Сурталчилгааны самбарыг сүйтгэвэл 1.1-1.5 сая төгрөгөөр торгоно

Автор | Zindaa.mn
2016 оны 06 сарын 13

Сонгуулийн сурталчилгаа эхлээд хоёрхон хонож байгаа ч нэр дэвшигчдийн зураг бүхий сурталчилгаа, самбарыг урах, сүйтгэх тохиолдол цөөнгүй гарч байгаа аж. Иймээс цагдаагийн байгууллагаас гомдлын дагуу шалгаж, дээрх үйлдлийг хийсэн этгээдүүдэд хариуцлага тооцно гэдгийг анхааруулж байна. Тодруулбал, нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зургаагаас найм дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох юм байна.

Сонгуулийн тухай хуулийн 78 дугаар зүйл. Сонгуулийн сурталчилгаанд зурагт самбар ашиглах

78.1.Зурагт самбарыг сонгуулийн сурталчилгаанд ашиглана.

78.2.Зурагт самбар нь бичгийн А3 цаасны хэмжээнээс илүү

хэмжээтэй байх бөгөөд томсгосон хэмжээнд хязгаарлалт тавихгүй.

78.3.Зурагт самбарыг зөвхөн нийтийн эзэмшлийн газар буюу гудамж, талбайд сурталчилгааны хугацаанд түр хугацаагаар үнэ төлбөргүйгээр байрлуулна.

78.4.Бизнесийн зорилгоор байнга ашиглагддаг сурталчилгааны самбар, түүний орон зайг сонгуулийн сурталчилгааны зурагт самбарын зориулалтаар ашиглахгүй.

78.5.Сонгуулийн штаб, ухуулах байр байрлаж байгаагаас бусад байшин, барилга, байгууламжид сонгуулийн сурталчилгааны самбар байрлуулахгүй.

78.6.Сонгуулийн сурталчилгааны самбар нь дараах төрөлтэй байна:

78.6.1.нэр дэвшигчийн;

78.6.2.нам, эвслийн.

78.7.Нэр дэвшигч болон нам, эвсэл нь сурталчилгааны зурагт самбараа сонгуулийн хэсэг тус бүрд тооны хязгаарлалтгүйгээр байрлуулах эрхтэй.

78.8.Нэг нам, эвслийн нэр дэвшигчид, түүнчлэн нэр дэвшигч, нэр дэвшүүлсэн нам, эвсэл хамтран нэг сурталчилгааны самбар гаргаж болох бөгөөд энэ тохиолдолд хариуцлагыг хамтран хүлээнэ.

78.9.Зурагт самбарт түүнийг захиалсан этгээдийн нэрийг дурдсан байна.

78.10.Сонгуулийн сурталчилгааны самбарыг хууль бусаар устгах, гэмтээх, бохирдуулахыг хориглоно.

78.11.Энэ хуулийн 78.10-т заасныг зөрчсөн аливаа этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зургаагаас найм дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top