Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн асуудлууд

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 19

Засгийн газрын ээлжит хуралдаанаар 40 орчим асуудал хэлэлцэн дараах шийдвэрүүдийг гаргалаа. Хуралдааныг Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх даргаллаа.

Аймгийн Засаг дарга нар Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанд оролцоно

Хүүхдийн байгууллагын 90 жилийн ойн хүрээнд ирэх сарын 2-3-нд болох Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд аймгийн Засаг дарга нар оролцоно. Энэ арга хэмжээний дараагаар Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан, Засаг дарга нарын семинарыг зургадугаар сарын 4-5-нд зохион байгуулах юм.

Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанаар Орон нутагт үйлдвэрлэл, ажлын байр нэмэгдүүлэхээр энэ онд хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Аж үйлдвэрийн сайд Ж.Эрдэнэбат, Хөдөө аж ахуйн салбарын цаг үеийн зарим ажлын талаар Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа нар мэдээлэл хийж, “Сумын Засаг даргын Тамгын газрын орон тооны хязгаарыг тогтоох” тухай Засгийн газрын тогтоолын төслийн тухай хэлэлцэхээр төлөвлөж байна.

Мөн орон нутагт чиглэсэн болон тэнд тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхээр зорьж байна.

Хуралдааны төгсгөлд аймаг, нийслэлийн Засаг дарга, Тамгын газрын 2014 оны үйл ажиллагаанд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнгийн талаар гарсан Засгийн газрын шийдвэрийг танилцуулж шалгарсан аймаг, нийслэлийн Засаг дарга нарт шагнал гардуулах ёслолын ажиллагаа болно.

Зарим музейг төрийн тусгай хамгаалалтад авна

БСШУ-ны сайдын тушаал, удирдамжийн дагуу улс, аймгийн музейнүүдэд улсын тооллогыг 2013 оны 11-р сард зэрэг эхлүүлж, хамгийн сүүлд буюу энэ оны 4-р сард Монголын үндэсний музейнхээр тооллого дуусчээ. Тооллогод 42 байгууллага хамрагдсан байна.

Улс, орон нутгийн музейн сан хөмрөгийн улсын тооллогын дүнгийн мөрөөр дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг БСШУ-ны сайд Л.Гантөмөр, Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Хууль зүйн сайд Д.Дорлигжав нарт үүрэг болголоо.

Үүнд:

·  Музейн эрх зүйн орчныг боловсронгуй болгох, музейн хөгжлийн үндэсний хөтөлбөр боловсруулах, тооллогын дүнгийн мөрөөр авч хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гаргах

·  Монголын үндэсний музей, Дүрслэх урлагийн музей, Богд хааны ордон музей, Чойжин ламын сүм музей, Эрдэнэзуу музейг Төрийн тусгай хамгаалалтад зайлшгүй байх шаардлагатай зүйлийн жагсаалтад оруулах

·  Улс, орон нутгийн музейн барилгын засварын үйлчилгээ, зориулалтын барилга байгууламж, техник тоног төхөөрөмжөөр хангах арга хэмжээг шат дараатай авч хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг ирэх оноос эхлэн жил бүрийн улсын төсөвт тусгах

·  Музейн нарийн мэргэжлийн боловсон хүчнийг өндөр хөгжилтэй оронд бэлтгэх, мэргэшүүлэх, давтан сургах хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх

·  Түүх, соёлын дурсгал, үзмэр, эд өлгийн зүйлийн шинэчилсэн дансны үнэ тогтоох  журмыг хамтран баталж, мөрдүүлэх

·  Эрдэнэзуу болон бусад сүм музейг орон нутгийн өмчөөс төрийн өмчид шилжүүлэх талаар судалгаа хийж, зохих шийдвэр гаргуулахыг үүрэг болголоо.

Хилийн байгууллагуудын нэмэгдэл цалинг Засгийн газрын нөөцөөс гаргана

Эдийн засаг хүндрэлтэй байгаа энэ үед төсвийн орлогын нөхцөл байдлыг харгалзаж, 2015 онд Баянхошуу-Өвдөгийн хилийн боомтыг долоо хоногийн бүх өдөр мөн нийтээр тэмдэглэх баярын өдрүүдэд ажиллуулахаар энэ оны нэгдүгээр сард шийдвэрлэсэн.

Хилийн дөрвөн байгууллага болох ИХШХЕГ, ХХЕГ, ГЕГ,МХЕГ нь орон тоогоо нэмэгдүүлэхгүйгээр одоо ажиллаж байгаа албан хаагчдаа Баянхошууны хилийн боомтод бямба, ням гариг, нийтээр тэмдэглэх баярын өдрүүдэд ажиллуулж байгаа ч эдгээр байгууллагын 2015 оны батлагдсан төсөвт албан хаагчдад олгох нэмэгдүүлсэн цалингийн төсөв тусгагдаагүй байна. Энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн 2015 онд шаардагдах нэмэгдүүлсэн цалин хөлсний зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд Ж.Эрдэнэбатад зөвшөөрлөө.

Шинээр байгуулагдсан гал унтраах, аврах ангийн зардлыг шийдвэрлэлээ

Өмнөговь аймгийн Цогтцэций, Хөвсгөлийн Тариалан, Сүхбаатарын Эрдэнэцагаан, Дорнодын Баян-Уул, Завханы Тэс суманд шинээр гал унтраах, аврах анги байгуулсантай холбоотойгоор шаардагдах зардлыг Монгол Улсын Шадар сайдын төсвийн багцаас гаргахаар шийдвэрлэлээ. 2016 оноос эхлэн холбогдох зардлыг жил бүрийн улсын төсөвт тусган санхүүжүүлэхийг Шадар сайд У.Хүрэлсүх, Сангийн сайд Ж.Эрдэнэбат нарт даалгалаа.

Гал унтраах анги, хэсэг, аврах нэгжид тавих шаардлага, улсын стандартаар 4000-аас дээш хүн ам тутамд нэг гал унтраах аврах анги байхаар заасан.

Тус стандартын шаардлага болон гамшиг, гал түймрийн давтамж, учруулж байгаа хохирол жил бүр нэмэгдэж, хүний амь нас, эрүүл мэнд хохирох, гэр, мал эд хөрөнгө өртөж байгаа зэргийг үндэслэн дээрх сумдад гал унтраах, аврах анги байгуулах зайлшгүй шаардлага байжээ.

Манай улсад Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага 21 аймаг, нийслэл хотод аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослоос урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулашгүй сэргээн босгох үйл ажиллагаанд гал унтраах, аврах 49 анги үүрэг гүйцэтгэж байна.

Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлнэ

Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ

Хүн амыг орон сууцаар хангах, иргэдийн амьдрах нөхцөлийг сайжруулах зорилгоор орон сууцны зээлийн тогтолцоог хөгжүүлэх нь аливаа улс орны онцгой ач холбогдолтой зорилт байдаг. Манай улсын хувьд эдийн засаг дахь санхүүгийн эх үүсвэр дутагдалтай, эрэлт нийлүүлэлтийн харьцаа алдагдсан зэрэг нь орон сууцны зээлийн тогтолцоог хөгжүүлэхэд бэрхшээл учруулж байгаа юм.

Хөгжингүй орнууд эдгээр бэрхшээлийг хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас хэмээх санхүүгийн хэрэгслийг нэвтрүүлснээр шийджээ.

Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас нь банк санхүүгийн байгууллагаас олгосон зээл, лизинг, зээлийн картын авлага зэрэг мөнгөн хөрөнгийн урсгал бий болгох боломжтой санхүүгийн хэрэгсэлтэй холбоотой шаардах эрхээр баталгааждаг бөгөөд зээлийн болон санхүүгийн бусад хэрэгслийн эргэн төлөлтийг хүлээхгүйгээр хөрөнгийн шинэ үүсвэрийг богино хугацаанд бүрдүүлж, улмаар шинээр олгох зээлийн хүүг бууруулж хүн амыг орон сууцаар хангах, барилгын салбарыг дэмжих бодлогыг хэрэгжүүлдгээрээ нийгэм, эдийн засгийн салбарт ач холбогдолтой байдаг. Хуулиар энэ харилцааг зохицуулахаар тусгажээ.

Архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг явуулна

Байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтын улсын үзлэгийг энэ оны ес, аравдугаар сард зохион байгуулна. Үүгээр тухайн байгууллагын үйл ажиллагааны түвшинг тогтоож, цаашид авах арга хэмжээний чиглэлийг тодорхойлж, Засгийн газарт оруулж шийдвэрлүүлж иржээ. Мөн албан хэрэг хөтлөлттэй холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах талаар төрийн байгууллагын удирдлага, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт чиглэл өгч, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажилладаг байна.

Албан хэрэг хөтлөлт, архивын ажилд 1970 оноос эхлэн улсын үзлэг явуулж байхаар шийдвэрлэсний дагуу 1984, 1990 онд үүнээс хойш таван жилд тутамд улсын үзлэг явуулсан байна.

2010 оны улсын үзлэгээс хойш архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд дагаж мөрдөж байсан аргазүйн хэд хэдэн баримт бичгүүд, стандарт шинэчлэгдэж, үйл ажиллагаанд нь мэдээллийн технологийг нэвтрүүлж, цахим архив үүсгэх ажил хийгдэж байна. Мөн 2012 оны УИХ-ын сонгуулийн дараа төрийн байгууллагуудын бүтэц, тогтолцоо өөрчлөгдсөн. Эдгээртэй холбоотойгоор төрийн байгууллагуудын албан хэрэг хөтлөлт, архивын ажлыг улам сайжруулах, байгууллага, иргэдэд үзүүлэх архивын үйлчилгээг хөнгөн шуурхай болгох, албан хэрэг хөтлөлт, архивын ажлыг олон улсын төвшинд хүргэх зорилттой ажиллаж байгаа юм.  

Тариалангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалын төслийг хэлэлцлээ

Газар тариалан, мал аж ахуйн салбарын өнөөгийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэж, газар тариалангийн үйлдвэрлэлийг тогтворжуулан эрчимжүүлэх, эрчимжсэн мал аж ахуйн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, газар тариалан, бэлчээрийн мал ахуйн зөрчлийг багасгах зорилгоор одоо хүчин хүчин төгөлдөр үйлчилж байгаа Тариалангийн тухай хуулийг шинэчлэн найруулах зайлшгүй шаардлага байгаа юм.

Хуулийн төсөл батлагдсанаар

·  Газар тариалангийн үйлдвэрлэлийн хэвийн, тогтвортой үйл ажиллагааг хангаснаар хөдөөд ажлын байрыг хадгалах, нэмэгдүүлэхээс гадна үйлдвэрийг түүхий эдээр хангана.

·  Хөрсийг хамгаалах, үржил шимийг нь сайжруулах, техник  технологийн шинэчлэлийг үйлдвэрлэлд нэвтрүүлснээр ургацын хэмжээг нэмэгдүүлж, улмаар бүтээгдэхүүний чанарыг дээшлүүлэх боломж бүрдэнэ.

·  Газар тариалангийн бүс нутгийн заагийг тогтоож, тус бүс нутагт үйл ажиллагаа явуулах, дэглэмийг тодорхой болгон эрчимжсэн хөдөө аж ахуйн үйлдвэрлэл тогтвортой хөгжинө.

·  Хүн амын хүнсний хангамжийг сайжруулж, хүнсний аюулгүй байдлыг хангах баталгаа бий болно.

·  Тариалан, бэлчээрийн болон эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдийн үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлснээр газар тариалангийн үйлдвэрлэлийн эрсдэл, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зэрэг эерэг үр дагавар гарна гэж үзэж байна.

Товч мэдээ

·  Төрийн орон сууцны корпорацийн барьсан 60 хүүхдийн хоёр цэцэрлэгийн барилгыг худалдаж авахад шаардагдах хөрөнгийг 2016 оны төсөвт тусгаж санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд Ж.Эрдэнэбатад даалгалаа.

·  Унгар улсын Ерөнхийлөгч Янош Адерийн энэ оны дөрөвдүгээр сарын 14-16-нд манай улсад хийсэн албан ёсны айлчлалын дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахыг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнд даалгалаа.

·  Аугаа эх орны дайны ялалтын 70 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн энэ сарын 6-9-нд ОХУ-д хийсэн ажлын айлчлалын дүнг Гадаад хэргийн сайд гишүүдэд танилцууллаа.

·  Хилийн чанадад суугаа Монгол Улсын иргэдийг эх орондоо эргэн ирж суурьшихад нь дэмжлэг үзүүлэх хөтөлбөр боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнд даалгалаа.

·  Бүгд Найрамдах Турк улсын Гадаад хэргийн сайд Мевлүт Чавушовлугийн энэ оны дөрөвдүгээр сард манай улсад хийсэн албан ёсны айлчлалын мөрөөр хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг баталж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Гадаад хэргийн сайдад үүрэг болголоо.

·  АНУ-ын Вашингтон хотноо энэ оны дөрөвдүгээр сард зохион байгуулагдсан Олон улсын валютын сан, Дэлхийн банкны хаврын уулзалтад оролцсон дүнг Сангийн сайд Ж.Эрдэнэбат танилцууллаа.

·  “Монгол Улсын Засгийн газар ба Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Мюнхен дэх Хансс-Зайделийн сангийн хоорондох эрх зүйн болон захиргааны салбарт дэмжлэг туслалцаа үзүүлэх, зөвлөгөө өгөх хамтын ажиллагааны шинэчилсэн хэлэлцээр”-ийн төслийг зарчмын хувьд дэмжиж, хэлэлцээрт гарын үсэг зураг эрх олгох Ерөнхий сайдын захирамжийг ажлын журмаар гаргахаар тогтлоо.

·  Дотоодын цэргийн тухай хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
unen(82.145.216.47) 2015 оны 05 сарын 19

Tsalin nemegduuleh asuudal yarina gesen Yasan be,Hodolmoriin said aa!!! Ta Ajlaa hiigeechee!!! hudal helseer yadag bilee? Unend guitsegdene shu!!! ard olnooroo toglodog anhnii ”mongoliin zasgiin gazar”. udahgui hariutslaga ard olon tootsnoo.

0  |  0
unen(82.145.216.47) 2015 оны 05 сарын 19

Tsalin nemegduuleh asuudal yarina gesen Yasan be,Hodolmoriin said aa!!! Ta Ajlaa hiigeechee!!! hudal helseer yadag bilee? Unend guitsegdene shu!!! ard olnooroo toglodog anhnii ”mongoliin zasgiin gazar”. udahgui hariutslaga ard olon tootsnoo.

0  |  0
Top