Т.Гүррагчаа: Эверестийн оройд нь гарч чадаагүй болохоор харамсч байна, 80-тай болсон ч хамаагүй даагаа нэхнэ

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 13

Дэлхийн хамгийн өндөр ноён оргил Эверестэд монгол уулчид авираад ирлээ. 74 настай, олон улсын хэмжээний мастер, гавьяат тамирчин Т.Гүррагчаа гуай Балбад болсон газар хөдлөлтийн үеэр Эверестэд авирч байсан юм. 40 гаруй жил уулын спортоор хичээллэсэн түүнд баяр хүргэсэн, урмын үг хэлсэн хүмүүс утсыг нь зав зайгүй хангинуулна. Харин Т.Гүррагчаа гуай амьд эргэж ирснийхээ баярыг хийж байна гээд тун баяр хөөртэйгээр угтлаа. Тэрбээр ОБЕГ-т сургагч багшаар ажилладаг юм байна.

- Сайн явж ирэв үү?

- Сайн явж ирлээ.

- Олон хүн Эверестийн оргилд авирах хүсэлтэй байдаг. Гэхдээ та 70 нас хүрсэн хойноо ийм зоригтой алхам хийлээ. Яагаад ийм эрсдэлтэй шийдвэр гаргасан юм бэ?

- Бүх тамирчид өөрийн гэсэн зорилго, хүсэлтэй байдаг. Бөх байлаа гэхэд аварга болчихоод зодог тайлах юмсан, чөлөөт бөхийн тамирчин байлаа гэхэд олимпын аварга болчих юмсан гэж боддог. Харин би уулчин хүний хувьд дэлхийн хамгийн өндөр цэг Эверестэд очвол миний сэтгэл ханана. Тиймээс Эверестэд гараад үзье гэсэн бодол тээгээд 5 жил болсон байна. 70 настай байхдаа л ингэж бодох болсон. Өмнө нь Гималайн хоёр ч том оргилд гараад хайрханыг нь харсан болохоор тэр нь намайг гижигдээд хаячихсан. Тиймээс тэр олон жилийн хүсэл мөрөөдлөө биелүүлэхийн тулд би наян настай байсан ч хамаагүй Эверестэд гарна гэж боддог байлаа. Аз болж энэ жил тохироо нь бүрдэж Онцгой байдлын Ерөнхий газрын Бригадын генерал Бадрах гэдэг хүн санаачлага гаргасан юм. Жил болгон ууланд яваад байдаг энэ ямар сонин хүн бэ гээд намайг сонирхсон гэнэ. Тэгээд өнгөрсөн намар танд ямар зорилго байгаа вэ гээд асуусан. Би Гималайд авирвал миний сэтгэл ханана гэсэн чинь манай байгууллага таныг явуулж өгье. Та биеэ бэлд гэсэн болохоор намраас хойш биеэ бэлдсэн.

- Танаас илүү өндөр настай хүн Эверестэд гарсан түүх байдаг уу?

- 74 настай хүн Монголоос анх удаа тэр ууланд хөл тавьсан нь онцлог. Ер нь Гималайд надаас гадна хамгийн хөгшин нь 69 настай хүн гарч байсан юм байна. Энэ бол спортын хувьд  дэлхийд ховор үйл явдал боллоо. Надтай хамт 700 гаруй хүн ууланд гарахад дунд 60 нас гарсан хүн ч алга байна. Чингисийн Монголын бас нэг том сурталчилгаа болж байгаа юм.

- Хөгшин настай хүн гээд бусад уулчид, зохион байгуулагчид таныг харж үзэх юм байв уу?

- Намайг их хүндэлсэн. Зөрөхдөө мэхийж мэндэлдэг, хурал цуглаанд хамгийн эхэнд суулгадаг, бие засдаг жорлонг хүртэл миний майхны хажууд байрлуулж өгсөн гэх мэт сайхан хүндэтгэлтэй хандсан. Бүгдээрээ намайг хэр хүч чадалтай байна, энэ гарч чадах болов уу гээд их сонирхож байсан шүү. Би бол бэлтгэл хийж байхдаа л хаяад тасраад явчихна. Хүн болгон баяр хүргэж байсан.

- Эверестэд гарахад таны төсөөллөөс өөр байв уу? Цаг агаар нь ямар байсан бэ?

- Төсөөлөл бол бараг байна. Гэхдээ өдөр болгон тийм харанхуй манантай байна гэж бодоогүй. Эверстийн ноён оргилд баруун хойноосоо байнга хүчтэй салхи гардаг. Яндангийн оройг утаа тойроод тогтсон байдаг шиг яг тийм манан будантай. Тэгээд үдээс хойш цасан шуурга болоод хойлго нь орилоод доошоогоо явчихна. Яг нар буухаас өмнө л  амжиж майхандаа орохгүй бол дулаацдаггүй. Миний мишок -40 хэмийн хүйтнийг эсэргүүцдэг. Гэтэл дангаараа жиндээд болохгүй, юм давхарладаг байсан. Шөнөдөө заримдаа -40 хэдэн градус, заримдаа -52 градус хүрнэ. Байнга тийм хүйтэн агаараар амьсгална гэдэг хэцүү юм билээ. Хоолоо тэр дор нь идэхгүй л бол хөрчихнө. Тийм болохоор өвчлөл их. Хүйтэн залгиад зарим нь нүүр ам нь хавдаад болохоо болиод буцаж байсан.

Өдөр нар нь хурц гэж яана. Тийм байхад л цас, мөс нь хайлдаггүй. Монголд бол малд явахад их хүйтэнд хацар хайрчихдаг. Харин тэнд шууд хөлдөөнө. Чийглэг уур амьсгалаар дамжиж хүйтэн шууд нөлөөлөөд байх шиг байна. Цас орсон байхад ийм хүйтэн байх гэж гээд гайхсан. Монгол хуурай уур амьсгалтай учраас хүйтэн агаар өнгөцхөн нөлөөлдөг байх нь. Тийм онцлог юм байна.

-Та гайгүй юу? Ямар хоол унд идэж байв?

- Би гайгүй. Борцоороо хоол хийж идчихээд байж байдаг. Тэндхийн хоол надад зохихгүй юм байна лээ. Хүйтэн болох тусам л халуун ногоотой хоол хийж өгөөд байдаг. Хоёр удаа л тахианы шарсан гуя идлээ. Монгол хоол л нүдэнд харагдаад байдаг юм билээ. Тэгээд тогоочтой нь танилцаад хоёр годгор борцыг буцалгачихаарай гээд сонгино сармис хийгээд иддэг байсан.

-Таныг ууланд авирч байхад газар хөдлөлт болсон. Хоёр гурван хоног холбоо тасарсан. Яг юу болсон юм бэ?

- Том мөсөн оргил, хадан оргил зэрэгцсэн байдаг юм билээ. Хавцал дагасан  мөс нь хайлсаар байгаад голоороо зам гарч цагаан суварга шиг болсон байдаг. Намайг тийм мөсөн ирмэг дээр явж байхад гэнэт газар хөдөлсөн. Зогсоход л чихтанаж дуугараад хавирсан. Хад, мөс чинь хавирдаг юм байна. Газар хөдөлж байгаа нь мэдэгдээд, цагаан манан болоод хад нураад ирэхээр мөсний хоёр тал руу ороод алга болсон. Эверестийн тэр хавиар хүржигнээд л байсан. Тэгэхэд л цаал талдаа цас нуурж байж л дээ. Маш богино хугацаанд, хэдхэн секунд газар хөдөлсөн. Хэрэв  30, 40 секунд болсон бол тэгээд дууслаа. Би лав доошоо орох байсан.

-Тэр үед юу бодогдож байв?

- Энэ доошоо ангал гараад унах бол хоёр гурав харайгаад гарч болох бол уу? Эндээс хад нураад ирвэл зугтаагаад том хадны цаагуур орно шүү гээд ойр зуурын юм бодлоо. Тэгээд намдахаар нь бушуухан зугтлаа шүү дээ. Ядраад удаан явж байсан хүн чинь гялалзтал доошоо буугаад явсан. Би маргааш нь тэр үед их л айсандаа гээд бодож байлаа. Яг л үхэх юм байна гэж. Юун ядрахтай манатай. Майхандаа иртэл дотор нь байсан юм хазайгаад  эмх замбараагүй болсон байна лээ. Тэгээд 5200 метрт байрласан нэг хонож очдог бааз руугаа явсан. Явах замдаа л эндээс газар нурвал ийшээ зугтаана гээд хэдэн том чулуу дотроо бодчихсон, төлөвлөгөө зохиочихсон байлаа. Тэгээд дахиж газар хөдлөөгүй, бүгдийг нь хөөгөөд буулгасан. Харин дээр байсан ачаа ирэхгүй, авирах, авирахгүй гэдэг нь тодорхойгүй найм хоносон. Балбын Засгийн газрын сайд нар хуралдаад найм хоногийн дараа авируулахгүй гэсэн шийдвэр гараад, буцсан.

- Хамт явсан Б.Цэвээндаш яасан бэ?

- Б.Цэвээндаш бид хоёр тусдаа, өөр өөр компаниар явсан. Хааяа уулзахгүй 4, 5 хононо. Заримдаа дээр байна, заримдаа буугаад ирчихсэн л байдаг. Харин газар хөдлөлт болсны дараа 8 хоног хамт байсан. Хаа яваа нь мэдэгдэхгүй хэд хоночихоод мэнд усаа мэдэлцээд явж байлаа.  Б.Цэвээндаш шиг ингэж уран бүтээлийн төлөө явж байгаа хүн ховор. Гангаамаа, Өсөхбаяр нарын явсан замаар явж байгаа залуу. Аймар замаар явж байсан юм байна. Миний насны хүн тэр хүйтнийг, тийм хоол ундыг, хол замыг даваад явах яггүй л юм байна.

Тэнд байнгын холбоо гэж байгаагүй. Өндөрт гараад сүлжээ байхгүй, утас ч цэнэггүй болсон. Тэр хооронд сураггүй алга болсон гэж зарлагдсан юм байна лээ. Өндөр хөгжилтэй орнууд бол нисдэг тэргээр ирээд л хүнээ аваад явчихдаг. Ширпан гээд ууланд амьдардаг балбууд уулчдад зам зааж, тусалж хоолоо олж иддэг хүмүүс байдаг. Тэд нар сүүлд ачаа барааг маань зөөж өгсөн. Бушуухан оргох шахуу явсан даа.

- Та яг хэдэн метрийн өндөрт гараад буцсан юм бэ?

- Тэгэхэд 6445 метрийн тэмдэглэгээ дээр хоночихоод 7000  метрт дөхөж байсан. Би  тэнд 4-р сарын 16-нд очоод 4-р сарын 26-нд газар хөдлөх хүртэл байсан.

- Эверестийн ноён оргилд гараагүй болохоор танд жоохон харамсал байв уу?

- Харамсалгүй яахав. Газар хөдлөлтөд өртөж үхээгүй нь баяр. Гэхдээ 8000 метрийн өндөрт гарахад тийм ойрхон хүрээд байгалийн гамшигаас болж гарч чадаагүй учраас сэтгэл дундуур л байна. Дахиад мөнгө төгрөгийн боломж олдвол 75, 76 бүр 80 нас хүрсэн ч даагаа нэхээд авирч л таараа. Арай дахиад нурахгүй байлгүй дээ /инээв/. Уулчин болгон л мөн харамсалтай буцлаа даа гэж байгаа.

Яг оргилдоо гараагүй, санасандаа хүрээгүй болохоор манай дарга нар хэвлэлийн хурал зарлахаар нь жаахан санаа зовоод байна. Амьд ирнэ гэдэг хувь заяа. Намайг дэмжсэн ОБЕГ-ынхан, гэр бүлийнхэн, Ховдын Манхан сумынхандаа баярлалаа. Аймгийн Засаг дарга хүртэл сая төгрөг, төрийн далбаа өгөөд явуулсан. Би ах дүү аравуулаа. Найм нь маргааш цуглах гэж байна. Би тахир дутуу болоогүй, харин ч бүр эрүүл  болоод ирж байхад уулзах хэрэг байна уу гэхэд заавал уулзана гээд байна лээ. Тэр их аюултай юманд яваад амьд гараад ирэхэд уулзалгүй яахав гэж байна лээ.

-Таны зардлыг ОБЕГ гаргасан гэсэн. Яг хэдэн төгрөг өгсөн бэ? Зардалдаа хүрсэн үү?

- Онцгой байдлын албаны бүх офицеруудын нэг өдрийн цалинг хандивласан. Нийт 110 сая төгрөг өгсөн. Тийм мөнгөтэй байж л явахаас өөр арга алга. 40 сая гаруй доллараар нь Эверестэд авирах зөвшөөрөл авдаг. Газарчин, байр, хоолны үнэ нь ордог. Өөрөө 3500 доллартай яваад юу ч үгүй ирсэн. Мишок, гутал тус бүр 1000 доллар. Нүдний шил, бээлий зэрэг ойр зуурын юм аваад буцахдаа мөнгөгүй болсон. Бие засах сав хүртэл авдаг. Дотуур өмд хөлрөхөөд хайраад байдаг болохоор өмссөнийгөө хаяад сольж өмсдөг юм байна. Зургаан дотуур өмдтэй явлаа шүү дээ.

- Наашаа ирэхдээ мөнгөгүй хүн яаж аргалж ирэв ээ? 

- Катмандугаас буцахад өглөө ганцхан хоол өгдөг байсан. Б.Цэвээндаш нэг хоол авчирч өгсөн. Тэгээд л өөрт үлдсэн хоёр, гурван доллараар аргалж ирсэн. Солонгосын онгоцны буудал дээр шөнийн 01 цагт буугаад маргааш орой нь 08 цагт нисэх хүртэл мөнгөгүй хүн чинь юм идэхгүй явлаа. Харин огт хэл мэддэгүй япон жуулчинтай таарч, билетийг нь захиалж, учрыг нь олж өгөөд ус, идэх юм авч хувааж идээд ирсэн.

- Хэлний асуудлаа яаж шийдэж байсан бэ?

- Хэлний асуудал хамгийн хэцүү нь байсан. Балбаар хоолны нэр, цаг гэх мэт ойр зуурын үг мэддэг болсон. Англиар бас ганц хоёр үгтэй. Энэ хэдэн үгээ хольж хутгаад дохиогоор ойлголцоод явсан. Нохой хамартаа хүрэхээр усч гэгчээр янз бүрийн аргаар л ойлголцож байлаа.

- Амьд мэнд ирсэн гээд олон хүн баяр хүргэж байх шиг байна. Гэрийнхэн чинь таныг үдэхдээ юу захиж байсан бэ?

- Манайхан эсэн мэнд яваад ирээрэй, олон жилийн туршлагатай юм чинь та чадна. Хамгийн гол нь битгий яар, мөнгө харамлаж болохгүй. Яг зориулалтын хувцас, тоног төхөөрөмж аваарай гэсэн. Тэр дагуу л бэлдээд явсан. Тэгээд энд онгоцноос шөнийн 01 цагийн үед буухад гэрийнхэн, ОБЕГ-ынхан амьд цэцгийн баглаа, мөнгөн аяга сүүтэй угтсан. Би бүр ичиж байлаа. Амьд уулзсаны баяр, газар хөдлөөгүй бол оргилд нь гарах боломж бүрэн байсан байна гээд угтсан. 

- Та 40 гаруй жил ууланд авирахдаа хэдэн оргилд гарснаа тооцож байсан уу?

- Тооцож байгаагүй. Давхардсан тоогоор 166 ууланд авирсан. Алтай Таванбогдод гэхэд жилд 4,5 удаа гарах жишээтэй. Цаст Гималайн хоёр том оргилд өмнө нь гарсан. Тэр туршлагаараа авирч байгаа юм. Огт авирч байгаагүй хэрнээ Эверестэд гарна гэдэг бол хэцүү. Би одоо туршлагатай болсон, хувцас бэлэн учраас улам хорхой хүрээд байна.

- Уулын спорт их эрсдэлтэй. Энэ олон оргилд гарч байхад хамгийн эрсдэлтэй, хэцүү даваа нь аль байв?

- 1998 онд Алтай Таванбогдод нисдэг тэрэгтэй гадны уулчидтай яваад осолд орсон. Азаар нэг ч хүн амиа алдаагүй. Онгоцны нисгэгч цонхоороо шидэгдчихсэн байсныг татаж гаргаж байсан. Бас 1990 оны намар Казахстан, Киргизийн хил дээр 7000 гаруй метр өндөр, харандаан үзүүр шиг Хан тэнгэр гэдэг аюултай уул руу авирсан. Намайг авирч байх үед ууланд авируулахгүй гээд хаадаг үе нь таарч. Тэгэхээр нь би нимгэн хувцастай залуугийн аагаар шөнө оргож авирсан. Тэгэхэд Чехийн нэг уулчин амиа алдаж байсан.  Тэгтлээ танхай авирч байсныг бодоход би ясны уулчин юм шиг байгаа юм. Өөрийгөө тэнгэрт заяатай, уулын хийморьтой хүн гэж омогшдог. Миний оргил, дээд тэнгэр намйг харж байгаа гээд сэтгэл өөдрөг, муу юм боддоггүй шүү.

- Ер нь уулчин хүнд ямар чадвар, зан чанар хамгийн чухал байдаг юм бэ?

- Хамгийн гол нь маш тайван байх хэрэгтэй. Уурлах юм бол алдаа хийнэ. Хүнлэг сайхан чанар хэрэгтэй. Ууланд авирсны ачаар 74-тэй гэхэд ийм эрүүл байна. Эрүүл мэнд бол хамгийн том баялаг. Би Чингисийн талбайгаас гүйгээд л нэгдүгээр хороолол орчихно.

- Таны ийм хөнгөн шингэн, эрүүл байгаа нь юутай холбоотой вэ? Та өдөр тутам ямар дасгал хөдөлгөөн хийж байна?

- Өглөө болгон гүйхдээ биш. Сайхан унтаж байгаад үдээш хойш ч гүйдэг. Хотод утаа ихтэй бол Богд уулын араар гүйнэ. Гүйхгүй бол дороо бие хүндэрдэг. Тэрийг л өөрийн сэтгэлийн  тэнхээрээг ялж авахгүй, залхуурах юм бол амьсгааддаг, ядардаг болно. Цаг алдалгүй л дарж авахгүй бол дороо таргална. Уралдааны морь шиг өөрийгөө сойдог. Манай гэр Ховдод байдаг. Агаар, идэж байгаа хоол нь хүртэл оригналь. Мах идлээ гэхэд шинээрээ. Зун бол хэдэн айлаар явж цагаа иднэ.

- Хоолны дэглэм хэр барьдаг вэ?

- Сүү, тараг, жимс, ногоо ихтэй хөнгөн хоол их иднэ. Лавшаа, цагаан будаатай хоол бараг идэхгүй. Мах идвэл бага зэрэг иднэ. Би архи уудаггүй, тамхи татдаггүй.

- Танай гэр бүлийн хүнтэй танилцъя. Хүүхдүүд чинь спортоор хичээллэдэг үү?

- Хүүхдүүдээ бүгдийг нь номоор явуулсан чинь залхуу болчихдог юм байна. Одоо 40, 50 гарсан, хөгширсөн хүмүүсийг яахав дээ. Бага хүү маань циркийн жүжигчин. Нугардаг урлагийн хүнд чинь уул зохихгүй.  Тэгээд ч уулын спорт хүнд учраас хэрэггүй гэж боддог. Тэр амьд ирэх болов уу, ямар замаар явсан бол гээд санаа зовоод болохгүй шүү дээ. Гэхдээ хэн дуртай нь зураг авдаг болж, харилцаа холбоо сайжраад сайхан байна. Өмнө нь бол ууланд гарсан л бол амьд, үхсэн нь мэдэгддэггүй байлаа.

Манай хөгшин бас уулын спортын олон улсын мастер Хунбай гэж хүн бий. Эмэгтэй хүн чинь хүүхэд гаргаад, гэр орны ажил хийгээд их ядардаг. Залуудаа бас Гималайн нэг оргилд гарсан хүн. Намайг амьд ирсэн чинь их юм гээд сайхан мах чанаад угтсан.

- Ингэхэд улсаас танд хэр халамж тавьж байна вэ? Тэтгэвэрийн мөнгө, орлого чинь амьдралд хүрч байна уу?

- Улсаас юу байхав дээ. Гавьяатын цалин гээд 150 мянган төгрөг, тэтгэвэр 400 мянга гаруй төгрөг. Одоо зээлээр машин авчихсан байгаа. Хөдөө болохоор болоод байдаг. Зардал багатай, юмны үнэ хямд. Хэрвээ машины зээлийн өрнөөс гарвал би том байна л даа. Зээл нь  2016 онд дуусна. Би Ховдод нэг өрөө түрээслээд ганцаараа амьдардаг.  Хүүхдүүд байнга нааш цааш явна. Ойр зуурын ажлаа мотоциклоор амжуулна. Гадаад дотоодын уулчидад зам заагаад, аюулгүй байдлыг нь хангаад явахад хоногийн 50 юм уу 100 доллар авдаг.

- Одоо юу хийхээр төлөвлөж байна даа?

- Ховдод зургаадугаар сард Монголын том уулчдын улсын аваргатай тэнцэхээр уралдаан болно. Тэрэндээ оролцож авирна. Дахиад Алтай ТаванБогдод онцгой байдлын албаны 10 хүнтэй авирна. Наймдугаар сард Хятад, Орос, Казахстан, Монгол гэсэн дөрвөн орныуулдын авиралтыг зохион байгуулж, оролцоно. Хэрэв надад Гималайд дахиж авирах мөнгө төгрөг олдохгүй бол марафон гүйлтийн дэлхийн аваргад оролцоно доо. Би чинь 2008 оны хөнгөн атлетикийн Азийн аварга хүн шүү дээ.

- Ярилцсанд баярлалаа.

Б.Баярмаа

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.179.20.94) 2015 оны 06 сарын 04

zaluu humuus garch chadahgui baihad yun 80 nastai garah ve ? yasaa everested tavihan dutaa yu ?

0  |  0
Ганбаатар(122.201.21.199) 2015 оны 05 сарын 14

Архи тамхинаас хол байж.ийм сайхан хүмүүстэйгээ мөр зэрэгцэн явцгааяа бахархацгаая монголчуудаа!!!

0  |  0
oyun(49.98.165.230) 2015 оны 05 сарын 14

Saihan yumaa.

0  |  0
Зочин(202.55.180.186) 2015 оны 05 сарын 14

Гүррагчаа гуай таньд байр хүргэе. Та ямар мундаг хүн бэ? Байгалийн бэрхшээлийг хэн ч дийлэхгүй болохоор та тэр гамшиг дотроос амьд ирнэ гэдэг чинь л том амжилт шүү дээ. Харамсах хэрэггүй. Та өшөө олон жил амьд явах учраас хүссэнээ хийж чадна шүү дээ. Таниар үнэхээр бахархаж байна.

0  |  0
sanjaa(122.201.21.114) 2015 оны 05 сарын 13

Yamar mundag yum be.

0  |  0
мажигаа(87.66.180.92) 2015 оны 05 сарын 13

сайхан өөдрөг бодолтой биширмээр хүн юм,дараагийн авиралтыг нь улс эх орон ард түмэн дэмжинэ гэдэгт найдаж байна,эрүүл энх сайн сайхныг хүсье,

0  |  0
з(103.26.194.173) 2015 оны 05 сарын 13

Гоё гоё

0  |  0
hi(49.97.102.137) 2015 оны 05 сарын 13

Агуу тамирчин байна. Монголчууд демжеед дараагийн авиралтыг нь зохион байгуулчвал биюас 1 ундесний бахархал юм даа

0  |  0
зочин(202.180.220.81) 2015 оны 05 сарын 13

Та үнэхээр мундаг юмаа, танаар бахархаж байна. Байгалийн гамшиг болоогүй бол та гарч чадах байсан гэхэд эргэлзэхгүй байна. Санаж явбал бүтнэ, танд эрүүл энхийг хүсье!

0  |  0
Top