НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Ази, Номхон далайн бүсийн захирагч Хаолян Шуг хүлээн авч уулзав

2017 оны 02 сарын 21

Монгол Улсын Их Хурлын гишүүн, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд өнөөдөр (2017.02.21) НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Ази, Номхон далайн бүсийн захирагч ноён Хаолян Шу тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар талууд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хамтын ажиллагааны цар хүрээг өргөжүүлэн бэхжүүлэх талаар ярилцаж, санал солилцов. Тодруулбал, “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”-ийг хэрэгжүүлэх механизмыг боловсронгуй болгох, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах болон УИХ-аас 2020 он хүртэл хийх эрх зүйн шинэчлэлийн хүрээнд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хуулийн төсөл боловсруулахад мэргэжил, техникийн туслалцаа үзүүлэх зэрэг асуудлыг хөндөж ярилцав.

 

Энэхүү уулзалтад НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол дахь Суурин төлөөлөгч Биата Транкман, Орлогч Суурин төлөөлөгч Даниела Гаспарикова болон албан бусад хүмүүс байлцлаа гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top