Ирц хангалтгүйгээс үдээс хойшхи хуралдаанаар санал хураахаар болов

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 24

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаад завсарлалаа.

УИХ-аас Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийг  2008 онд баталж байсан аж.  Гэвч хуулийн зохицуулалтыг боловсронгуй болгох, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хэм хэмжээг олон улсын түвшинд ойртуулах, салбарын яамд, орон нутгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын оролцоог нэмэгдүүлэх, аж ахуйн нэгж, байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтны гүйцэтгэх чиг үүргийг хуульчлах, ажил олгогч ажилтны хариуцлагыг өндөржүүлэх, хууль тогтоомж зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг тодорхой болгох шаардлага тавигдаж буй юм байна.

Үйлдвэрлэлийн осол 2014 онд 333 бүртгэгдэж, өмнөх оноос 18 хувиар буурсан боловч нас барсан хүний тоо нэмэгдсэн. Ослын шалтгааныг авч үзвэл уналт нуралт, аюулгүй ажиллах арга, барилд хангалтгүй суралцсан, тээврийн хэрэгслийн болон тоног төхөөрөмжийн эвдрэл, гэмтэл, технологийн процесс зөрчсөн зэрэг зөрчил зонхилж байгаа аж.

Мөн мэргэжлээс шалтгаалсан өвчтэй 4505 хүн байгаагийн 3412 буюу 75.7 хувь нь эрэгтэй, 1093 буюу 24.3 хувь нь эмэгтэй, тэдний 83.4 хувь нь хүнд үйлдвэр, геологи, уул уурхайн салбарт хамаарч байна. Түүнчлэн үйлдвэрлэлийн гадна орчин буюу зам талбайд иргэд осол эндэгдэлд өртөж, амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирох явдал гарах болсон.   Иймд хуулийн төсөлд дараах асуудлыг тусгажээ.

1.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахад салбарын яамд, бүх шатны өөрийн удирдлагын байгууллага, Засаг даргын үүрэг оролцоог идэвхжүүлэх. Аж ахуйн нэгж байгууллагад ажлын байрны эрсдлийн түвшин, ажилтны тооноос хамааруулан  хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтан, зөвлөлийг орон тооны болон орон тооны бусаар ажиллуулах, тэдний хариуцах чиг үүргийг нь тодруулах.

2.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал ерөнхий захиалагч, гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгч компаниудын дунд орхигддог, төсөв зардал гаргахгүй байгааг өөрчлөн тусгайлсан гэрээгээр зохицуулах.  

3.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн Үндэсний хорооны салбар хороодыг яамдын дэргэд орон тооны бусаар ажиллуулан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажлын уялдаа холбоог сайжруулах, Хөдөлмөрийн сайдын дэргэд ажиллаж байгаа Үндэсний хороо, яамдын дэргэд байгуулагдах салбар хороо болон аймаг, нийслэл, дүүргийн зөвлөлийн үйл ажиллагаагаа явуулахад шаардлагатай зардлыг зохих шатны төсвөөс гаргах.

4.Аж ахуйн нэгж, байгууллагын үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд шаардагдах зардлын хувь хэмжээг УИХ-ын 2013 оны 20 дугаар тогтоолд заасны дагуу 5.0 хүртэл хувиар нэмэгдүүлэн, уг төсөвлөсөн хөрөнгийн зарцуулалтыг тодорхой болгох.

5.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт зохион байгуулах төрийн болон төрийн бус байгууллагаас явуулж буй хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтын хөтөлбөрийн агуулга, чанар, багш арга зүйчдэд  тавих хяналтыг сайжруулж, зөрчил гаргасан сургалтын байгууллагуудад хариуцлага хүлээлгэх зэрэг зохицуулалтыг тусгаж өгсөн байна.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн М.Батчимэг туслан гүйцэтгэгчтэй холбоотой хөдөлмөр аюулгүй байдлыг яаж зохицуулах вэ гэдгийг тодруулсан бол УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ “Хөдөлмөрийн ажиллах нөхцлийг шинэчлэх шаардлага байна” гэлээ.

Харин УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Хөдөлмөр аюулгүй байдлыг хангахад, стандартыг бий болгоход уриа лоозонгоор ажил явдаггүй, тодорхой зардал шаарддаг. Хууль батлагдсан нөхцөлд аж ахуйн нэгжүүд дээр нэмэлт зардал гарах нөхцөл үүсч байна. Энэ асуудлыг эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүйгээр шийдэх. Зөвхөн ажил олггоч нарт бүх үүргийг хүлээлгэсэн байж таарахгүй.

Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд шаардагдах зардлын хувь хэмжээг 5.0 хүртэл хувиар нэмэгдүүлж байгаа тохиолдолд тодорхой хэмжээг нь татвараас чөлөөлдөг байх. Амь насны даатгалд хамруулахад заавал даатгал байх уу, сайн дурын даатгал байх уу гэдгийг тодорхой болгох. Торгууль, хяналт шалгалт нь нэмэгдсэн, хэтийдсэн хууль батлахгүйн тулд хэлэлцүүлгийн шатанд анхаарах. Хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн тэр дундаа бичил уурхай, мал аж ахуйн салбарт ажиллагсдын аюулгүй байдал, эрүүл ахуйг зохицуулсан хууль батлахад анхаарах. Санд төвлөрдөг 85-90 тэрбум төгрөгийн менежмэнтийг зах зээлийнх нь горимд шилжүүлэх. Болж өгвөл цаг алдалгүй Хөдөлмөрийн харилцааны тухай хуулийг УИХ-д өргөн мэдүүлж, хамтад нь хэлэлцээд батлах шаардлага байна” гэлээ.

УИХ-ын хувьд уг хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдэх юм. Санал хураахад гишүүдийн ирц хангалтгүй байсан тул үдээс хойш чуулган эхлэхээр хуулийн төслөөр санал хураах болж байна. Чуулганы үдээс хойшхи хуралдаан 14.00 цагаас үргэлжилнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top