МХЕГ: Худалдаж авахдаа анхаарах хүнсний бүтээгдэхүүнүүд

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 30

Сүүлийн жилүүдэд манай улсад хүнсний аюулгүй байдлын асуудал хурцаар хөндөгдөх болсон. Ялангуяа гаднаас импортоор орж ирж байгаа хүнсний бүтээгдэхүүний хувьд ард иргэдийн хардлагыг төрүүлэх нь их бий. Импортоор орж ирж байгаа хүнсний бүтээгдэхүүнд манай улс ямар хяналт, шаардлага тавьж хилээр оруулж ирдэг талаар ч иргэдийн дунд мэдээлэл хомс байдаг. Тухайлбал эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүн болох "Хай Хай" сүү хаяг шошгын шаардлага хангаагүй хаанаас орж ирж байгаа нь тодорхойгүй, мөн бидний өдөр тутамд хэрэглэгддэг бэлэн гоймонгууд, солонгос хоолны амтлагчууд, хүүхдийн нүд хуурсан тоглоомтой чихэрүүд, үсний тос, шампунь  гээд дурдаад байвал олон арван бүтээгдэхүүн чанарын шаардлага хангаагүй хэдий ч зах зээл дээр худалдаалагдсаар байгаа нь манай улсын хүнсний аюулгүй байдлын заналхийлэл болсоор байна.

Хүнсний бүтээгдэхүүнийг тайлбар орос, монгол, англи хэлний аль нэгээр бичигдсэн байх ёстой

Манай улсад импортоор орж ирж байгаа хүнсий бүтээгдэхүүний тайлбар нь орос, монгол, англи гэсэн гурван улсын хэлний аль нэгээр нь заавал бичигдсэн байх ёстой. Гурван хэлээр ч давхар бичигдсэн байж бас болдог аж. Мөн тухайн бүтээгдэхүүний чанар аюулгүй байдал алдагдаагүй, зориулалтын тээврийн хэрэгсэлээр тээвэрлэгдсэн байх ёстой гэсэн шаардлагуудыг мэргэжлийн хяналтын ерөнхий газраас тавьдаг байна. Манай улсын хувьд хүнсний бүтээгдэхүүнийг зөвхөн аж, ахуй нэгж импортоор оруулж ирэх эрхтэй байдаг. Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас ийм хяналт шалгалтыг явуулдаг. Тиймээс иргэн та хүнсний бүтээгдэхүүн авахдаа хаяг шошгын зөрчилтэй эсэхийг нь, хадгалалтын горим, тайлбар, үйлдвэрлэсэн хугацаа, шаардлагатай тохиолдолд шинжилгээний бичиг зэргийг нь шалгаж авахад илүүдэхгүй юм. Ийм сонголт хийснээр та өөртөө болон гэр бүлийнхээ эрүүл мэндэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаагаа ойлгох хэрэгтэй. Хүнсний аюулгүй байдал та биднээс ихээхэн хамаарах асуудал юм. 

Өнгөрсөн жилээс эхлэн манай улс импортоор оруулж байгаа хүнсний бүтээгдэхүүнийг эрсдэлийн түвшингээр нь хувааж хяналт шалгалтыг хийж эхлэсэн байна. Ингэхдээ заавал шалгах шаардлагагүй 3500 нэр төрлийн бүтээгдэхүүнийг мэргэжлийн хяналтын ерөнхий газраас жагсаалтаар гаргасан. Харин бусад импортоор орж ирж байгаа хүнсний бүтээгдэхүүнийг эрдэлийн ангилалаар гурав хууваажээ. Үүнд их, бага, дунд эрсдэлээр нь ялгах болжээ.

Бага эрсдэлтэй бүтээгдэхүүн: Уг эрсдэлд хамаарагдах бүтээгдэхүүнд зөвхөн бичиг баримтын шалгалт хийдэг байна. Өөрөөр хэлбэл тухайн орж ирж байгаа бүтээгдэхүүн бичиг баримтын зөрчилгүй байваал шууд оруулж ирэх боломжтой байдаг. Бага эрдэлтэй бүтээгдэхүүн гэдэг нь тээвэрлэлт болон хадгалалтын хугацаанд хүний биед сөргөөр нөлөөлөх хоруу чанар багатай бүтээгдэхүүн бөгөөд хатуу чихэр гэх мэт хүнсний зүйлүүд ордог байна.

Дунд эрсдэлтэй бүтээгдэхүүн: Энэ бүтээгдэхүүнд бичиг баримт болон, орж ирэх үед нь биет үзлэгийг хийдэг . Зөөлөн чихэр, шоколадтай бүтээгдэхүүн гэх мэт зүйлүүд дунд эрсдэлтэй бүтээгдэхүүнд тооцогддог аж.

 Их эрсдэлтэй бүтээгдэхүүн: Эдгээр бүтээгдэхүүнд бичиг баримтын үзлэг, лабораторийн шинжилгээ хийдэг. Үүнд мал амьтны гаралтай бүтээгдэхүүн, түүхий мах гэх мэт зүйлүүд ордог бөгөөд малын гаралтай хүнсний бүтээгдэхүүнээр дамжин малын гаралтай халдварт өвчин гарах магадлалтай хэмээн үздэг байна. Жимс жимсгэнд мөн ялгаагүй хяналт шалгалт тавьдөг бөгөөд бүтээгдэхүүн бүрээс шалтгаалж оруулахыг хориглох шаардлагууд өөр өөр байдаг.

 Дунд сургуулиудад зарагддаг хүнсний бүтээгдэхүүнд хяналт шалгалт байхгүй

Ерөнхий боловсролын сургуулиудын цайны газар, жижиг мухлагуудад харагдах байдлаараа хүүхдийн нүдийг хуурсан, ямар ч хаяг шошгогүй, орц найрлагагүй хямд үнэтэй бүтээгдэхүүнүүд ихээр зарагддаг. Харин энэ асуудалд хяналт шалгалт маш дутмаг байгаа юм. Мэдээж хүүхэд учраас гоё сайханд нь хууртан авч идэх тохиолдол элбэг. Харин эдгээр бүтээгдэхүүнүүд ямар их эрсдэлийг дагуулж байгааг хэн ч мэдэхгүй. Мэдэх хүн ч байхгүй байдаг аж.  Энэ асуудлын талаар мэргэжлийн хяналтын ерөнхий газраас тодрууллаа.

-  Дунд сургуулиудад хаяг шошгын баталгаагүй, урд хөршөөс орж ирсэн чихэр, шоколадууд ихээр худалдаалагддаг? Үүнд ямар хяналт шалгалтыг хийдэг вэ?

- Энэ нь тухайн бүтээгдэхүүнийг зарж байгаа дэлгүүр, газарт гол хариуцлага тооцогдоно. МХЕГ-аас Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа бүх худалдааны цэгүүдэд өдөр болгон шалгалт хийгээд явах боломж байхгүй. Гол нь иргэд, хувь хүн сонголтоо зөв хийх хэрэгтэй байдаг. Баталгаатай ханган нийлүүлэгчээс, баталгаатай газраас, баталгаатай хүнсийг хэрэглэх үү? аль эсвэл муудсан үгүй нь мэдэгдэхгүй муудсан жимсийг боож баглаад зарж байгааг худалдаж авах уу гэдэг нь хувь хүний өөрийн сонголт л болж байгаа юм гэсэн хариултыг өглөө.

   Гэхдээ хичнээн хувь хүний сонголтын асуудал байлаа ч дунд сургуулийн бяцхан сурагчидад баталгаатай газраас баталгаатай хүнс худалдан авах мэдлэг, чадвар боломж мэдээж дутмаг байх нь ойлгомжтой. Харин хоол биш хор зарж байгаа худалдааны газруудад арга хэмжээг хатуу чангаар авах хэрэгтэй юм шиг санагдаж байна. Эдгээр хүүхдийн нүдийг хуурсан зүйлс ганзагын наймаагаар ихэвчлэн орж ирж байгаа. Хуулиндаа хувь хүн хувийн хэрэгцээндээ зориулаад нэг литр хүртэл архи, тодорхой хэмжээний чихэр жимсийг оруулж ирэх нь зөвшөөрөгдсөн байдаг. Харин хувь хүний хэрэгцээндээ зориулж оруулж ирсэн хүнсний бүтээгдэхүүнд ямар нэгэн эрүүл мэндийн, аюулгүй байдлын хяналт шалгалт байдаггүй учраас урд хөршөөс олон төрлийн нян бактер тээсэн жимс, жимсгэнэ, идэж болох үгүй нь мэдэгдэхгүй чихэр шоколад орж ирсээр байгаа юм. Энэ бүхэнд мэргэжлийн хяналтын газрын хүч хүрэхгүй учраас иргэд өөрсдөө л худалдан авалт хийхдээ хяналт хийх хэрэгтэй болж байна.

                                                                                                          Д.Эрдэнэсолонго

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын зөрчилтэй гэж бүртгэгдээд байгаа бүтээгдэхүүнүүд.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
MG(112.72.11.108) 2015 оны 04 сарын 30

Завхан аймгийн мэргэжлийн хяналтын байгууллага нь Завхан аймаг дахь Оргил худалдааны төвийн бараа бүтээгдэхүүнд хяналт тавьдаггүй. Баталгаа нь гэвэл Оргил худалдааны төвийн хүнсний зарим бүтээгдэхүүний хугацаа нь дууссан боловч зарсаар л байна

0  |  0
Top