Гэр хорооллын ариун цэврийн байгууламжийг сайжруулах талаар ярилцлаа

Автор | Zindaa.mn
2015 оны 08 сарын 22

УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл Азийн хөгжлийн банкны Монгол дахь Суурин төлөөлөгч Роберт Шоэллхаммэрийг  Төрийн ордонд хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Нийслэлийн Засаг даргын сонгон авсан гэр хорооллын аль нэг хэсэгт хөрс бохирдуулахгүй аргаар гэр хорооллын ариун цэврийн байгууламжийг сайжруулах, био хог хаягдал цуглуулах, дахин боловсруулах чиглэлд хамтран ажиллах талаар санал солилцлоо.
УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл "УИХ-ын дарга З.Энхболдын үүрэг болгосны дагуу энэ чиглэлийн хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлнэ" гэсэн байна.
Азийн хөгжлийн банкны Суурин төлөөлөгч Роберт Шоэллхаммэр Улаанбаатарт их хэмжээний хөрсний бохирдол үүсгэсэн гэр хорооллын ариун цэврийн байгууламжийг сайжруулах, хөрсний бохирдлыг зогсоох, орчин болон иргэдийн эрүүл ахуйг сайжруулах нь нэн тулгамдсан асуудал болохыг тэмдэглээд, энэ чиглэлийн хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах боломжтойг онцоллоо.
УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл Их Хуралд өргөн барьсан Хог Хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд  хот суурин газар дахь гэр хорооллын ариун цэврийн байгууламжуудыг сайжруулах асуудлыг тусгаснаа танилцуулжээ. Мөн Улаанбаатарт жишиг болохуйц шийдлийг гаргах нь аймаг, сум, суурин газруудад хэрэгжүүлэх шинэчлэлийн эхлэл болно гэж үзэж байгаагаа илэрхийлэв.Тэрээр өнгөрсөн сард Хөвсгөл аймгийн зарим суманд ажиллаж, хөрсний бохирдлын талаар танилцуулж, гэр хорооллын ариун цэврийн байгууламжийн эко шийдлийн талаар сургалт, сурталчилгаа зохион байгуулсан аж.Өөрийн удирддаг “Нутгийн шийдэл” сангийн хүрээнд энэ чиглэлийн төслүүдийг дэмжиж ажиллаж буйгаа танилцуулав. Мөн таван байрлалд 15 оюутны оролцоотойгоор байгуулсан био ариун цэврийн байгууламжийн төслийн тайланг ирэх сарын 20-нд зохион байгуулна. Азийн хөгжлийн банкны Суурин төлөөлөгч, хотын ерөнхий менежер нарт уг үйл ажилллагаанд оролцох урилгыг уламжиллаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top