Ёслолын жагсаалыг хошууч генерал Р.Сүхбат командална

Автор | Zindaa.mn
2016 оны 07 сарын 08

Энэ сарын 10-ны өдөр "Чингисийн талбай"-д болох "Монгол Улсын далбааны өдөр"-т зориулсан цэргийн ёслолын жагсаалд Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн бэлтгэлээ хангасаар байна. Энэ удаагийн цэргийн ёслолын жагсаалыг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ц.Элбэгдорж, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон болон УИХ, Засгийн газрын гишүүд,гадаад орнуудаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамдын дэргэдэх Батлан хамгаалахын болон Цэрэг-агаарын цэргийн атташе нар, БХЯ, ЗХЖШ-ын удирдлага, нийслэлийн иргэд үзэж сонирхоно.

 

Ёслолын жагсаалд Зэвсэгт хүчин, ХХЕГ, ОБЕГ, ЦЕГ, ШШГЕГ, БХИС, ХСИС-ийн 2000 гаруй алба хаагчид оролцож, цэргийн сүр хүч, бахархал, омогшлыг олон нийтэд харуулна. Цэргийн ёслолын жагсаалын командлагчаар ЗХЖШ-ын орлогч дарга, Улаанбаатар цэргийн хүрээний дарга, хошууч генерал Р.Сүхбат ажиллаж байна. Харин Жанжин тугийн чиглүүлэгчээр ЗХЖШ-ын Тусгай төлөвлөлтийн хэлтсийн дарга, бригадын генерал Б.Даваадорж, Тугчаар ЗХЖШ-ын Бодлого, стартеги төлөвлөлтийн газрын дарга, бригадын генерал Ж.Бадамбазар, Туг хамгаалагчаар ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын Сургалтын хэлтсийн дарга, хурандаа Д.Дугаррагчаа, Агаарын цэргийн штабын дарга, хурандаа Н.Батбаяр нар ажиллана.

 

Зэвсэгт хүчний Жанжин туг нь Монгол Улсын Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүний сүслэн дээдлэх ариун шүтээн, оройн сүлд, золбоо хийморийн бэлгэдэл, дайчин уламжлал, эх орноо хамгаалах ариун үүрэг, цэргийн нэр төр, алдар гавъяаны илэрхийлэл юм.

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top