Баян-Өлгийд 50 тн цемент ачсан машин осолдож, олон хүн амиа алджээ

Автор | Zindaa.mn
2016 оны 08 сарын 02

Өнгөрсөн даваа гаригийн 17:00 цагийн орчим Баян-Өлгий аймагт 50 тонн цемент ачсан ачааны машин осолдож, олон хүний амь эрсэдсэн харамсалтай хэрэг гарчээ. Эх сурвалжуудын өгч буй мэдээллээр, ослын улмаас 10-аад хүн амиа алдсан мэдээлэл байна.

Өнгөрсөн долдугаар сарын 10-нд Баян-Өлгий аймагт их хэмжээний бороо орж, үер буусны улмаас Өлгий сумын 9, 13-р багийн 300 гаруй айл усанд автжээ. Орон нутгийн эх сурвалжийн мэдээллэснээр, үерийн улмаас орон гэрээ алдсан иргэдийн шинээр байшин барихад шаардлагатай 50 тонн цементийг ачиж явсан “Камаз” маркийн ачааны машин уруу замаар доошлохдоо жолоодлогоо алдаж, замд байсан айлын байшинг мөргөсөн байна.

Осолдсон машинд жолоочоос гадна эхнэр, хоёр хүүхэд нь сууж явжээ. Өлгий сумын Онцгой байдлын албанаас болсон хэргийн талаар тодруулсан ч мэдээлэл өгөх боломжгүй гэв. Ослын газар тус сумын Онцгой байдлын алба аврах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байгаа бөгөөд нуранги доор хүмүүс байж болзошгүй байгаа аж. Бид энэ талаархи мэдээллийг удахгүй хүргэх болно. 

Э.ЭНХ-ЭРДЭНЭ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top