Их, дээд сургуулийн сургалтын төлбөр нэмэгдэхгүй

Автор | Zindaa.mn
2016 оны 08 сарын 02

Төрийн өмчийн болон хувийн хэвшлийн их, дээд сургуулиуд сургалтын төлбөрөө нэмэхгүй байх тохиролцоонд хүрсэн гэж Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь өнөөдөр /2016.08.01/ сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ онцоллоо.

Сайдын ажлаа хүлээж аваад удаагүй байгаа тэрбээр төрийн өмчийн их, дээд сургуулиудын захирлуудтай сургалтын төлбөрийн асуудлаар санал солилцсон бол хувийн өмчийн дээд сургуулиудын холбоотой энэ асуудлаар ярилцаж дээрх тохиролцоонд хүрсэн аж.

Мөн хичээлийн шинэ жилийн бэлтгэл хангуулах зорилгоор бүх аймгийн Засаг дарга нарт зөвлөмж хүргүүлж, төлөвлөсөн цаг хугацаандаа багтаан ажлаа дуусгахыг үүрэг болгожээ.

Жил бүрийн намар цэцэрлэгийн хүрэлцээний асуудал хөндөгддөг. Гэхдээ энэ жил цэцэрлэг олноор баригдаж ашиглалтад орж байгаа, мөн өрөө тасалгааны ашиглалтыг сайжруулах замаар цэцэрлэгт хамрагдах хүүхдийн тоог нэмэх, дэргэдээ цэцэрлэг ажиллуулах сонирхолтой аж ахуйн нэгжид тусгай зөвшөөрлийг нь саадгүй олгох замаар эл асуудлыг хамгийн боломжтой төвшинд барьж ажиллах чиглэлийг салбарын сайд нь бүх газарт хүргүүлсэн аж.

Энэ бүхнээр тооцоод үзэхэд аймгуудын хэмжээнд цэцэрлэгт хамрагдалт 84.6 хувьтай байх бол нийслэлд 70 гаруй хувьтай байх тооцоо гарчээ. Боломжгүйг нь Хүүхэд харах үйлчилгээнд хамруулах юм байна.

Мөн сайд Ж.Батсуурь маргааш Бразилийг зорих аж. Олимпод оролцож байгаа Монголын баг тамирчдын бэлтгэлийг хангах, амжилттай оролцуулах энэ бүх үүрэг даалгаврыг Засгийн газраас авсан байна.

Учир нь, олимпод Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар оролцохгүй болжээ.

“Рио-2016” олимпод Монголоос 51 тамирчин оролцох аж. Тэдний найм нь пара олимпод оролцоно. Ихэнх тамирчид Риод хүрч олимпийн хотхонд бэлтгэл сургуулилтаа базааж эхэлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top