Ч.Мөнхбаяр: Ардчилал гэдгээ мэдэхгүй байж, яаж АРДЧИЛСАН нийгэм байгуулсан байх вэ?

Автор | Zindaa.mn
2016 оны 10 сарын 19

Иргэний хөдөлгөөний идэвхтэн Ч.Мөнхбаяртай улс төрийн асуудлуудаар хөөрөлдлөө.

-   Та аймгуудаа барьцаанд тавьж зээл авах гэж байна гэж мэдэгдэх боллоо. Энэ хэр бодитой вэ?

-1990-ээд онд газар дээрх хамаг бүтээн байгуулалт, байгалийн баялгийг хамгийн охор сохор, өнөө маргаашаа аргацааж ядсан ганзагын наймааны золиос болгон устгах ажлыг ямар ч эх оронч бодол сэтгэлгүй, өчүүхэн төдий чадвар зүтгэлгүй посткоммунистууд, псевдодемократууд хамтран зохион байгуулсан.

2000-аад онд газар дорхи далай их байгалийн баялгийг харьд бэлэглэн, шан хүртэх арчаагүй, урвагч ажлыг авлигачид, олигархууд маань амжуулсан.

Түүнээс хойш мөнгө олох гэж төр засаг үйлээ үзэж, зээл авч, бонд гаргаж, дэлхийн цөмийн хаягдал булшлах төв байгуулахыг санаачлах, хойд хөрш рүү шан хөлс авч давшлах зэргээр аргаа бардаг боллоо.

-   Одоо тэгээд цаашдаа яах вэ?

Монголын газар дээрхи, газар дорхийг устгачихсан. Монголын газрыг харьд зарах л тэдэнд үлдсэн. Мөнгөнөөс өөр эрхэм юм юу ч үгүй ихэс дээдэс маань тэр зам руу орж байгаа бололтой.

Монголын дарга нар улс орны үнэ цэнэт бүхнийг харьд бэлэглэсний балгаар төр улс мөнгө олох эх үүсвэргүй мэт болсон.

Үндэснийчлэлээр харийн түрэмгийллийг арилгахын оронд, улам дэвжээн даамжруулах зүйл л хийж байна. Зээлдүүлэгчийн юу хэлснийг үг дуугүй биелүүлж, дайны үе шиг бүсээ чангалж, ядарсан зүдэрсэн нь үхэж үрэгдэхэд тулж, боол хамжлага нь болох Стэнд бай хөтөлбөрөөр 1,5 тэрбум доллар зээлнэ гэж байна. Фукушимагийн зэрэг цөмийн хог хаягдлыг Монголд булшлахыг зөвшөөрөн, Японоос их хэмжээний зээл авах гэж санаархаж байна. АСЕМ зохион байгуулснаар зээл тусламж үерлэн орж ирнэ гэж байсан нь үлгэрийн далай болжээ.

-   Тэгвэл ямар зорилго нөхцөлтэй нь огт тодорхойгүй, маш нууц, улс төрийн гэх, жилд 13%-ийн хүүтэй, 4,2 тэрбум долларын зээлийг Хятадаас авах гэж байна гэх мэдээлэл олон хүнийг арга буюу түгшээж байна. Харьцуулахад, Чингис бондын зээл 4,3%-ийн хүүтэй. Энэ зээлийн асуудлыг удахгүй ҮАБЗ-өөр хэлэлцүүлнэ гэнэ. Дээгүүр ахан дүүгийн тусламж гэж их хөөрцөглөж байгаа юм байх. Тэр зээлдүүлэгч ахан дүү ч яахав. Монгол ахан дүүсээ яах гэж байна даа. Цаазын тавцан руу чирч байгаа юм биш биз?

Нарийн царигийн төмөр зам барихад зориулна гэж дуугарч байх юм гэнэ. Энэ чинь хаанахын ямар учиртай зам билээ дээ? Бас Оростой хийж байгаа хүйтэн дайны нэг чиглэл нь гэж байгаа.

50 сая төгрөгийн байрыг 100 саяар авахуулж ивээдэг ипотекийн зээлд бас зарцуулах юм байх.

Байгалийн баялагтаа эзэн болж, олон салбарт эдийн засгийг цогцлоох буюу, улс орноо аврах үйлсэд зориулна гэх юм дуулдахгүй байна. Алах юм л дуулдаад байна. Урьд урьдын зээл, бондууд руу дарга нар хотонд орсон чоно сүргийг сэглэн устгах буюу, хулгайч дээрэмчид олзоо хайрлахгүй үрж цэнгэж дуусгадаг шиг дайран улайрч, ор мөргүй шахам устгаж байсан.

Энэ зээл ч өсөн үржиж буй луйварчдын аманд орж замхрах буюу, ихэнх нь ч ажил үйлчилгээний тус авсан гэгдээд буцаад явчих байх.

Өмнө үзэгдэж харагдаж байгаагүй энэ их мега зээлийг эргүүлж яаж төлөх вэ гэж бодож ч амжаагүй байтал манай аймгийг барьцаанд тавьж байгаа гэх сураг дуулдлаа гээд Өмнөговьчууд түгшүүрийн харанга дэлдэж эхэлсэн билээ. Дараагийн ээлжинд аль аймгийг тавих вэ...

-   Манайх шиг нөхцөл байдалд орсон бусад улсууд яаж шийдвэрлэж байх юм?

-Тажикистан улс өмнөд хойдын угсаатны зүйн ялгавар, цөөнх үндэстэн бадахшанчуудын тусгаар тогтнох эрмэлзлээс болж иргэний дайнд нэрвэгдэж, дампуурч хоосрохдоо тулаад Хятадаас дахин дахин зээл авч, улмаар төлж чадахгүйд хүрсэн. Тусгаар тогтнуулж алдчих гээд байгаа бадахшанчуудын нутгаас их хэмжээнийхийг Хятадад өгөх болж, дэлхийд хосгүй тохиолдол гарсан ба, Хятадын цэрэг ч уухайн тас орж ирсэн.

Цаашдаа бадахшанчуудын бүх нутаг буюу, улсынхаа газар нутгийн 40 хувийг өгч, хэтдээ Афганистанд юм уу, магадгүй Хятадад ч нэгдэн Тажик улс мөхөх төлөвтэй гэх шив.

ОХУ санхүүгийн хүнд байдалд орж, түүхий эд 20 жил нийлүүлэх урьдчилгаа төлбөр юаниар авч аргацаахдаа хүрэн, Хятадын үгийг дагамхай болжээ. Ингээд газраа энд тэндгүй түрээслүүлэх болсон. Манайтай хил залгаа Байгалийн хязгаар буюу буриадуудын унаган нутгаас 115 мянган га газрыг 49 жилийн хугацаатайгаар бараг үнэгүй түрээслүүлэх болсон жишээ бий.

-   Манайх эдгээр жишээг давтахгүй гэх ямар баталгаа байна вэ?

Тэгвэл өөрөөр шийдвэрлэсэн жишээнүүд ч бий. Тэдгээр жишээг даган, Үндсэн хуулийг зөрчсөн хууль, төрийн актууд, гэрээнүүдийг цуцалж, байгалийн баялгаа гартаа оруулж хөгжихөөс өөр ямар ч арга алга. Төлбөр ялбарт унадаг юм бол газар дорхи хязгааргүй шахам баялгаасаа үнэлүүлж байгаад, хэсгээр нь төлөх болох байх.

Тусгаар тогтнолоо алдаж, гадны боолын боол, босгоны шороо болсноос л хавьгүй дээр.

Харин аймаг аймгаар нь харьд өгч зээлээ төлнө гэх юм бол тийм бүрэн сүйрлийн замыг шийдвэртэй эсэргүүцэцгээе! Баялагтаа л эзэн болъё. Улс гэрээ барьцаанд тавихыг зөвшөөрөхгүй!

-  Засгийн газрын 100 хоногийн талаар иргэний хөдөлгөөнийхөн хэвлэлийн хурал хийсэн. Энэ талаараа манай уншигчдад танилцуулна уу?

-Өнгөрсөн 100 хоногт хүнд хэцүү байдалтай байгаа Монгол улсын нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх талаар МАН нэг ч бодитой ажил амжуулсангүй, мэргэжлийн нэг ч алхам хийсэнгүй гэж тэд дүгнэв.

Харин ард иргэдийн аж амьдралд эерэг ач холбогдолтой байсан бүх хөтөлбөр халамжийг бүгдийг нь цуцлах хаах, гагцхүү харгис үйл ажиллагаа л явуулж ирлээ.

"Сонгуульд үнэмлэхүй ялж төрийн эрхийг дангаар авсан бид яасан ч яадаг юм, ингэлээ гээд биднийг яах ч үгүй" гэсэн сэтгэлгээгээр хандаж, аюултай нууц олон алхмуудыг харин хийх болсон.

-    МАН үнэмлэхүй гэх ялалтыг байгуулаад Монголыг аврах үйл ажиллагаа явуулж ирэв үү?

Үгүй ээ. Хамаг баялаг, нутаг усаа алдаж, резерваци хэмээх дүрвэгчийн лагерь мэт зүйлд амьдран, архи, казино, цацраг идэвхид дарлуулан мөхөгч индианы ард түмнүүд шиг хувь заяаг бидэнд тулгах гэж байна. Дэлхийн санхүүгийн “Уолл-Стрит жорнэл” сэтгүүлд Монгол улс эдийн засгийн хувьд сөнөж сүйрч дууслаа” гэж халаглан бичсэн бол нэрт эдийн засагч Гупта Монголын төр засаг тэнэглэж байна гэж дүгнэлээ. Нийгэм эх захаа алдаж буйн жишээ нь саяын мөрийтэй тоглоомчдыг дээрэмдсэн гэх хэрэг.

Монгол тэр аяараа мөрийтэй тоглоомын газар мэт л боллоо.

Ашигт малтмалын үнэ долдугаар сараас өссөн нь монголчуудын хувьд авралт завшаан болох учиртай. Гэтэл байдал улам дордсоор. Далай их байгалийн баялаг маань хаачив аа? Ийм хүнд байдалд орох гэж сонгогчид МАН-д саналаа өгсөн үү?

-   Засгийн эрхийг аваад удаагүй байна, ажлыг нь хийлгэ гэж цөөнгүй хүн хэлдэг дээ?

-УИХ, НИТХ-ын сонгуулийн дараахан МАН хүн ардын хамгийн их дургүйцэл жигшлийг төрүүлсэн этгээдүүдийг хамгийн өндөр албан тушаалд тавьж, ард иргэдийг басамжлан доромжилж, бах таваа хангах мэт үйлдэл гаргасан. Засаг дарга байхдаа аймгаа хятад голдуу компаний уул уурхайн хөлд талхчуулсан, элдэв хэл аманд хангалттай холбогдож байсан, УИХ-д ороод тэр компаниудын эрх ашгийг хамгаалаад суучихсан, ариун дагшин Ноён ууланд алт ухуулахаар улайран дайрдаг, улсыг их өрөнд оруулахад хамтран зүтгэсэн, Дубайн гэрээнд гарын үсэг зурсан, сонгуулиар будлиан булхай хийсэн гэхчилэн түмэн нүгэлтэн Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайд болгосон.

Ерөнхий сайд болох сураг гаруут л Ж.Эрдэнэбат Ноён уулыг уурхай болгох хурал зохион байгуулж байсан.

Газрын наймаачин, албан тушаалын наймаачин, цөмийн наймаачин, Мүүний шашны наймаачин гээд дандаа хууль бус наймаачдыг өөд нь татсан. Түүнийхээ дараа МАН мөрийн хөтөлбөрөө эсрэгээр нь биелүүлэх л юм хийлээ. Мөнгө байхгүй, юу ч хийх арга алга, хамаг цалин халамжийг багасгаж, орон тоо цомхотгож хэсэг амь зогоохоос өөр замгүй гэсэн л үгээр мянган асуудлын таглаа хийж байна.

УИХ-ын чуулган ч эхлээгүй байхад л амласнаа бүгдийг нь эсрэгээр нь шийдэж амжсан намыг юу гэх вэ?

Далан худалч нам гэх үү, юу ч мэддэггүй МАН-гарууд гэх үү. Амлалтаа биелүүлэх гэсэн чинь ямар ч боломж байдаггүй, үүнийг мэдсэнгүй гээд байгаа. Улс орныхоо нийгэм-эдийн засгийн бодит байдлын талаар ойлголтгүй байсан юм бол яах гэж элдэв шидийн юм амласан юм бэ, эсвэл мэдсээр байж, санаатайгаар сонгогчдыг залилав уу?

МАН-ынхан ард түмэн дэндүү тансаглаад улс орныг сөнөөчихлөө гэж сонгогчдоо гүтгэж харлуулсан.

Ард түмнээ хэт жаргаж цэнгэж, идэж уулаа, одоо бүсээ чангал гэж гүтгэн дайрах, далай их баялагтай улс атал төрөөс өгдөг жаал жуул юмаа тэглэх, зээлийг зээлээр л төлнө гэж үглэх, дэлхийн цөмийн хөнөөлийг төвлөрүүлэх гэж зүтгэх гэдэг бол огтхон ч гарц биш юм. Гагцхүү эрүүл нийгмийн бодлого л Монгол орныг аврана, өөр юу ч биш. Гэтэл МАН-д эрүүл саруул ухаан, үйл ажиллагаа үгүй гэдэг нь өнгөрсөн хугацаанд хангалттай харагдлаа.

-   МАН ямар амлалт хөтөлбөрөө эсрэгээр биелүүлэв?

  • Ард иргэдийн аж байдлыг дээшлүүлэхэд чиглэсэн:
  • “Давхар дээлгүй” мэргэжлийн ЗГ байгуулах,
  • Хүүхдийн мөнгийг олгох,
  • Оюутны тэтгэлгийг олгох,
  • Татвар нэмэхгүй, шинэ төрлийн татвар бий болгохгүй байх,
  • Цалин урамшууллыг өсгөх,
  • Өрхийн сарын орлогыг хоёр дахин нэмэгдүүлэх,
  • Орлого багатай иргэдээ тусгайлан тэтгэх,
  • Тэтгэвэр тэтгэмжийг үе шаттайгаар нэмэгдүүлэх, тэтгэврийн насыг наашлуулах,
  • “Насны хишиг” шинэ тэтгэвэр буй болгох,
  • Эхчүүдэд хүүхдээ асарч өсгөсний цалинг олгох хууль эрхзүйн орчинг бүрдүүлэх,
  • Үндэсний тэтгэлэг 70 200 төгрөгийг үргэлжлүүлэн олгох,
  • Инфляци, ханшийн уналтыг зогсоох,
  • “Баялгийн сан” байгуулж, иргэдэд хүртээх,

-Итгэлийн зээл зэрэг шинэ зээлүүдийг буй болгон, иргэддээ туслах гэх зэрэг амлалтыг өгч, 2016 оны УИХ, НИТХ-ын сонгуульд оролцжээ. Гэтэл дээрхи амлалтууд эсрэгээрээ хэрэгжиж байгааг бид харж байна. Ямар утга учиргүй явдал гээч энэ билээ.

Эдийн засаг, нийгэм рүү чиглэсэн:

  • Тусгай зөвшөөрлийн тоог гурав дахин цөөрүүлэх,
  • Арилжааны зээлийн хүүг бууруулах, хугацааг уртасгах,
  • Аймаг бүрт аль болох олон үйлдвэр барих,
  • Бага орлоготой ААН-үүдийн орлогыг 1% болгох,
  • “21:10”, “Монгол мал”, “Атрын аян” зэрэг томоохон хөтөлбөрийг хэрэгжүүлэх, өргөжүүлэх,
  • Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг 2 дахин нэмэгдүүлэх,
  • ШУ, технологийн судалгааны санхүүжилтийг 5 дахин нэмэгдүүлэх,
  • Бүсийн хөнгөлөлтийг бодитоор хэрэгжүүлэх,
  • Валютын нөөцийг үлэмж нэмэгдүүлэх,
  • Тариалан, МАА-н бүтээгдэхүүнийг, түүнийг боловсруулах үйлдвэрлэлийг 4 дахин нэмэгдүүлэх,
  • Хамгаалалттай газар нутгийг 25%-д хүргэх,
  • “Ардын засаглал” хөтөлбөрийг хэрэгжүүлэх,

Хууль алагчлалгүй үйлчлэх зэрэг амлалтууд яав аа? Бүгд эсрэгээр хэрэгжиж байна. Энэ бүхэнд ард түмэн шударга сонголтоороо хариу барих ёстой.

-   Ардчилсан хувьсгал ялаад 26 жил боллоо. Ер нь ямар үр дүн гарав, ямар нийгэм бүрэлдэв?

-ЗХУ-ын дарлал мөлжлөг ч байсан, түшиг дэмжлэг ч байсан. Марксизм - ленинизм гэх, библийн диваажин, эцсийн дайн зэрэг төсөөллүүд дээр тэр үеийнхээ нийгэм -эдийн засгийн шинжлэх ухааныг харгис бүдүүлгээр наасан неофеодалын дарангуй онол дээр суурилсан нийгэм байлаа шүү дээ.  Өмнөх феодалын нийгэмтэй холбоотой гэж бодсон бүхнээ ор мөргүй устгасны үндсэн дээр суурийг үүсгэж, номенклатур гэдэг феодал давхарга тогтнож захирдаг байлаа.

Манай ард түмэн перестройка, гласность гэсэн шинэчлэлийн давалгаануудын ачаар нэлээн зүйл ойлгож, феодалын нийгмийг халж ардчилсан нийгэм байгуулъя, зөвлөлтийн ноёрхлоос чөлөөлөгдөж, үндэсний эрх чөлөөтэй золгоё гэх чин хүсэл эрмэлзэлтэй болсон. Соцлагерийн энэ чиг хандлагыг торгоож тогтоох хүч ч, хүсэл ч ЗХУ-д байхгүй болсон.

Харин ядуу чадуу эдийн засагтаа нэмэр хандив болох гэж, тэндээс нөлөөний хүрээгээ татлаа, цэргээ гаргалаа, танайх ор гэж наймаалцаж эхэлсэн.

Европыг Барууны орнуудад, Вьетнам, Лаос, Камбужийг АСЕАН-д, Монголыг Хятадад гэхчилэн наймаалсан. Ингээд нэг их гүрний нөлөө нөгөөгийнхөөр солигдсон.

Монголын удирдлага нь цэвэр зөвлөлтийн мэргэжилтнүүдийн юу хэлснийг л гүйцэтгэдэг, Зөвлөлтөд нэгдэх бэлтгэлийг ханган ажилладаг байсан хэрнээ, эрх мэдлээ алдахыг хүсээгүй. ЗХУ, БНХАУ, БНМАУ-ын номенклатурчид хамтарч, ардчиллын эсрэг эргэлт хийсэн нь ардчилсан хувьсгалтай зэрэгцэн явагдаж, үр дүнд нь ахин коммунистууд төрийн эрхийг авсан. Социализмын үед олон сөрөг үзэгдэл үүссэн байсныг коммунист удирдлага улам даамжруулж, зөвхөн өөрсдийнхөө хувийн эрх ашгийг хангах ажилд зүтгэж, гадаадын шинэ эздийг хайж олж, тэдэндээ улсаа нэгтгэх дадаж сурсан ажлаа л хийсэн.

Үр дүнд нь өнөөдөр хулгайч буюу клептос гэх бас нэг шинэ феодалын нийгэм тогтноод байна.

Үзэл суртлын хувьд заримдаг мазохист шинжтэй ч, гагцхүү мөнгийг шүтэн бишрэх үзэл дээр доргүй дэлгэрсэн. Ийм болохоор улс орны тусгаар тогтнол бүрэн алдагдах дээрээ тулаад байна. Амин хувиа хичээх үзлээс болж ард түмэн гэх ерөнхий хэл соёл, эрх ашиг, эдийн засаг, улс төр, газар нутгаар  нэгдсэн нийтлэг алга болж байх шиг. Амьтны ертөнц рүү уруудаж, идэх, хоол хайх, хулгуу, аллага, нөхөн үржих зэрэг үйлийг л ойлгодог, үнэлэн үздэг, хүчтэний өмнө хүчгүй нь буруутай гэдэг ганц ёс суртахуунтай хоёр хөлт хохимой толгойтууд олширч байна.

Үүнээс болж гал усны гашуун зовлон, үй олны үхэл мөхөл нүүрлэхээс биш ямар ч сайн сайхан юм болохгүй.

Буутай цэргийн өөдөөс бутанд хярсан амиа хичээгч яаж ч чадахгүй, намнуулаад л дуусна. Дэлхий ч ийм хөгийнөөс хөгийн хүмүүсийг өмгөөлөхгүй. Далайн дээрэмчид ч арлаа эх орон хэмээн, колонийн гүрнүүдийн их цэрэгтэй амь хайргүй байлдаж ялж ялагдаж явсан байдаг. Хулгайчаас дор ёс суртахуунтай болоод ухаан нь уландаа орно гэгч болох гээд байна уу даа? Энэ бүхнийг хүсээгүй бол ард түмэн сэрж сэхээрч, улс үндэстнээ дээдлэн эрхэмлэж, хэл соёлоо сэргээж, эрүүл нийгмийг цогцлоож, буян нүглийг дэнсэлж, соёлт хүн төрөлхтөнтэйгээ мөр зэрэгцэн алхаж явбаас цэнгэлийн манлайд хүрнэ.

-   Нийгмийн хямралаас гарахын тулд юуны өмнө ямар алхам хийх хэрэгтэй гэж?

-Ардчилсан хувьсгал. 26 жилийн өмнөх ард түмний ардчилсан хувьсгал буюу үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнийг номенклатур давхаргынхан хулгайлчихсан. Үе залгамжилсан клептос феодалуудын нийгмийг түлхэн унагах хэрэгтэй.

-   Аливаа хувьсгал цус золиос авчирдаг даа?

-Эх орноо хамгаалахад юу ч тохиолдож болно. Амь насаа ч зориулах ёстой нь аль ч улсын хуулинд байдаг. Тэгж байж улс тогтдог, улс үндэстнээр хүн төрөлхтөн ч, хувь хүн ч оршдог.

Гэхдээ заавал цус үзэхийг эрмэлзэхгүй л дээ.

80-аад оны эцсээр хэдэн арван ардчилсан хувьсгал гарч, үл бүтэх дэглэмүүдийг унагасан. Ихэнх нь цус урсгалгүй явагдсан. Ихэнх нь сайн үр дүнд хүргэсэн. 1921 оны ардын хувьсгалаар төсөөлөх явдал байдаг. Тэр үед харийн зэвсэгт ноёрхогчдоос зэвсгийн хүчээр эх орноо чөлөөлөх шаардлага гарч байсан. Одоо бол байдал өөр. Монголын ард түмэн нэг удаа цусгүй ардчилсан хувьсгал хийж байсан бол хоёрдахь удаагаа чадах ёстой.

-   Монголчууд бидэнд ямар үзэл онол хэрэгтэй гэж боддог вэ? Ардчилал таарахгүй юм байна гэж их ярих боллоо?

-Ардчилал гэдгээ мэдэж байгаа хүн байгаа юм уу. Харьд үйлчлэгч нам засгуудын тархи угаалтаас болж амтай бүхэн л ардчилсан нийгмээс хамаг муу юм боллоо гэх юм. Том улс төрчид нь ч тэгж байна, томоохон эрдэмтэн багш нар нь ч тэгж айлдаж байна. Уг нь ардчилал гэдэг бол хүн төрөлхтний хамгийн сайн сайхан зүйлсийн цогц байгаа юм. Демос кратос буюу ардын эрх, ардын засаг гэсэн утгатай. Тийм нийгмийг манай язгуурын эх орончид байгуулахыг зорьж байсан.

Хаант Оросын эрүүжсэн бурангуй нийгмээс ленинизм гэдэг аймшигт гамшиг үүдэж, дарсан болохоос.

Өнөөдөр муу юм болонгуут л өө энэ ардчилал байна гэх юм. Нөгөө “Наадах чинь Сүмбэр уул!” гэдэг шиг. Хулгай гарвал ардчилал байна л гэх, тэр чинь хулгай л юм шүү дээ. Яаж толгой нь хамуурахаараа тийм юм ярьдаг юм бол гэмээр. Гэхдээ энэ нь феодалын нийгмээсээ гараагүй, нам засгийн суртал ухуулга, бусад улсын нөлөө гээд олон шалтгаантай. Ардчилал гэдгээ мэдэхгүй байж, яаж ардчилсан нийгэм байгуулаад муу муухайг нь үзэж жигшсэн байх вэ?

Манайд феодалын нийгэмд байж болох хэмжээгээр өчүүхэн хэмжээний л ардчилал байгаа байж болох юм.

Монгол туургатны үндэсний үзэлтнүүд монголчуудын үзэл онолыг тодорхойлчихсон. Энэ нь үндэсний ардчилал буюу, үндэс язгуураа дээдэлсэн ардчилсан нийгэм. Үндэсний үзэлтэй хосолсон үзэл. Зуу гаруй жилийн өмнө буриадын соён гэгээрүүлэгчид онол талаас нь нэлээн боловсруулсан. Үндэсний үзэл гэдэг бол үндэстнээ хайрлан хамгаалж, хөгжөөн дэвжээж, энхжүүлэн мөнхжүүлэх улс төрийн бодлого сургааль юм.

-   Та Монголын ногоон намын ЕНБД байснаа, МАХН-д сонгуулийн өмнө гэнэт элсэж, энгийн гишүүн болсон. Учир нь юу вэ. УИХ-д дэвших зорилгоор тэгсэн бол яагаад дэвшээгүй вэ?

-МНН-д би 8 жил байлаа. 2012 оноос 2014 оны дунд хүртэл ЕНБД байсан. Удирдлагатай санал зөрөлдөөн байсан. Дэлхийн ногоонтнуудын хартиг биелүүлэхгүй байна, гишүүдийн оролцоогүй нам боллоо гэхчилэн хамгийн том асуудлуудаар. Энэ нь намайг ЕНБД, Бага хурлаас болиулах шалтгаан болж байсан бол хавар УИХ-д дэвшихээс мултлах шалтгаан болсон. Цагийг нь тулгаад дүүргийн намын хороо гэдэг байхгүй юмны хурлыг хийлгэж, саналаар ялж гарч дэмжүүлж, тамга даруулж ирвэл дэвшүүлнэ гэсэн. Тэр үед МАХН хөдөлгөөнийхөн болон шударга бүхнийг намдаа уриалан дуудаж байсан. Энэ хоёр нам замын хоёр талд байдаг.

Би дургүй хүрээд л шууд зам гараад МАХН-д элсчихсэн байдаг.

Намайг 71 буюу 1-р хороололд, амьдардаг газар маань дэвшүүлсэн ч нэг өрсөлдөгчид саналаар ялагдсан. Сэлэнгэ, Сүхбаатар, Хөвсгөлийн тойргуудад өрсөлдөгчгүй дэвшүүлсэн ч би өөрөө хөдөө дэвших боломж хомс тул нэрээ татсан.

-   Намууд хэрэггүй гэх хүн олон. Таны бодол?

-Нам гэдэг бол язгуурын эх орончдын маань байгуулсан, эх оронч байгууллага юм л даа. Нам, гэмт хэрэгтэн гэх ойлголтуудыг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Намд цөөнх гэмт хэрэгтэн байж мэднэ. Тэгвэл олонх нь эгэл ардууд, сайн сайхан хүмүүс л байдаг. Монгол улсад гэмт хэрэгтнүүд байна уу, байна, гэтэл Монгол гэж ерөөсөө хэрэггүй гэж болохгүй биз дээ. Тэрэнтэй л адил. Ойлголтоо сайжруулах хэрэгтэй, оюунлагаа дээшлүүлэх хэрэгтэй.

Би өөрөө намыг эх орончдын байгууллага болгох эрмэлзэлтэй байдаг.

Ер нь Монголын хүн бүр эх оронч байх ёстой. Эх оронд амьдарч л байгаа бол эх оронч байхаас өөр, эх орныхоо төлөө амиа зориулахад бэлэн байхаас өөр ямар ч сонголт байдаггүй юм. Эс бөгөөс урвагч болдог.

За ингээд цаг зав гарган хүсэлтийг минь хүлээн авч ярилцсан танд маш их баярлалаа ...

Монголын төлөөх оюун ухаан тань мэргэн байж

Монголын төлөө цохилох зүрх зориг чинь

Мохошгүй байх болтугай...  Хэнтийн Батхүү

www.zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(77.56.209.191) 2016 оны 10 сарын 30

Ene hun umhii muslim hazaaruudiig demjideg boltoi. ta zugeer uuruu l huvidaa demj bitgii humuust surtal uhuulga hiigeed bgaarai. ah duugiin huuhduudn hoorondoo gereldeg eruul saruulaar setgedeggui uimeen samuun bolgoj baival setgeln hanadag manai niigemees 100 jileet hotsrogdson ard Tanii uulzdag n gaigui humuus bj boloh ch jinhene ard n mash ayul daguulsan humuus baidagiin.

0  |  0
zochin(116.44.154.116) 2016 оны 10 сарын 22

ene hun ardchilal gedegee ogt medehgui hun bina haanahiin irgenii hodolgoon be iim humii araas hezeech orj bolohgui bur sanaan n bidniig alaltsuulah n eniig ydaj 8 jiliin omnoos hutsahgui yasan be

0  |  0
zochin(116.44.154.116) 2016 оны 10 сарын 22

dahiad l shuumjlel dahiad l niigmiin ul oilgogdoh helleg uuniig tarhia gashilgatal sonsloo 25 jil pizda mn tegvel Ardchilal gedeg chn yg yu yum be ongorcniig bid tuulj irsen medeh m medej medehgui n medehgui l bih neg tus burchlen taalagdsan Ardchilalaa 25 jil munharsan tolgoinuudad oilgotol tailbarlaj ogooch dahin davtan huuchin aar setdej ooriigoo sondgoiruulah hereggui bas haashaal bol uschsen ooroo ene bichsen shigee hun bina dahin hele Ardchilal gedegee undes suuri onol praktikaar n taibarl olon yum hutsah hereggui

0  |  0
Лувсан(202.9.41.194) 2016 оны 10 сарын 20

Энэ зээлииг авахуулахгуйн толоо монголын ард тумэн тэмцэх хэрэгтэй байна МАН хэсэг ноход дураараа дургиж ард тумэн монголынхоо газар нутагииг хосор хаян тоглож байна Зээл авахуулахгуйн толоохот ходоогиин иргэд нэгдэн торд суугаа хэдэн этгээдуудиин эсрэг тэмцэцгээе...

0  |  0
Зочин(139.5.217.65) 2016 оны 10 сарын 20

Зээл болгон хүүгээр эзнээ баяжуулж хэн нэгийг түр хулихдан ядууруулж байдаг төрийн талхи байсаар ирсэн үнэн түүх. Төрд баячууд гарч төрөөс ард түмний өмчийг булааж суух боломж олгох нь нам баян байх үндэсболовч эцсийн эцнсд иргэдийг намын өмнө бөхөлзөх уй гашууг бий болглхуй

0  |  0
Иргэн(202.9.42.51) 2016 оны 10 сарын 20

Ипотекиин зээлииг зогсоо тэгвэл байрны үнэ навс унана барилгын компаниуд өөрсдөө зээлээ олгоно биз үхмэл хөрөнгө болгосон дээрүү. Хятдаас зээл гэдэг нь улс төриин зээл юм биш үү орон нутгиин сонгуульд зориулсан . Ард иргэд ниигмиин идэвхитэй байж санаа нэг байх нь чухал . Сонгуульд хотод ман-г гаргаж болохгүй

0  |  0
зочин(122.201.22.187) 2016 оны 10 сарын 20

Улс төрд ороод нэг л бухимдсан хүн байна даа. 2 том намд мөнгөтэй хүн л хэрэгтэй. Мөнгийг эх орон тусгаар тогтнолоосоо илүү шүтээд байх шиг. Улс төрд шургалсан мөнгөтэй хүмүүсийн утга учиргүй барьсан, хэд дахин ашиг олох гэсэн орон сууцуудыг борчууд авч чадахгүй боллохоор банкны зээл гэж молигодоод борлуулсаар, ард олон өр зээлэнд орсоор бурантагтай тэмээ шиг боллоо доо. Ирээдүй баргар байна. Төр засгийн эрхэнд 26 жил суудал сэлгэгчдийг нийтэд нь цэвэрлэж ЗӨВ хүмүүсийг гаргах цаг болсон шүү.

0  |  0
инга(103.57.93.195) 2016 оны 10 сарын 19

Танд амжилт хүсье

0  |  0
Top