УБТЗ: Энэ талаар мэдээлэл өгөх боломжгүй

2017 оны 01 сарын 10

"Төмөр замын ослоор арванхоёр хоногийн хугацаанд таван хүн амиа алдаж, нэг хүн хүнд бэртсэн ч ослын талаар сэрэмжлүүлэх нь байтугай нууж байна. Эхний осол шинэ он солигдох мөчид (2016.12.29-ний 08.45 цагт) Чойрын Шивээ-Овоогийн өртөөнд гарчээ. Тус өртөөний галт тэрэгний туслах найруулагч вагонд зүтгүүр залгах үер дунд нь хавчуулагдаж нас барсан байна. Ослын талаар урьдчилсан байдлаар дараах дүгнэлт гарчээ. Талийгаач 20 гаруйхан настай залуу байсан талаар эх сурвалж мэдээллээ.

 

Он солигдохын өмнө 2016.12.29-нд 08.45 цагт гарсан ослын баримт
Он солигдохын өмнө 2016.12.29-нд 08.45 цагт гарсан ослын баримт

 

Ийм ноцтой осол гарсан байтал УБТЗ-ын удирдлага сэрэмжлүүлэг гаргахын оронд маргааш нь нэгдсэн ёолкоо хийсэн байна.

Тэгвэл үүнээс долоо хоногийн дараа буюу нэгдүгээр сарын 5-нд дараагийн осол Сэлэнгэ аймгийн Шаамар суманд гарч дахин нэг хүний амь нас эрсэджээ. Үүнээс хоёр хоногийн дараа буюу нэгдүгээр сарын 7-ны өдөр Толгойт өртөөний зам дээр ойролцоогоор 17-18 насны хоёр оюутан охин дайруулж газар дээрээ нас барсан байна. Амиа алдсан хоёр охин чихэвч зүүчихсэн явсан учраас дуут дохиог сонсолгүй төмөр замын гармаар гарч яваад дайруулсан гэсэн мэдээлэл л одоогоор тодорхой байгаа юм.

Төмөр замын аюулгүй ажиллагааг осол гарахаас өмнө буюу урьдчилан сэргийлэх үүднээс байнга хангаж байх ёстой төмөр замынхан арав хүрэхгүй хоногийн хугацаанд гурван ч осол гарч, дөрвөн хүний амь үрэгдээд байхад ямар нэгэн дорвитой арга хэмжээ аваагүй төдийгүй нийт ажиллагсдад мэдэгдэлгүй нууцалсан байна. Үүний улмаас ердөө нэг хоногийн дараа буюу нэгдүгээр сарын 8-ны өдөр дараагийн осол Амгалан өртөө -Улаанбаатар хот хоорондын замын 407 км-т 15 настай охин галт тэргэнд шүргүүлсэн бөгөөд биеийн байдал маш хүнд байгаа аж.

Баттай эх сурвалжаас авсан мэдээллээр, хамгийн сүүлд өчигдөр буюу нэгдүгээр сарын 9-ны өдрийн 13.30 цагийн орчимд УБТЗ-ын Толгойт өртөөн дахь Зам засварын машинт станц “ПДМС”-ийн сэлгээний зам дээр вагон найруулагч хоёр суудлын вагоныг холбох үеэр завсарт нь хавчуулагдан нас баржээ. Талийгаач 52 настай байсан бөгөөд олон жил ажилласан туршлагатай мэргэжилтэн байсан гэнэ.

Ийнхүү арван хоногийн дотор таван хүний амь нас аюулгүй ажиллагааг хангаагүйн улмаас сүйдсэн байтал энэ талаар арга хэмжээ авч, хөдөлмөр аюулгүй ажиллагааны хяналтаа сайжруулж, иргэдэд сэрэмжлүүлэх нь байтугай мэдээллийг нууцалж байна.

Энэ талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах гэсэн боловч албан тушаалтнууд нь өөрсдөөсөө зайлуулж, аргацаасан байдлаар хандсан юм.

Оны өмнөхөн даргын албан тушаалын хэрүүлийг улс дамнуулан хийж байсан УБТЗ-ын түүхэнд ийм ойрхон хугацаанд олон хүн амиа алдсан осол гарч байгаагүй гэж нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалж мэдээллээ" гэсэн мэдээллийг News.mn мэдээлжээ. Дээрх мэдээлэл хэр бодитой эсэх талаар УБТЗ-ын Олон нийттэй харилцах 2124109 дугаарын эх сурвалжаас тодруулахад " Энэ талаар мэдээлэл өгөх боломжгүй" гэсэн хариуг өгсөн юм. Энэ талаар дэлгэрэнгүй сурвалжилж эргэн мэдээллэх болно. 


 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(122.201.24.184) 2017 оны 01 сарын 10

Нийслэлийн төмөр замын гармууд ямар ч хамгаалалтгүй гэрлэн дохиогүй байдаг учраас иргэд анзаарахгүй галт тэргэнд дайруулах явдал их байдаг гэж боддог.Төмөр замын удирдлагууд хариуцлагыг хүлээж байх ёстой байхад дайруулсан хүний хохь болгоод л өнгөрдөг юм билээ.Иргэдийн аюулгүй байдлыг хэрхэн хангасан байна гэдгийг шалгаж үзээд гэрлэн дохио хийх хэрэгтэй шдэ.Хотын дотор гэрлэн дохио улаан дээр асч байхад улаан цагаан гүйгээд гардаг хүн ховор шүү.

0  |  0
Top