Мөсөн зүрх хайлж байгааг тогтоолоо

Автор | Zindaa.mn
2016 оны 12 сарын 09

Нарны аймгийн ес дэхь гариг гэж тооцогдож байгаад сүүлд албан ёсоор хасагдсан Дэлхийн вангийн нууцыг эрдэмтэд бага, багаар тайлсаар байна. Тухайлбал, “Мөсөн зүрх” гэж нэрлэгдсэн зүрх хэлбэрийн аварга мөсний нууцыг эрдэмтэд саяхан тайлжээ. Гариг хоорондын “New Horizons” станцаас ирүүлсэн баримтад түшиглэн хийсэн судалгааны үр дүн, дүгнэлт “Nature” сэтгүүлд нийтлэгдсэн байна.  

Одой гаригийн төв дунд зүрх хэлбэрийн асар өргөн уудам талбайг хамарсан мөс бий. Тэгвэл энэхүү мөс нь азотын хий, нүүрстөрөгчийн дутуу исэл, метаны холимгоос тогтдог нь тодорхой болжээ. Хааш хаашаа мянга гаруй км талбайтай энэхүү мөс харагдаж байгаагаасаа хавьгүй илүү буюу 4000 гаруй км зунзаан гэдгийг эрдэмтэд анх удаа тодорхойлсон байна. Эрдэмтэд мөсний химийн найрлагыг тодорхойлсныхоо дараа компьютерын аргаар насыг нь тогтооход 50 мянган жил гэсэн хариу гарчээ. Зөвхөн насыг нь тогтоогоод зогсохгүй дээрх мөс бага багаар хайлж байгааг ч олж мэдсэн байна. Дэлхийн ван дээрх олон мөс ойрын арван жилийн дотор хайлж үгүй болох гэнэ.   

Дэлхийн ван гариг болон дагуул Хароныг нь судлах зорилготой “New Horizons” станц ийнхүү үүргээ сайн биелүүлж байна.  

 

С.Төгөлдөр

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top