Багцалж тавьсан таван сум

2017 оны 01 сарын 11

Алунгоо эхийн домгийг санагдуулмаар эхэлсэн АН-ын даргын сунгаа ид дундаа үргэлжилж байна. Намын дарга нь багцалсан таван сум гардуулж, хоорондоо эв түнжинтэй байхыг уриалсан ч нэр дэвшигчид анхны аймагтаа хийсэн уулзалтаас эхлээд хэн нэгэн рүүгээ дайрсан, давшилсан үгийг чулуудсаар өнөөдрийг хүрч буй. Намын VI Их хурлын дараа буюу арванхоёрдугаар сарын 8-наас эхэлсэн гишүүдийн шинэчилсэн бүртгэл энэ сарын 9-нд дуусгавар болсон. АН-ын удирдлагууд 180 мянган гишүүнтэй хэмээж байсан ч шинэчилсэн бүртгэл дуусахаас ердөө хоёр хоногийн өмнөхөн 18-хан мянган гишүүн бүртгүүлсэн нь нэг талаараа хачирхалтай мэдээ байв. Харин бүртгэл дуусах сүүлийн өдөр энэ тоо огцом нэмэгдэж цагийн зүйтэй уралдан 160 мянга гаруй гишүүн бүртгүүлснийг ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаяр мэдээлсэн. Таван нэр дэвшигчийн алинд нь 160 мянган гишүүний олонхи санал өгнө тэр хүн АН-ыг Ерөнхийлөгчийн сонгуулиас эхлээд дараагийн өрсөлдөөнд зангидаж орно гэсэн үг. Тус намын шинэ дүрмээр намын шинэчилсэн бүртгэлд хамрагдаж, гишүүний татвараа төлсөн хүн намын даргын сонгуульд оролцох эрхтэй юм. Ингээд нэр дэвшигч таван хүний өнгөрснөөс өнөөдрийг хүртэл бий болгосон улс төрийн фигурыг сонирхоё.

Н.АЛТАНХУЯГ

Тэр сайн улстөрч. Бас сайн менежер. Энэ чадвар, өөрийнх нь уйгагүй зүтгэлээр түүний улс төрийн карьер үргэлж өөдөө дээшилж, дэвшиж ирсэн нэгэн. Ардчилсан хувьсгал өрнөхөд анхнаас нь оролцож явсаар намын дарга, Ерөнхий сайд болтлоо улс төрийн карьераа өсгөж ирсэн нь түүний чадвар. Эхлээд 1998 онд Хүнс, хөдөө ахуйн сайд, дараа нь 2004 оны хамтарсан засагт Сангийн сайд, 2008-2011 онд С.Баяр, С.Батболд нарын танхимд тэргүүн Шадар сайд гээд хариуцдаг салбар нь чанаржиж, хамаарах зангараг нь томорсон гэхэд хилсдэхгүй. Хэрвээ хамгийн олон Засгийн газарт хамгийн олон удаа сайд болсон улстөрчдийг жагсаавал толгойн хэсэгт гарцаагүй тэр багтана.

1996 оныг эс тооцвол анх удаа УИХ-д хамгийн олон суудал авсан, нийслэл, орон нутагт ялсан, ардчилсан Ерөнхийлөгч төрсөн, улирсан гээд Н.Алтанхуягийн үед АН ялалтдаа “бялуурч” явсан цаг саяхан. Гэвч МАХН-ын дарга Н.Энхбаяртай хамтран ажиллах гэрээ үзэглэснээр карьертаа цэг тавьж “оргил өөд” мацаж явсан түүнийг Засгийн газар, намын даргатай нь хамт унагаасан юм. Одоо бол тэр Ерөнхий сайд, АН-ын дарга асан гэсэн тодотголтойгоор “шинэ” АН-ын өрхийг татаж, үүдийг нээхээр хичээж явна. АН түүхэндээ долоон Ерөнхий сайдтай. Эдгээрээс одоогийн байдлаар хамгийн урт хугацаанд буюу бүрэн эрхтэйгээ хоёр жил хүргэсэн танхим АН-д Н.Алтанхуягийнхаас өөр байхгүй нь маргашгүй үнэн.

Гэхдээ Ерөнхий сайдаар ажиллах хугацаанд нь хүргэндээ, охиндоо хууль бус тендер олгосон гэсэн хардлага ахлах зөвлөхөд нь ял оноосноор үргэлжилж, өдгөө ойр тойрных нь хүмүүсээр нь хүрээгээ тэлж өөрөө ч унаж мэдэх эрсдэл дунд тэрбээр дараагийнхаа оргил өөд мацаж байна. Нэгэн цагт АН-ын чигийг зааж явсан “Алтангадас” фракцыг үүсгэн байгуулж, өөрөө тэргүүлж явсан үетэй нь харьцуулахад манан шуурган дундах уур амьсгалтай намдаа салхи оруулж, оргилд нь гарч тэрбээр дахин даргын туг хатгах эсэх нь цаг хугацааны л асуудал юм.

 

Лу.ГАНТӨМӨР

АН-ын дэргэдэх Ардчилсан залуучуудын холбооноос олон арван залуус тодорсон ч УИХ-ын гишүүн, Байнгын хорооны дарга, төрийн сайд болтлоо дэвшсэн нь гарын арван хуруунд багтам цөөн. Ардчиллыг өмчирхдөг, АН-ын хуучин кадруудын залуусаа дээш гаргадаггүй, тэдэнд боломж олгохыг төдийлөн хүсдэггүй ужиг нь ч үүнтэй холбоотой байж мэдэх.

Гэхдээ АН-д Японд харилцаа холбоо болон электроникийн инженер мэргэжлээр төгссөн залуу бусдаасаа гэнэт тодорсон нь Лу.Гантөмөр байв. Ардчилсан залуучуудын холбооны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан тэрбээр УИХ-ын ээлжит сонгуулиар төрийн түшээ болж дэвшсэн нь 2004 он. Үүнээс хойш Лу.Гантөмөр Ёс зүйн дэд хороо, Эдийн засгийн байнгын хороог даргалж явсаар 2012 онд АН олуулаа болж ялалт байгуулахад Н.Алтанхуягийн Засгийн газарт Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдаар очиж байв.

АН-ын залуу үеийн гишүүдийн нэгдэл бүхий “Нэг ардчилал” фракцид харьяалалтай тэрбээр Засгийн газар нь огцорсон ч Ч.Сайханбилэгийн танхимд сайдынхаа суудалтайгаа үлдэж чадсан хоёрхон хүний нэгээр тодорч байлаа шүү дээ. Гэвч салбартаа хамгийн их хөрөнгө төсөвлүүлж, тэр хэмжээгээрээ ажил хийсэн хэмээх тодотголтой Лу.Гантөмөр УИХ-ын ээлжит сонгуулиар “дархлагдсан” дүүрэгтээ нэр дэвшээд туг тойрч чадалгүй унасан нь хэдэн сарын өмнөх үйл явдал. Улс төрд шороотой бөх хүртэл туг тойрдог нь угаас юм хойно Лу.Гантөмөр намынхаа дараагийн дарга болох томоохон сунгаанд оролцож явна. Сонгуулийн дараахан “Нэг ардчилал” фракц татан буугдсаныг намын даргад нэр дэвшигч Лу.Гантөмөр зарласан ч энэ удаагийн сунгаанд түүнийг Ерөнхийлөгчийн дэмжлэгтэйгээр оролцож байгаа гэсэн яриа нам дотор нь хэдийнэ нисээд эхэлчихсэн. Учир нь, хоёр ч Засгийн газар дамнан сайдын суудалтайгаа үлдсэн хийгээд одоо намын даргад өрсөлдөх болсон шалтгаан Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой холбоотой гэдэг. Үнэхээр ч бусдыгаа бодоход УИХ-д гуравхан суудалтай “Нэг ардчилал”-ынхан 2012 онд Хууль зүй, Боловсрол гэсэн хоёр томоохон салбарыг толгойлох болсон нь гэнэтийн тохиол биш болов уу. Тэр тусмаа “ах фракц”-уудынхаа урдуур дайраад шүү дээ.

Тиймдээ ч Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Лу.Гантөмөрийг намын дарга болтол нь дэмжчихээд өөрөө эргээд “заларна” гэсэн яриа нам дотроос нь зүгээр ч нэг өдлөөгүй байж таарна. Гагцхүү “Ардчилсан нам шинэчлэгдэж чадахгүй бол хэн нь ч Ерөнхийлөгчийн сонгуульд үзээд ялахгүй. Ардчилсан нам үзэл бодол, үйл хөдлөлөөрөө ялгарч ард түмний итгэлийг сэргээмээр байна. Бид үзэл бодлоороо ялах ёстой. Шинэчлэлээ бодитоор харуулахгүй бол хоосон уриа лоозонд монголчууд итгэхээ больсон. Ерөнхийлөгчийн сонгуульд ач холбогдол өгч байгаа бол намынхаа шинэчлэлд битгий гай болоорой л гэж хэлмээр байна” хэмээж буй Лу.Гантөмөр өнгөрснөөс өнөөдрийг хүртэл дэвшсэн шигээ явах эсэх нь энэ сарын 29-нд тодорхой болох биз ээ.

 

Д.ЭРДЭНЭБАТ

Ес дэх аймагтаа ажиллах үеэрээ “Ардчиллыг анархизм руу түлхэж, үнэ цэнэгүй болгож хуучныг санагалзаж байгаа хүмүүсийн толгой өндийж байна. Бид хэнтэй өрсөлдөж байгаа юм. Хэний төлөө тэмцэх ёстой юм. Бид дотооддоо өөрсөдтэйгөө өрсөлдөж шинэчлэл хийх гээгүй. Бид ардчилсан төрийг авч үлдэхийн тулд шинэчлэл хийж байгаа юм” хэмээх үгийг бусад өрсөлдөгчдөө дайсан түүний хувьд авто-инженер, механик мэргэжилтэй. Ажлын гараагаа Багануурын нүүрсний уурхайгаас эхэлж дүүргийн Засаг дарга болж дэвшсэн тэрбээр 2008-2012 оны хооронд АН-ын генсекээр ажиллаж намынхаа арын албыг хариуцаж байв.

Намын дарга асантайгаа гарч нийлж дараалсан ялалтыг намдаа түүчээлж байсан тэрбээр Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах асуудлыг хэлэлцэх үеэр товчлуураа андууран Засгийн газраа огцруулахыг дэмжиж байлаа. Тухайн үед Бүлгийн даргаар ажиллаж байсан түүний “зөгнөл” биеллээ олж Шинэчлэлийн Засгийн газар огцорсон ч Д.Эрдэнэбат Ч.Сайханбилэгийн танхимд Аж үйлдвэрийн сайдаар тохоон томилогдсон юм.

Улс төрд нэрлэж заншсанаар сайд болсон Д.Эрдэнэбатыг дэвшүүлэн зайлуулах технологид орчихлоо хэмээн ярьж байсан ч тэрбээр Ч.Сайханбилэгийн танхимын тулгуур бодлогыг тодорхойлох аж үйлдвэрийн салбарыг чиглүүлж явсаар халаагаа өгсөн нэгэн. МАХН-ын гишүүнчлэлтэй байж байгаад АН-д шургалсан хэмээн шүүмжлэл дагуулдаг түүний хувьд намдаа нөлөө МҮДН-ын фракцын квотоор намын даргын сунгаанд өрсөлдөж байгаа.

Нөгөө талаас Д.Эрдэнэбат УИХ дахь АН-ын бүлгийн дарга байхдаа “Парламентад суудалгүй намуудыг татан буулгах эсэхэд манай намын Бүлгийнхэн санал нэгдсэн” гэж мэдэгдсэн нь тухайн үедээ багагүй маргаан дагуулж байв. Хариуд нь БНН-ын дарга Б.Жаргалсайхан “Д.Эрдэнэбат гэж муу хогийн шүгэл юу гээд байгаа юм. Хэн юм тэр. МАХН-ын Удирдах зөвлөлд л байсан юм билээ. Хувьсгалт намын тагнуул байсан юм билээ. Одоо АН-ын нэр нүүрийг гутаагаад л явж байна. Багануурын хамаг тендерийг хамдаг юм гэсэн, тэр нөхөр чинь. Нэг баар ажиллуулдаг гэнэ лээ. АН баарны эзэнтэй ёс суртахууны хариуцлага тооцож намаасаа хөөж явуул. Намдаа яах гэж ийм большевикүүдийг шингээж байдаг юм. Нөгөөдүүл л арга барилаа тавихгүй большевизмээ яриад л. Ингэж болохгүй. Өдөөн хатгаж байна шүү дээ. Д.Эрдэнэбат чинь ердөө таалагдахгүй байгаа шүү. Телевизээр нэг халзан толгойтой нөхөр данхалзаад л, даналзаад л байх юм. Тэр хэн юм, тэрнээс хэн айх юм. Миний байгуулсан АН-ыг тэр гутааж байна. Анх АН, Ардчилсан холбоог байгуулж байхад би Д.Эрдэнэбат гэдэг хүний сургийг ч мэддэггүй байсан. Түүнд хандаж хэлэхэд “Ардчилал гэдэг зүйлд хэрээ мэдэж, болгоомжтой хандаарай гэе” хэмээн мэдэгдэл хийж байв.

Ж.БАТЗАНДАН

Түүнийг АН гэхээсээ иргэний хөдөлгөөнөөс салгаж харах боломжгүй. Бас О.Магнайгаас. 2004 оны УИХ-ын сонгуульд МАН 37, “Эр орон Ардчилал” 35 суудал авснаар эсвэж, хамтрахаас өөр сонголтгүйд хүрч “Их эвслийн Засгийн газар” гээчийг байгуулж байв. Энэ үед Төрийн ордонд бус Төв талбайд иргэд дуу хоолойгоо нэгтгэн жагсаж эхлэхэд эхний эгнээнд нь шар бүч, хар пальтотой залуус тодорсны нэг нь Ж.Батзандан байлаа. Ард түмний нэрийн өмнөөс уриа лоозон агссан тэд ямар нэгэн улс төрийн тодорхой шийдэлгүй боловч шударга ёс, эрүүл нийгмийг нэхсэн жагсаал, цуглаан зохион байгуулж эхэлсэн нь тухайн үедээ л ард түмний дэмжлэгийг хүлээж эхэлсэн юм.

Ц.Мөнхбаяр тэргүүтэй гол нуруудын нэгдсэн хөдөлгөөнийхөн Төрийн ордон руу нум сум харвах, бүр буу шийдэм агсах сэдэл магадгүй энэ үеэс төрсөн байж мэдэх. Учир нь, Ж.Батзандан тэргүүтэй иргэний хөдөлгөөнийхөн улаан лооль, өндөг шидэхээс эхлээд төмөр торх нүдэж Төрийн ордныг гороолох нь энүүхэнд байсан юм. Улмаар 2008 оны УИХ-ын ээлжит сонгуулийн өмнөхөн Иргэний хөдөлгөөний намыг Дээд шүүхээс “эх барих”-ын хамт даргаар нь Ж.Батзанданг бүртгэж байв. Улмаар Төв талбайд жагсаж, Төрийн ордон руу улаан лооль шидэхээс үйл ажиллагаагаа эхлүүлсэн Иргэний хөдөлгөөний нам сонгуульд амжилт үзүүлээгүй нь шар бүч, хар пальтотой залууст таалагдсангүй. Тухайн үеийн МАХН-ын төв байрны өмнө жагсахад Ж.Батзандан, О.Магнай тэргүүтэй тэмцэгчид манлайлж байлаа. Гэвч сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн тэмцэл хүрээллээсээ хальж эцэстээ “долдугаар сарын 1” хэмээх хар өдрийг бий болгосны буруутнаар Ж.Батзандан нэрлэгдэж явсан түүх бий. Гэхдээ тэрбээр журмын нөхөр О.Магнайн хамт АН-д элссэнээр энэ асуудал тэгсхийгээд намжсан билээ.

Улмаар 2012 оны сонгуульд АН-аас нэр дэвшсэн нь байгаа онож тэрбээр УИХ-ын гишүүн болсон юм. Иргэний хөдөлгөөнөөс гараагаа эхэлсэн болоод ч тэр үү шинэхэн гишүүн Ж.Батзандангаас Бүлгийн бодлого гэхээсээ хувийн тогтолт л харагддаг, үнэртдэг байсан саяхан. Одоо бол тэр АН-ын дарга хэмээх их айлын хойморьт суух том амбийц зүтгэж байна. Харин одоо “АН-ын гишүүд хоёр хуваагдсан. Фракцын толгойлогч нар хуучин дүрмээрээ тоглохыг хүсэж байна. Манай намын удирдлагууд хуучин арга барилаараа яваад байж болно гэж бодож байх шиг байна. Харамсалтай нь сонгогчдын сэтгэл зүй, соёл өөрчлөгдсөн. Хуучин арга барилаар АН-ыг удирдах ямар ч боломжгүй болсон. Сонгогчдыг нэг хуурч болно, хоёр дахиа хууртахгүй. Үүнийг манай намын фракцын толгойлогч нар ойлгох хэрэгтэй. Сонгогчид АН-ын хулхи бодлого, хуурамч ардчилалд итгэхгүй болсон. Дүр эсгэсэн ардчилал хэнд ч хэрэггүй. АН-д бодит шинэчлэл, ардчилал хэрэгтэй. Үүнийг залуус хийж чадна. Намын олонх шинэ дүрэм, шинэ бодлого гаргахыг зорьж байгаа. Олонх нь ялна гэдэгт итгэлтэй байна” хэмээх түүний үг байгаа онохыг харах л үлдэж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(124.158.112.56) 2017 оны 01 сарын 11

Эрдэнэ Батзандан хоёр НАМ-ын дэмжлэггүй Эрдэнэбатыг бол Бат-үүлийн хэсэг ахмад нөхөд дэмжих байх.Алтанхуяг Гантөмөр хоёр үлдээд хэн аль нь харин найр тавихыг бүү мэд.

0  |  0
Top