АН-ынхан Н.Алтанхуягаа өмөөрч эхлэв үү

Автор | Zindaa.mn
2016 оны 12 сарын 02

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг  тойрсон асуудал өдгөө улс төрийн хүрээний хамгийн том сэдэв болж байна. Ирэх жилийн "Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ" гэж өөрийгөө зарласнаас улбаалж байдал улам хүндрэв бололтой. Хэсэгтээ л нам гүм байсан түүний амьдрал өнгөрсөн өдрүүдэд алган дээр тавьсан мэт ил өрнөж байна.

Түүний дээрх мэдэгдэл олны анхаарлыг нэлээд татаж байгаа бөгөөд үүнтэй ч  зэрэгцэн "Монгол HD" телевизийн “Хар хайрцаг” нэвтрүүлэгт тэрээр оролцож улс төрийн амьдралын өнгөн болоод далд хэсгийг муугүй илчилсэн нь өнөөдрийн энэ нөхцөл байдал хүндрэхэд багагүй нөлөөлсөн нь дамжиггүй.

Тус нэвтрүүлгийн үеэр тэрбээр "Би Монгол Улсын Ерөнхий сайд хийж байхдаа нэг ч компани, нэг ч хүнийг цагдаа, хуулийн байгууллагад өгч байгаагүй. Одоо бол энэ асуудал эрээ цээрээгүй болж байна" хэмээн хэлж байсан түүний энэ үгийг олон нийт мартаж амжаагүй байтал "Авлигатай тэмцэх газар"-аас Ерөнхий сайд асан Н.Алтанхуягаас мэдүүлэг авна" хэмээн дуудлаа. "Урт үг хүзүү орооно" гэдгийн бодит жишээг магадгүй энэ өдрүүдэд  Н.Алтанхуяг  харууллаа. Учир нь “Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө” гэдгээ мэдэгдсэнээс болж байдал ингэтлээ хүндэрсэн нь хэнд ч ойлгомжтой. Магадгүй тэр санаа бодлоо нуугаад, далдхан сонгуулийн бэлтгэл ажлаа хангаад явж байсан бол түүнд өлзийтэй байх байсан ч болох юм.

Гэвч хамгийн гайхшралтай нь Н.Алтанхуягийг АН мартав уу гэлтэй энэ бүх үйл явц өрнөхөд АН-ын зүгээс ямар ч хариу үйлдэл үзүүлсэнгүй. Ерөнхийлөгчийн сонгуульд өөрөө өөрийгөө дэвшүүлж байгаа нь магадгүй үүний цаана намынхан нь дэмжихгүй байгаа мэт хардлагыг энэ нь улам хүчтэй төрүүлэв. Үүнтэй зэрэгцэн Н.Алтанхуягийг өөр намд элсэх тухай мэдээлэл ч  гараад  амжсан юм. 

 Тэгвэл АН-ынхан өчигдөр л гэнэт сэрэв үү гэлтэй,  Н.Алтанхуягийг өмөөрч мэдэгдэл гаргалаа. Тус мэдэгдэлд "Ардчилсан намын нэр хүндийг гутаах, хагалан бутаргах зорилгоор манай намын нэр бүхий улс төрчдийг санаатайгаар гутаан доромжилж, нэр хүндэд нь халдан ээлж дараалан үндэслэлгүй шалтгаанаар, хууль бусаар баривчилж, хянах шалгах, ял тулгах хэлмэгдүүлэлт, хүчирхийллийн үйл ажиллагааг улстөрийн захиалгаар явуулж байгаатай холбогдуулан Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөлөөс мэдэгдэл гаргаж байна. Та нарын хэлмэгдүүлэлт, хүчирхийлэл ахиж нэг алхвал тэмцлийн хурц хэлбэрт шилжихийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна" гэжээ. 

Ийн АН намын нэр бүхий гишүүнээ өмөөрч дуугарлаа. Цаашид Н.Алтанхуягийн асуудал хэрхэхийг харж л  сууя.

 

Б.Алтжин

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
улс тор судлаач. (122.201.21.208) 2016 оны 12 сарын 05

Шударга иргэн ээ шахаж гадуурхах нь зовхон Алтанхуягийн асуудал биш, улс орны ЭВ НЭГДЭЛ, ШУДАРГА ЕСНЫ асуудал тул бух ард тумэн минь болгоомжтой байж, АЛДАГДСАН ШУДАРГА ЕС, ЭРХ ЧОЛООНИЙХОО ТОЛОО ХАМТДАА ТЭМЦЭТГЭЭЕ.

0  |  0
хх(182.160.3.238) 2016 оны 12 сарын 02

шүүх засаглал хараат бус байх ёстой

0  |  0
зочин(46.73.173.156) 2016 оны 12 сарын 02

хуулийнхан эрх баригч намд үйлчилдэг шүү дээ

0  |  0
зочин(202.21.106.152) 2016 оны 12 сарын 02

Манай хуулийнхан гэж хязгааргүй бүрэн эрхийг эдэлдэг,алдаа гаргавал хариуцлага хүлээдэггүй үүнийг хэзээ?хэн өөрчлөх гэж байгаан бэ?

0  |  0
Top