Зургаан сайд ч үнэндээ 600 хүн ажилгүй болж байна

Автор | Zindaa.mn
2015 оны 08 сарын 25

Засаг солигдохоор л халаа сэлгээ болж урагшилсан дөрвөн алхмаа гурван алхмаар ухрааж яст мэлхийний хурдаар урагшлан хөгжиж буй Монгол Улсад дөрвөн жил тутамд ийм зүйл болдог байсан бол одоо бүр дөрвөн сар болохгүй халаа сэлгээ хийдэг болж.

Бүтэн хоёр жил шахам ажилгүй байж байгаад Байгаль орчны яаманд гайгүй ажилд орчихлоо хэмээн баярлаж явсан залуу хоёр сар гаруйн хугацааны дараа удирдлага нь солигдсоноор ажилгүй болж, ёстой нэг баярлуулан гомдоосныг нь уйлах ч биш инээх ч биш хоёрын дунд ярьж явсан бодит түүх байна. Ийм л дүр зураг өнгөрсөн 3-4 жилийн их ч боллоо. Өчигдөр л гэхэд МАН-ын зургаан сайдыг суудлаас нь авч хаясан АН-ынхан одоо МАН-ын дэд сайдуудыг чөлөөлж байна.

Үнэндээ наана нь зургаан сайд ажилгүй болж байгаа юм шиг харагдаж байгаа ч цаана нь 600 орчим гэм зэмгүй хүн ажилгүй болж байна гээд хэлчихээд нэг их буруудахгүй. Нарийн тооцоо судалгаа явуулсан ч нэг их зөрж шалихгүй. 600 хүн ажилгүй боллоо гэхэд түүний ард гэр бүл нь болсон хэчнээн хүн, хэдэн балчир үрс хоногийн хоолны мөнгөгүй болж бусдаас гуйлгачилж байгаа бол.

Сайд нарыг чөлөөлсөн ажил нь одоо дэд сайдаар үргэлжилж удалгүй жирийн албан хаагчид уруу дамжина гэж төрийн албаныхан нь “үхлээ хүлээж буй амьтан” шиг тэвдэж, өдөр хоногоо тоолон сууна. Ядаж л ажлаа сайн хийдгийг нь үлдээгээсэй билээ хэмээн төрийн албан хаагчид нь өөр хоорондоо бувтнан суудаг болж. Даанч харамсалтай нь, шинэ дарга нар нь хойноос ирээд хот манайх, хотонд ирээд хонь манайх гэдэг хужаа зан гаргадаг байна.

Нөгөө “Та яагаад компанийнхаа ажилчдыг 50 хувиар цомхотгож, 100-аад хүн ажилгүй болгов” гэсэн сэтгүүлчийн асуултад “Аан, би эхнэрээсээ салж, шинэ эхнэр авч байгаа юм аа. Тэгээд хуучин эхнэрийнхээ хамаатан саданг халж байна” гэдэг онигоо шиг юм болдог болоод удаж байна. Дарга, сайдаар ирэхдээ л өөрийнхөө хамаатан садан, тойрон хүрээлэгчдээ дагуулан ирж доод албан тушаалууддаа томилж, төрийн байгууллагыг хувийнхаа компаниас ч дор үйл ажиллагаатай болгодог тогтолцоо ёс юм шиг зүйл болжээ.

Ашигтай ажиллуулахын тулд хувийн компаниа ч хамаатан саднаараа дүүргэлгүй чадварлаг боловсон хүчинг авч ажиллуулдаг өнөөгийн улстөр дэх дарганцаруудын тэргүүлж буй яам, агентлаг, газруудыг төрөөс санхүүжүүлчихдэг болохоор үнэндээ санаа зовох зүйлгүй өөрийн мэдлээр хүмүүс авч ажиллуулдаг болж. Энэ зуур боловсрол нимгэн хамаатан садан, танил тал нь биш л бол хохирч үлдсээр байгаа мэдлэгтэй залуус нь эцэстээ харийн орныг л зорих болж дээ.         

Э.Төгс   

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(122.201.24.8) 2015 оны 08 сарын 26

АН үнэндээ 2012 оны сонгуулийн дараа төрийн яамд, Засгийн газрын хэрэгжүүлэх агентлаг, үйлдвэр аж ахуйн газар, төрийн өмчит компаниас аваад хот, дүүрэг, сум, хороо, багийн гаад халаагүй албан тушаалтан, хэлмэгдүүлээгүй өрх гэр үлдээгүй гэхэд буруутахгүй шүү. МАН - ынханы халсан гээд байгаа хүмүүс үнэндээ АН-нхан хуль зөрчиж тавьчихаад жинхлүүлж чадаагүй түр үүрэг гүйцэтгэгч нар байсан гэхэд хилсдэхгүй шүү. Монгол орны арт түмнийг намаар талцах асуудлыг АН тавьсан билээ.

0  |  0
hhhhhh(122.201.21.34) 2015 оны 08 сарын 25

Adilhan baahan hun halchaad odoo bitgii matariin nulims unagaagaarai.za

0  |  0
1,2,3,4,5,6(202.21.118.98) 2015 оны 08 сарын 25

МАН-ын гомдлын нулимс

0  |  0
Top