ШИНЭ НОМ: ”Алаг толгодын хууч”

Автор | Zindaa.mn
2016 оны 10 сарын 28

...Цаг хугацаа өнгөрөх бүрийд байгаль дэлхий өөрчлөгдөн хувьсаж, түүнийг дагаад хүний ааш араншин ч гэсэн ихээхэн эвдэрсэн билээ. Харин цагийн шуурганд өөрчлөгдөж, үнэ цэнээ алдаагүй цорын ганц зүйл бол ном билээ. Бэлэг бэлгийн дээд нь ном бөгөөд номтой нөхөрлөсөн хүний зүрх сэтгэл гэгээн байдаг. Номын цагаан буян дэлгэрэх болтугай хэмээн ерөөгөөд Эрхэм уншигч таны номын санд зориулан  Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч, сэтгүүлч С.Ууганбаярын “АГЛАГ ТОЛГОДЫН ХУУЧ” шинэ номыг танилцуулж байна. Ингээд зохиогчтой хэдэн хором хөөрөлдсөнөө толилуулж байна.

-Сайн байна уу? Юуны өмнө шинэ ном гаргасанд баяр хүргэе!

-Баярлалаа..

-За хоёулаа шинэ номынхоо талаар уншигч олондоо танилцуулах уу?

-“АГЛАГ ТОЛГОДЫН ХУУЧ” маань миний зургаа дахь уран бүтээл болон мэндэллээ. Хөрөг, тэмдэглэл, эссэ зэргээс бүтсэн үргэлжилсэн үгийн төрөлд багтах ном юм.

-Ном хэвлүүлээд зохиолчид ер нь хэр их ашиг олдог юм бэ?

-Яруу найргийн ном бол ашиг олох гэж бараг л байдаггүй юм даа. Харин үргэлжилсэн үгийн зохиолууд л гаргасан зардлаа олоод байдаг юм. Нэг авууштай сайхан зүйл бол монголчууд маань  эргээд номонд их шимтэх болжээ. Номын дэлгүүрүүд хүнсний дэлгүүрээс олон хүнтэй бужигнаж байгааг нь хараад  их урам ороод байгаа шүү. Ер нь номын соёл эргээд дэлгэрч байна гэж ойлгож болохоор байна. Хүмүүс бие биедээ номоор бэлэг их өгдөг болжээ.

-Сайхан, сайхан номнууд их хэвлэгдэн гарч байна, харин жаахан үнэтэй санагдаад байх юм аа?

-Ном үнэтэй байхад буруудах юу байх вэ. Оюуны бүтээлийг үнэлж сурах цаг ирсээн, харин номын дэлгүүрүүд  26%-30% хүртэлх шимтгэл авдаг болохоор зохиолчид үнээ жаахан өсгөж тавьдаг юм. Энэ дашрамд хэлэхэд  номын дэлгүүрүүдийн шимтгэлийн тал дээр жаахан анхаарал тавьж нэгдсэн нэг дүрэм журамтай болгомоор санагддаг. Арай л өндөр хувь аваад байдаг юм аа, хувь өндөр байх хэмжээгээр номын үнэ эрс нэмэгдэж байгаа юм шүү дээ.

-Энэ их эдийн засгийн хямралтай, мөнгө хомс байгаа цагт номоо гаргаж байна гэхээр, та бас мөнгөтэй л хүний нэг байна даа?

-За битгий золигтоод байгаарай /инээв/. Яг үнэндээ бол юуных нь мөнгөтэй хүн байх вэ. Бусад уран бүтээлчдийн адилаар уураг тархи, оюун санаагаа элээн байж л нэг бүтээл гаргана, тэгээд тэрнийгээ, хэвлүүлэх гэж ёстой л нэг мухлагаас, нөгөө мухлаг руу гэдэг шиг, номоо үүрээд, наашаа харах болов уу гэсэн бүгдийн үүд хаалгыг тогшоод шогшино шүү дээ.

Гэвч Монголын ард түмэн хэзээнээсээ оюунлаг болохоор арга эв нь олдоод л байдаг юм... Энэхүү номыг уншигчдын хүртээл болгоход сэтгэлийн алгаа дэлгэсэн ангийн анд, "MGLBB" болон " JM STAR" компанийн захирал Насанбатын Батцэнгэлд уншигчдынхаа өмнөөс халуун талархал илэрхийлж байна. Н.Батцэнгэл маань алс АНУ-д ажиллаж амьдарч байгаа билээ.

-Үргэлжилсэн үгийн зохиолууд болон  хүүхдийн зохиол их хомс байдаг, энэ тал дээр ямар санал бодолтой явдаг вэ? 

-Тийм шүү, хамгийн гол нь хүүхдэд зориулсан уран бүтээл их их дутмаг байдаг. Ер нь хүүхдийн зохиолоор мэргэшсэн боловсон хүчнийг бэлтгэх нь хамгаас чухал санагддаг..

-Хүүхдийн зохиолыг дуртай болгон нь бичээд байдаггүй бас их том чанар чансаа, авьяас билэг шаарддаг. Үргэлжилсэн үгийн тухайд бол одооноос бичээд байгаа зохиолчид мэр сэр гарч ирж л байна. цаашдаа хөгжиж дэвжинэ гэдэгт итгэж байна.

-Цаг зав гарган ярилцсан Танд баярлалаа!

-Танай Зиндаа.мн сайтын номын санд өөрийнхөө шинэ номын дээжийг өргөн барья

-Их баярлалаа. “Номын цагаан буян дэлгэрэх болтугай!


 

Монголын зохиолчдын эвлэлийн шагналт Яруу найрагч М.Амархүү, Б.Баттулга,
С.Ууганбаяр, Хэнтийн Батхүү нар
Монголын зохиолчдын хороо. 2016/10/27

 Хэнтийн Батхүү

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top