Озоны цоорхойг судлах хөлөг зочид буудлаас ч илүү тухтай

Автор | Zindaa.mn
2017 оны 02 сарын 24

Их Британи улс дэлхийн агаар мандалд өмнөд мөсөн тивийн үзүүлэх нөлөөллийг шинжлэн судлах зорилготой “Halley VI” станцыг ажиллуулж эхэлсэн байна. Станцыг озоны давхарга 1985 онд цоорсон газарт байрлуулсан бөгөөд цоорсон шалтгааныг олох нь судалгааны багийнхны гол зорилго байх гэнэ. Мөн агаар мандлын химийн найрлага, далайн төвшин, уур амьсгалын өөрчлөлтийг судлах ажээ.

Станцыг байрлуулсан Брантын шельф далайн гүехэн хэсгийн хөдөлгөөнтөй мөс бөгөөд дэлхийн дулаарлын улмаас далай талаасаа хэдэн зуун метрээр идэгдэж байгаа юм байна. Анхны “Halley” станцыг Их Британи 1956 онд Антарктидад байрлуулж байжээ. Эхний дөрвөн станц нь одоо цасанд дарагдаж, үгүй болсон байна. Ашиглах хугацаа нь дуусах хараахан болоогүй байгаа тав дахь станц нь шинэ станцын ойролцоо байгаа ажээ. Өмнөх станцууд ихэвчлэн өндөр шон дээр тогтсон байдалтай бол шинэ станц өөрөө хөдлөх боломжтой болсноороо илүү аюулгүй байдлыг бүрдүүлсэн байна. Мөс далай руу хөдөлсөн тохиолдолд станц эх газар руу хөдөлж байхаар бодож энэ бүхнийг хийсэн юм. Дотроо нарийнхан хонгил, тохилог тасалгаануудтай, судалгаа шинжилгээ хийх тусгай хэсэгтэй. 50 гаруй эрдэмтэн амьдрах учир гал тогоо, унтлагын өрөөг ч төлөвлөжээ.   

Станц үйл ажиллагаа явуулж эхэлснээр цас, мөсний хэмжээ, озоны давхаргын цоорол, дэлхийн дулаарал зэрэг асуултуудад хариу олдох магадлал нэмэгдэж байгаа юм.

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top