Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгаа өргөтгөх хүсэлтэй байна

Автор | Zindaa.mn
2016 оны 04 сарын 22

Ерөнхий сайдын төсвийн багцаас санхүүжүүлж, Увс аймагт 2,3 тэрбум төгрөгөөр оношилгооны төв байгуулжээ. Энэ төв ажиллаж эхэлснээр Улаабаатарыг зорьж гуравдугаар шатлалын эмнэлэгт явж үзүүлдэг өвчтөний тоо буурчээ. 2013 оны эхний 10 сарын байдлаар  3000 орчим хүн Улаанбаатар хот руу оношилгоо, эмчилгээнд явдаг байсан бол 2014 онд энэ тоо хоёр дахин багасчээ.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Увс аймагт ажиллах үеэрээ тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийн үйл ажиллагаатай танилцлаа.

Тус тасаг 44 ортойгоос энэ үеэр 38 хүүхэд хэвтэн эмчлүүлж байлаа. Жилд давхардсан тоогоор 1600 гаруй хүүхэд хэвтэн эмчлүүлдэг байна. Хүүхдийн тасаг сахиуртай байдгаараа бусдаас ялгаатай, тиймээс орны хүрэлцээ хангалтгүй байдаг гэдгийг тасгийн эрхлэгч Ц.Алимаа танилцуулаад Нэгдсэн эмнэлгийнхээ хашаанд 20 ортой өргөтгөл барихаар төслөө хийсэн, 500 орчим сая төгрөг шаардлагатай байгаа гэлээ. Мөн хүүхдийн тасагт туслах сувилагч ажиллуулах хөрөнгийн асуудлыг шийдэж өгөхийг Ерөнхий сайдаас хүслээ.

Тус аймагт сүүлийн хоёр жилд улаанбурхны 70 гаруй тохиолдол гарсан, сүүлийн үед тархалт буурч байгааг эмч нар хэллээ.

Засгийн газраас хөрөнгө гаргаж, хоёр сарын өмнөөс НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулан захиалсан нэмэлт вакцин энэ өдрүүдэд ирж байгаа гэдгийг Ерөнхий сайд хэлээд нэмэлт вакцинд 18-30 насны залуусыг хамруулах,  товлолын вакциныг бага насны хүүхдэд графикийн дагуу гэрээр нь очиж хийх учиртайг Ерөнхий сайд эмч нарт зөвлөж байлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top