Хүнийг хайрлахаасаа өмнө өөрийгөө хайрла

Автор | Zindaa.mn
2016 оны 09 сарын 12

Өөрийгөө хайрлаж сураагүй хүн бусдыг хэзээ ч хайрлаж чадахгүй учраас хайр дурлалын харилцаа үүсгэхээсээ өмнө та өөртөө хэр зэрэг сэтгэл хангалуун хүн бэ гэдгээ дахин нэг шинжээрэй. Хэрэв та доорх зөвлөгөөг бүрэн дүүрэн хэрэгжүүлж чаддаг бол хайр дурлалын харилцаа тань тогтвортой бат бэх байх үндэс тавигджээ гэсэн үг. Учир нь энэ нийтлэлд хүн өөрийгөө хэрхэн хайрлаж, хүлээн зөвшөөрч улмаар бусдад хайраа хэрхэн түгээх талаар дурдсан байгаа юм.

Өөрийнхөө онцлогийг хүлээн зөвшөөрөх

Та өөр өөр өнгийн оймс өмсөх дуртай ч юм уу хүмүүсийн хачин гэж боддог зүйлсийг заримдаа хийдэг байж болно. Энэ чинь л таныг бусдаас ялгаруулж буй онцлог шинж юм шүү дээ. Хэрэв та үүнийгээ бусдаас нуулгүй илэрхийлж чаддаг, тэгээд таны хайрт бас хүлээн зөвшөөрвөл ирээдүйд ч чөлөөтэй байх боломж бүрдэнэ гэсэн үг. Харин таны онцлогийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа хүн бол мэдээж ирээдүйн хань болж чадахгүй. Тэгэхээр үргэлж өөрийнхөөрөө байснаар хайртыгаа ч бас сорих нэг шалгуур тавьж байна гэж ойлгосон ч болох юм.

Өөрийнхөө оюун ухааныг дээдлэх

Та хэн нэгэнд таалагдахын тулд заавал тэнэг авирлах шаардлагагүй юм. Харин таны хайрт болох хүн өөрөө оюун ухааныг тань хүлээн зөвшөөрөх ёстой. Зогсолтгүй сурч боловсорч, өөрийгөө хөгжүүлж, тийм хүмүүсээр хүрээлүүлэх нь өөрийгөө хайрладаг хүний чухал шинж чанар. Ийнхүү өөрийгөө нэгдүгээрт тавьж сурснаар таныг хүндэлж ойлгодог нэгэнтэй учрах үүд хаалга нээгдэнэ.

Өөртөө итгэлтэй байх

Хүн бүхэнд давуу ба сул тал гэж бий. Жишээ нь та математикт муу, урлагийн авьяастай байж болно. Харин өөр нэг хүн эсрэгээрээ байх жишээтэй. Тэгэхээр өөрийнхөө давуу талыг улам тодотгож, өөртөө цаг ямагт итгэлтэй, бардам байх хэрэгтэй. Сул талаа бусдад харуулж, тэдэнд өөрийнхөө талаар таагүй сэтгэгдэл төрүүлэх нөхцлийг үүсгэхгүй байхыг аль болохоор хичээгээрэй. Тэгэхгүй бол ирээдүйн хань тань хүртэл танд тоомжиргүй хандах вий.

Өөрийнхөө гадаад үзэмжийг үнэлэх

Энэ дэлхий ертөнцөд бүх зүйл нь ижилхэн хоёр хүн гэж байдаггүй. Энэ нь үнэндээ тун баярлууштай зүйл билээ. Яагаад гэвэл та давтагдашгүй цорын ганц шүү дээ. Тийм болохоор царай төрх, бие хаа гээд өөрийнхөө бүх зүйлийг хайрлаж, үүндээ сэтгэл хангалуун байж сураарай. Тэгсэн цагт таныг яг байгаагаар тань хайрлах нэгэн олдоно. Харин таны гадаад төрхийг шүүмжлэх нэгэн тааралдвал зүгээр л баяртай гэж хэлээрэй.

Өөрийн бүтээлч байдлаа илэрхийлэх

Та шүлэг, өгүүллэг бичих дуртай юу? Эсвэл шинэ содон зүйлс зохион бүтээх хоббитой юу? Ямар ч сонирхол хоббитой байсан үүнийгээ орхигдуулахгүй үргэлжлүүлэх нь чухал. Бүтээлч байна гэдэг нь өөрийгөө бусдад илэрхийлэх томоохон арга зам билээ. Тийм ч учраас танд тохирох онцгой нэгэн бол энэ чанарт тань татагдах нь гарцаагүй.

Өөрийнхөө хүсэл мөрөөдлийг дагах

Магадгүй таны хамгийн ихээр хийхийг хүссэн зүйлийг хүмүүс үгүйсгэж, арай бодитой бай л даа гэх зэргээр эргэлзүүлж байсан байх. Гэхдээ энэ бол өөр хэний ч биш таны л амьдрал учраас өөртөө баяр баясал төрүүлдэг зүйлсийг зоригтойгоор хийх хэрэгтэй. Хүсэл мөрөөдлийнхөө төлөө зоригтойгоор алхам хийснээр жинхэнэ утгаараа амьдарч чадах билээ.

 

Алдаагаа уучилж сурах

Хүн бүхэн л алдаа гаргадаг болохоор өнгөрсний төлөө харамсаж суулгүйгээр зорилгынхоо төлөө тууштай тэмцээрэй. Бусад хүмүүс юу ч гэсэн хамаагүй өөртөө л итгэх нь чухал. Бусдаас хараат бус, бие даасан хүчирхэг хүн л амьдралынхаа эзэн нь байж, хайр дурлалаа ч удирдан залж, аз жаргалаа бусдад булаалгахгүй амьдарна гэдгийг л энэ нийтлэлээрээ хэлэхийг зорьлоо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top