“Нортерн Рэйлвейс” ХХК-ийн ТУЗ-ын даргыг хүлээн авч уулзлаа

Автор | Zindaa.mn
2016 оны 09 сарын 14

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр “Нортерн Рэйлвейс” ХХК-ийн ТУЗ-ын дарга Дейвид Пауллыг хүлээн авч уулзлаа.

“Нортерн Рэйлвейс” ХХК нь Монгол Улсад бүртгэлтэй бөгөөд Эрдэнэт-Овоотын чиглэлийн төмөр зам барих төсөлд оролцож буй компани юм.

Монголын хойд бүс нутгийн уул уурхай, газар тариалан болон аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд дэд бүтцийн чиглэлээр томоохон хөрөнгө оруулалт хийх гэж байгаад Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат уулзалтын эхэнд талархал илэрхийллээ.

Монгол Улсын Засгийн газар хойд бүсийн төмөр зам барьж байгуулах төслийг дэмжиж буйд, мөн гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж ажиллаж байгаад ноён Дейвид Паулл талархлаа илэрхийллээ. Мөн төсөл хэрэгжсэнээр Монголын эдийн засагт үр өгөөжөө өгнө гэдэгт итгэлтэй байгаагаа хэлээд төслийг БНХАУ-ын Хөгжлийн банк, Азийн дэд бүтцийн Хөгжлийн банк зэрэг байгууллага дэмжиж, санхүүжүүлэх боломжтой гэдгээ илэрхийлсэн байна. Хойд бүсийн төмөр зам барьж байгуулах ажлын инженерийн судалгаа хийгдэж байгаа, 2017 оны зургадугаар сард барилгын ажлаа эхлүүлэхээр төлөвлөжээ.

 

 

Монгол Улсын Засгийн газар төмөр замын тээвэр, дамжих өнгөрөх тээврийн хэмжээг нэмэгдүүлэх, төмөр замын үйл ажиллагааг өргөжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Энэ талаар Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт ч тусгасан. Иймд богино хугацаанд ажлаа эхлүүлэх нь зүйтэй гэдгийг Ерөнхий сайд онцлоод Засгийн газар дэмжиж ажиллахаа илэрхийллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top