекистан зэрэг нийт 15 улстай нэг тойрогт харьяалагддаг. Тус тойргийн Гүйцэтгэх захирал, Орлогч гүйцэтгэх захирлыг БНСУ, Австрали Улс болон Шинэ Зеланд улс томилон ажиллуулдаг аж.

Монгол Улсын харьяалагддаг тойрогт 15 улс хамаардаг учир шинэчлэлийн үр дүнд Монгол Улс нь шийдвэр гаргах явцад өөрийн оролцоогоо илүү нэмэгдүүлэх боломжтой болох ажээ.

Өнөөдрийн байдлаар ОУВС дахь квотын хэмжээ дэлхийн эдийн засгийн хэмжээтэй харьцуулахад бага байгаа бөгөөд энэ нь ОУВС-гаас санхүүгийн хямралд өртсөн гишүүн орнууд болон бусад гишүүн орнуудад шаардлагатай байгаа хэмжээний санхүүжилтийг олгоход хүндрэл учруулж байна. Тиймээс ОУВС-ийн квотын хэмжээг нэмэгдүүлэх нэн чухал шаардлага гарч буй юм байна.

Энэхүү квотын шинэчлэлээр ОУВС квотын хэмжээгээ хоёр дахин нэмэгдүүлэх буюу одоогийн байгаа 238.5 тэрбум Зээлжих тусгай эрх (ЗТЭ)-ийг 477.0 тэрбум хүртэл нэмэгдүүлэх юм. Тус шинэчлэлийн үр дүнд 61 орны квот нэмэгдэх бөгөөд 53 нь хөгжиж буй орнууд байгаа бөгөөд үүнээс Монгол Улсын квот 51.1 сая Зээлжих тусгай эрхээс 72.3 сая болж нэмэгдэх аж.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороогоор дээрх асуудлыг хэлэлцээд хуулийн төслийг соёрхон батлах нь зүйтэй хэмээн үзсэн бөгөөд чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх мөн дэмжсэнээр Олон улсын валютын сангийн ерөнхий хэлэлцээрт оруулах нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч, соёрхон батлах тухай хуулийн төслийг баталлаа.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өндөр болгох нууц(112.72.13.97) 2015 оны 04 сарын 16

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
Top