Төрийн албыг төрлийн албаас холдуулна

Автор | Zindaa.mn
2015 оны 06 сарын 30

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Том төрөөс ухаалаг төр рүү” уриаг дэвшүүлээд энэ чиглэлээрхи хууль эрх зүйн орчинг нэн түрүүнд бүрдүүлэхээр ажиллаж буй. Тэрбээр төрийн механизмыг боловсронгуй болгохооор хэд хэд хэдэн хуулийн төсөл санаачилсан нь түрүүчээсээ хэрэгжиж эхлээд байна. Тухайлбал “Шилэн данс”-ны хууль  энэ оны эхнээс хэрэгжээд явж байгаа нь төсвийн ил тод байдал, төрийн өмчийн зарцуулалтад олон нийтийн хараа хяналтыг ойртуулсан шийдэл болсон.

Удахгүй УИХ-д өргөн барихаар хоёр чухал хуулийн төсөл санаачилснаа саяхан Ерөнхийлөгч хэвлэлийнхэнд дуулгасан. Ингэхдээ УИХ бүлгийн дарга нар болон эрх барьж буй хоёр намын дарга нарыг байлцуулсан нь цаанаа учир зорилготой. Ерөнхийлөгч ойрын үед Төрийн албаны тухай болон Улстөрийн намуудын тухай хуулийн төслийг өргөн барих гэж байна.  Түүнчлэн яаралтай хэлэлцэж өгнө үү гэсэн хүсэлттэй парламентын босго давсан нэг хуулийн төсөл бол Хариуцлагын тухай хууль юм.

Төрийн албан хаагчид улс төрөөс ангид байна. Намын гишүүн байхыг хориглоно, дэмжигч байж болно.

УИХ хаврын чуулганаа хугацаа сунган хуралдаж байгаа болохоор энэ хуулийг амжиж хэлэлцэх бололцоо байгаа байх. Ийнхүү Том төрөөс ухаалаг төр рүү шилжих ажил хууль эрх зүйн хүрээндээ алхам алхмаар урагшилсаар байна.  Ерөнхийлөгчийн өргөн барихаар төлөвлөж буй хоёр хуулийн төслийг цувралаар  товч тодруулъя.

 

Төрийн албаны хуулийн төсөл

Эхлээд өнөөгийн өнгө төрхийг тодруулж харъя. Төрийн алба төрлийн алба болсон. Энэ бол олон түмнээс өгч буй үнэлэмж.  Төрийн албанд сонгуулиас сонгуулийн хооронд танил тал, садан төрлийн татаасаар хоноцын сэтгэлгээтэй хүн “дайраад өнгөрдөг” болсон нь төрийн албыг хүчгүйдүүлж, мэргэшсэн албан хаагчид халаа сэлгээнд өртдөг болсон. Өнөөдөр гудамжинд “чулуу өшиглөж” явсан, төрийн албаны туршалагагүй нэгэн танилынхаа татаасаар маргааш нь дарга болчихсон хар тэрэг данхалзуулаад явж байх нь байдаг л зүйл болсон.  Харин өргөн барихаар төлөвлөж буй Төрийн албаны хууль энэ мэт байдлыг эцэслэнэ.

Шинэ хуулийн зохицуулалтаар төрийн албаны тогтвортой,  мэргэшсэн, хүчирхэг байдлыг хангана.  Тухайлбал, мерит зарчимд суурилсан, мэргэшсэн тогтвортой, залгамж чанартай хараат бус төрийн албатай болно.  Мерит гэдгийг тодруулбал чадвартай, хийж хэрэгжүүлж чаддаг гэж тодорхойлно.   Түүнчлэн төрийн албаны бүх томилгоог танил талын улаан нүүрнээс холдуулж зөвхөн өрсөлдөөнд суурилж явуулдаг болох юм. Төрийн албаны тухай хуулийн шинэ төсөлд ямар зохицуулалт орж байгааг товч тодорхой байдлаар хүргэвэл:

-Төрийн албаны сонгон шалгаруулалт, аливаа томилгооны өрсөлдөөнийг иргэдийн хяналт дор явуулна. Хэвлэл, олон нийт энэ талыг мэдээллийг авах, авахыг шаардах эрхтэй, хянах бололцоотой болно.

-Төрийн албан хаагчид улс төрөөс ангид байна. Намын гишүүн байхыг хориглоно, дэмжигч байж болно.

- Төрийн албанд доороос нь эхэлж, чадаж байгаа нэг нь шат дараатайгаар дэвшдэг болно. Төрийн албаны нэг шатанд дунджаар таван жил ажиллана.  Таван жил тутамд чадаж байгаа нь дэвшдэг чадахгүй байгаа нь тушаал буурдаг ийм зарчим үйлчилнэ.

-Ингэж тооцвол төрийн албанд хамгийн багадаа 18-20 жил ажиллаж байж төрийн нарийн бичгийн дарга, Засаг дарга, агентлагийн дарга болдог ийм жишиг тогтолцоо бий болно.

-Төрийн албан хаагчдын хориглосон үйлдлүүдийг хуульчлан зааж өгч байгаа. Нийтдээ 19 зүйлийг хуулиар хориглоно.

- Төрийн албан хаагчдад Тангарагийн хариуцлага хүлээлгэнэ. Тухайлбал, тэр хүн ажлаа хүлээлгэж өгөхгүй, одоо тогтож хэвшээд байгаа тамаг тэмдгээ аваад зугтвал дахиад төрийн албанд ажиллах эрхийг нь хасна. Түүнчлэн  төрд эдийн засгийн хохирол учруулсан бол өөрөөр нь төлүүлдэг болно. Төрийн албаны шийдвэрийг албадан биелүүлүүлдэг болгоно.

-Төрийн нарийн бичгийн даргад Төрийн албаны зөвлөлөөс зөвхөн нэг л хүнийг санал болгоно. Сайд нь нэг удаа буцаах эрхтэй. Хэрвээ төрийн нарийн бичгийн даргын томилгоог буруу хийвэл салбарын сайд, шаардлагатай бол Ерөнхий сайдыг огцруулдаг болно.

-Улс төрийн томилгоогоор очсон сайд хомроглон халж солихыг хязгаарлана. Тэр сайд 3+2 гэсэн хязгаар дотор халаа сэлгээ хийж болно. Тэдгээр нь сайдын туслах, зөвлөх, жолооч  байх юм. Өөрөөр хэлбэл сайд таваас илүү хүнийг өөрчлөх боломжгүй болох юм.

-Төрийн албан хаагчдаас жил тутам шалгалт авч, шалгалтын дүнг үндэслэн жилд 10 хүртэл хувийг хөдөлгөж болно.

-Төрийн албаны шалгалт, томилгооны өрсөлдөөн, албан тушаал зэргийн мэдээллийг хэвлэл олон нийтэд ил тод болгоно.

-Төрийн албаны зөвлөлийг илүү хариуцлагатай болгож, энэ талын зохицуулалтыг хуульчилж өгч байгаа. Түүнчлэн Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг сонгуулийн хугацаатай уялдуулан цаг хугацааны хязгаар тогтоож өгч байгаа юм.

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монгол зочин(103.229.121.159) 2015 оны 06 сарын 30

Элбэгийн санаачилж ярьж буй хуулиуд батлагдаж, хэрэгжих үү эсвэл ирэх оны сонгууль угтаж төрөлх намдаа ая тал зассан амны зугаа юуу гэдгийг харах л монголын ард түмний өмнө горьдлог төрүүлсэн асуудал болон үлдлээ дээ

0  |  0
Tumr zamchin(103.229.120.33) 2015 оны 06 сарын 30

Ta ter avgain duu bolor orgiliigoo tumur zamiin dargaar tavikh gej ulairlhaa boliochee

0  |  0
зочин(27.123.213.10) 2015 оны 06 сарын 30

Төрийн албаныхнаас жил бүр шалгалт авч байх нь зөв санаа байна. Одоо Төрийн албанд байгаа бичиж чадахгүй шахуу юмнуудыг цэгцлэх хэрэгтэй.

0  |  0
Zochin(119.40.98.162) 2015 оны 06 сарын 30

Мөрөөдөл биелдэг бол сайхан л байна. Яг л биелж харагдана даа, амлаж байна.

0  |  0
Цэцээ(202.131.233.122) 2015 оны 06 сарын 30

Хамгийн гол нь хэрэгжүүлэх асуудал байдаг. хичнээн хууль журам дүрэм гараадхэрэгжилт хангалтгүй байгаа нь хамгийн ил тод байгаа зүйл шүү дээ. мөнгөтэй танил талтай хүмүүс төрд шургалдаг болоод удаж байна даа

0  |  0
зочин(202.126.89.176) 2015 оны 06 сарын 30

Элбэгээ хэдэн гайгүй хуулийн төсөл санаачлаад байх шиг байна. Хэрэв ажил болдог бол сайхан л байна. Манайд ч хууль байлаа гээд сахьдаг хүн цөөрхөн ш дээ. Дандаа дарга нар нь хуулийг гууль болгодог

0  |  0
Top