Хэлний бодлогын үндэсний зөвлөл тайлангаа тавив

2017 оны 03 сарын 16

Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөл /ХБҮЗ/  2016 онд хийсэн ажлынхаа тайланг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид өнөөдөр тавилаа.

Уг арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан, дэд дарга Б.Нэргүй, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Р.Болд, ХБҮЗ-ийн дарга, БСШУС-ын сайд Ж.Батсуурь, Шинжлэх Ухааны Академийн Хэл зохиолын хүрээлэнгийн Хэл шинжлэлийн секторын эрхлэгч О.Самбуудорж, Монгол Улсын Их Сургуулийн Шинжлэх ухааны сургуулийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн эрхлэгч М.Баярсайхан, Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн Монгол хэл шинжлэлийн тэнхимийн эрхлэгч Л.Жумдаан, Дэлхийн Монголчуудын чуулганы ерөнхийлөгч Ц.Гомбосүрэн, Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн Ажлын албаны дарга Н.Нарангэрэл нар оролцлоо.  

Монгол хэлний тухай хуульд заасны дагуу ийнхүү ХБҮЗ жилийн тайлангаа тавьсан юм.

ХБҮЗ-ийн дарга, БСШУС-ын сайд Ж.Батсуурийн танилцуулснаар ХБҮЗ-ийн орон тооны бус салбар зөвлөлийг 21 аймаг, 329 сум, нийслэлийн 9 дүүрэгт байгуулсан бөгөөд Засаг дарга нар нь ахалдаг юм байна.

Тайланд дурдсанаар төрийн албаны шалгалтад орж буй хүмүүсээс монгол бичгийн шалгалт авах эхлэлийг тавиад байгаа бөгөөд шалгалтын сорилыг хэвлүүлж ТАЗ-д хүргүүлжээ. Мөн гадаадын монгол судлаачдын залуу халааг бэлтгэх, нутгийн аялгууг хадгалан үлдээх талаар арга хэмжээ авах, монгол хэлний шинэ дэлгэрэнгүй толь бүтээх, газар усны уугуул нэрийг өөрчлөлгүй хадгалан үлдээх зэрэг олон ажил хийж байгааг дурдсан юм.

Гадаад үгийг монгол хэлэнд галиглан буулгах журмыг тодорхой болгох үүднээс хятад хэлний үеийг галиглах журам боловсруулан баталсан байна. Орос, англи, солонгос, япон үгийг галиглах журмыг боловсруулах ажлыг хийж эхлэхээр төлөвлөжээ. Монгол бичгийн үндэсний стандарттай болох зорилтыг мөн тавьсан байна.

Хүн амын суурьшил ихссэнээс нутгийн аялгуу мартагдах төлөвтэй болсон тул үүнд анхаарч, нутгийн аялгууны толь бүтээхээр болж, Дархад дууны цоморлиг ном хэвлүүлжээ. Гадаадад урт хугацаагаар ажиллаж, амьдарч байгаа Монгол Улсын иргэдийн үр хүүхдэд монгол хэл заах ажлыг чухалчлан үзсэн байна.

Бичлэгийн хувьд маргаантай 700 гаруй үгийг дотроо багтаасан, нийтдээ 60-аад мянган толгой үгтэй зөв бичгийн журамласан толийг ирэх есдүгээр сарын 1-ний өмнө эцэслэн гаргахаар ажиллаж байгаа юм байна. Гүйцэтгэл нь одоогоор 40 хувьтай байгааг танилцууллаа.

МБҮЗ-өөс www.nairuulga.mn болон www.NCLP.mn гэсэн сайтуудыг дэргэдээ ажиллуулдаг болжээ.

Сүүлийн 25 жилд алдагдсан бодлогын алдааг нөхөж нэр томьёо судлалыг хөгжүүлэх төсөл хэрэгжүүлэхээр болж, 2016 оны 9 дүгээр сараас Улсын нэр томьёоны комиссыг сэргээн байгуулсан байна. Тухайн улсын хөгжлийн байдлыг нэр томьёоноос харж болно гэсэн үг байдаг аж. Орчин үеийн нийгмийн хөгжилтэй холбоотойгоор орж ирсэн гадаад үгийг монголчилж, шинэ нэр томьёо үүсгэх шаардлага нэмэгдэж буйг МБҮЗ-ийн гишүүд онцолж байлаа.

Мөн үндэсний хэл соёл, бичиг үсгээ хамгаалан хөгжүүлэх талаар санаачилга гаргасан иргэнийг 4 жилд нэг удаа шалгаруулан Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналаар шагнаж байх саналыг МБҮЗ-өөс дэвшүүлж буйгаа танилцууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тайланг сонсоод төрийн албаны шалгалтад анх удаа орж буй хүмүүсээс монгол бичгийн шалгалт авч эхлэх хугацааг тодорхой болгох, монгол судлалд төрийн зүгээс байнга анхаарч явах, МБҮЗ-ийн зүгээс хийж байгаа ажлаа олон нийтэд танилцуулж байх, монгол хэлний багш нарт монгол бичгийн сургалт явуулахад нь тусалж дэмжих, газар усны уугуул нэр өөрчлөгдөж болзошгүй асуудлуудад анхаарч байх зэргийг хэллээ.

Мөн гадаад үгийг монгол үгээр нэрлэж байх, тухайлбал, кофег боргол, шоколадыг борхош, бензинийг гүүгэн, бензин түгээгүүрийн газрыг гүүгэнц зэргээр нэрлэж болох саналыг Тангадын Галсан гуай дэвшүүлж байсныг дурдаж, энэ мэтээр монголоор нэрлэж болохуйц 100 гаруй үг байдаг талаар хэлж байв.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top