“Нийслэлийн өнгө-хотын соёл 2016” зөвлөгөөн болно

Автор | Zindaa.mn
2016 оны 05 сарын 27

Өнөөдрийн байдлаар нийслэлд сая гаруй иргэн бий.  Иргэдийн төвлөрөл бий болохын хэрээр иргэдийн эрүүл амьдрах орчин нөхцөл, нийслэлийн өнгө, хотын соёл гэдэг асуудал ихээхэн яригдах болсон. Гэвч тав алхаад л хог, тэжээвэр амьтны ялгадас, нус, цэр, шүлс хотын зах, төв гэлтгүй хаа сайгүй харагдана. Энэ нь манай иргэдийн ухамсар сэтгэхүй,  хотын соёлтой шууд хамааралтай асуудал юм.

Тиймээс  МЗХ  “Нийслэлийн өнгө-хотын соёл 2016” зөвлөгөөнийг 2016. 05. 28-нд зохион байгуулахаар болжээ. Зөвлөгөөнд эрүүл мэнд, хот төлөвлөлтийн салбарынхан, нийтийн тээвэр, нийслэлийн тохижилт үйлчилгээний ажилтнууд, иргэдийн төлөөлөл, хувиараа бизнес эрхлэгч, худалдааны төвүүд болон найман нэрийн бараа, түргэн үйлчилгээний цэгт арилжаа наймаа эрхлэгчид,  зэрэг салбар бүрийнхэн оролцох аж.

Тэд өнөөдрийн нийслэлд иргэдийн наад захын хэрэгцээ шаардлагыг хангах дэд бүтэц соёлын орчин бүрдсэн эсэх,  иргэдийн сэтгэлгээний хандлага зэрэг “Нийслэлийн өнгө-Хотын соёл”-д нөлөөлж буй асуудал бүрийг хэлэлцэж, шийдэл хайх аж. Өөрөөр хэлбэл тухайн орчинд нь ажиллаж, амьдарч буй иргэд өнөөдрийн нийслэлийн хачиргүй үнэнийг ярьж,  орчны бохирдлын асуудлыг даргын шийдвэрээр бус иргэдийн идэвхи оролцоотойгоор хэрхэн шийдвэрлэж болох талаар хэлэлцэнэ.

Залуучуудын байгууллагаас уг зөвлөгөөнийг зохион байгуулж буй гол зорилго нь иргэн бүр тухайн асуудлыг ярьдаг хэдий ч түүнд өөрөө оролцдоггүй учраас тэднийг нэг дор уулзах боломжоор ханган, асуудлыг өөрсдийнх оролцоотой хэрхэн шийдвэрлэж болох асуудлыг хөндөхөд чиглэгдсэн байна. Түүнчлэн зөвлөгөөний үеэр хөндөгдсөн асуудал, шинэлэг санаа бүрийг нэгтгэн шийдвэр гаргах, бодлого боловёруулах түвшнийхэнд хүргүүлэхээр болжээ.

“Нийслэлийн өнгө-хотын соёл 2016” зөвлөгөөн нь эрүүл орчинд амьдрахыг хүсдэг нийслэлийн иргэн бүрт нээлттэй бөгөөд иргэн бүр  хотын соёлд суралцвал эргээд эрүүл, тав тухтай нөхцөлд ажиллаж, амьдрах орчин бүрдэнэ гэдгийг зохион байгуулагчид онцоллоо.

 

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top