Турк улсад Монгол улсын иргэн амиа хорложээ

Автор | Zindaa.mn
2015 оны 07 сарын 03

Хоёр хоногийн өмнө буюу долдугаар сарын нэгний өдөр Турк Улсын Истанбул хотод Монгол Улсын иргэн Г гэгч цагдаагийн газрын түр саатуулах байранд хөнжилөөр өөрийгөө боомилон амиа хорлосон хэрэг гарчээ.

Талийгаач нь “Mgltown” нэртэй байгууллага хууль бусаар ажиллуулж монгол иргэдэд онгоцны билет хямд зарах, мөнгө гуйвуулах, карго явуулах зэрэг үйлчилгээ үзүүлэх нэрээр их хэмжээний мөнгө залилсан байна.

Иргэдийн гомдлын дагуу Истанбул хотын “Куштэпэ” цагдаагийн хэлтэс түүнийг саатуулан эмнэлгийн үзлэгээр оруулж саатуулах байранд хорьж байсан бөгөөд хохирогчид цагдаагийн хэлтэст мэдүүлэг өгч байх үед буюу өглөөний 10:00 цагийн орчимд ЕКГ-ын Дэд консул Б.Элбэрэлт цагдаагийн хэлтэст очиж уулзах хүсэлт тавьсан байна. Жижүүрийн цагдаа түүнийг авчрах гэж очиход өөрийгөө боомилсон байгааг харжээ. Хэргийн газарт түргэн тусламж ирсэн боловч аль хэдийнэ амьсгал хураасан байсан аж . Талийгаачийн биед ямар нэгэн бичиг баримт байгаагүй гэнэ.

Албан бус эх сурвалжуудын мэдээллээр түүний жинхэнэ нэр нь Төөмөө овогтой Дамдиндорж гэнэ. Түүний эхнэртэй утсаар холбогдсон боловч өөрийн болон нөхрийнхөө жинхэнэ нэрийг хэлэхээс татгалзаж байна.

Одоогоор талийгаачийн цогцсыг задлан шинжилгээнд оруулан шүүх эмнэлэгт хадгалж байна. Талийгаачийн талаарх мэдээллийг Улсын Мөрдөн Байцаах Газар, Эрүүгийн цагдаагийн газраас тодруулж зураг бүхий иргэний үнэмлэхийн лавлагаа, хурууны хээний дардас зэргийг авч явуулахаар ажиллаж байна. Мөн ар гэрийнхэнд нь мэдэгдэж шарилыг Монгол руу авах эсэхийг тодруулж өгөхийг хүсэв. Гадаад хэргийн яам холбогдох арга хэмжээг авахаар ажиллаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top