ЗАВХАН: “Хамтын хүч-Хөгжлийн гарц” эмэгтэйчүүдийн чуулган боллоо

Автор | Zindaa.mn
2017 оны 01 сарын 17

Завхан аймаг ирэх 4 жилд хэрэглэдэг бус үйлдвэрлэдэг аймаг болох зорилт тавьсан. Энэ хүрээндээ үйлчин бүсгүйчүүдээ дэмжин ажилласны үр дүнд 1126 бүсгүй уран хатгамал хийж сурчээ. Аймгийн Засаг даргын ивээл дор “Хамтын хүч-хөгжлийн гарц” чуулганыг зохион байгуулж, эмэгтэйчүүд бүтээлийн үзэсгэлэнгээ олон нийтэд танилцуулсан байна.

Чуулганы гол үйл ажиллагаа болох энэхүү үзэсгэлэн худалдаа нь хөдөө орон нутгийнхаа эмэгтэйчүүдийн гар урлалын бүтээгдэхүүнийг зах зээлд таниулан борлуулалт хийх боломж олгосноор өрхийн үйлдвэрлэлийг дэмжиж, цаашид нутгийн брэнд бүтээгдэхүүн бий болгох зорилготой юм. Үзэсгэлэнд 22 сумын 350 эмэгтэйчүүд 1755 төрлийн бүтээгдэхүүнээр оролцсон бөгөөд 47 орчим сая  төгрөгийн борлуулалт хийсэн байна. Үүнээс 222 нь уран хатгамалын бүтээгдэхүүн байжээ.

Аймгийн Засаг дарга орон нутагтаа үйлдвэрлэсэн болон нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг худалдан авах захирамжийг гаргаснаас гадна эмэгтэйчүүд бүтээлээ урлах, харилцан туршлага солилцоход нь дэмжлэг болох үүднээс бүх сумын Иргэний танхимуудыг амралтын өрдүүдэд тэдэнд зориулан ажиллуулж байгаа юм байна. Чуулганы үеэр мөн хөгжлийн гарцыг тодорхойлсон чухал илтгэлүүдийг хэлэлцүүлжээ.

Үүнээс гадна энэ сарын 1-нээс эхлэн Улаанбаатар хотод Завхан аймгийн бизнесийг дэмжих нэгж ажиллаж эхэлжээ. Энэ нэгж нь Завхан аймагт үйлдвэрлэсэн эдгээр бүтээгдэхүүнийг нийслэл хотод борлуулах, бүтээгдэхүүн үйлчилгээг сайжруулах шинэ технологи оруулж ирэх, Улаанбаатарт бизнес эрхэлж байгаа иргэдийг Завхан аймгийн үйлдвэрлэл эрхлэгчидтэйгээ холбож өгөх зорилготой юм. Цаашид сум бүрт оёдлын цех байгуулж, бүсгүйчүүд бүтээлээ улам боловсронгуй болгоно гэдгээ хэлж байлаа. Чуулганы үеэр мөн салбар бүрийн шилдэг эмэгтэйчүүд болон шилдэг бүтээл хийсэн сумдыг шалгаруулсан байна.  

Б.Оюун-Эрдэнэ /Завхан/

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top