С.Баасанхүү: Монголын төр цэргээ өлсгөж байсан түүх байхгүй

Автор | Zindaa.mn
2017 оны 03 сарын 18

Өнөөдөр Монгол Улсын Зэвсэгт хүчний 96 жилийн ой, “Монгол цэргийн өдөр” тохиож байна. Тиймээс энэ удаагийн ярилцлагын буландаа "Монгол генерал төв"-ийн тэргүүн, хошууч генерал С.Баасанхүүг урин ярилцлаа.


-Монгол Улсын Зэвсэгт хүчний 96 жилийн ой, “Монгол цэргийн өдөр”-ийн мэнд хүргэе. Монголын  Зэвсэгт хүчний шинэчлэл  1992 оноос хойш хийгдэж, энэ хугацаанд хөгжлийн замналд хүрэх гэж багагүй шатыг туулж ирсэн.  Баярын эл өдрөө түүхэн замналаа эргэн дурсвал?

-Миний хувьд 1972 оноос  хойш  Монголын зэвсэгт хүчинтэй ажил амьдралаа холбож ирсэн. Монгол Улсын туулж ирсэн тэр хөгжлийн замыг  манай  Зэвсэгт хүчин  мөн л адилхан туулж өдийг хүрсэн. 1992 оны шилжилтийн нийгмийн тэр ороо бусгаа үеийг мөн л бид туулсан.  Дэлгүүрийн лангуу хоосон байх тэр үед  цэрэг хоолоо идсээр л байсан. Өөрөөр хэлбэл Монголын  төр цэргээ өлсгөж байгаагүй юм. Бүх салбар шинэ нийгэмд дасах гэж нэлээдгүй саад бэрхшээлийг даван туулж магадгүй өнөөдөр ч  зарим нь хөгжлийн голдрилдоо ороогүй яваа. Харин   манай салбарын хувьд зөв замаар явж өдийг хүрсэн. Энэ бол Монголын төр батлан хамгаалахын салбартаа анхаарал тавьж ирсний тод илрэл гэж боддог. Үүнийг хэрхэн батлах уу гэхээр тэр хүнд цагт монгол цэргүүд мөрөндөө хувцастай, ходоодондоо хоолтой үүргээ гүйцэтгэж л явсан. Өнөөдөр 10 гаруй мянган  цэрэг НҮБ-ийн энхийг сахиулах үйл ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн байна. Монгол цэрэг дэлхийд хэдийнээ  танигдсан. Дэлхийн олон орны халуун цэгт НҮБ-ын олон арга хэмжээнд оролцохуйц хэмжээний чадварлаг цэргүүдтэй болсон гэсэн үг. 

Мөн нөгөөтэйгүүр өнгөрсөн хугацаанд улс төрийн олон хүчин солигдож нам намын нүүр үзсэн ч гэлээ аль ч засгийн үед Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын чиглэлээр улс төрийн хүчнүүдийн санаа бодол зөрөлдөөд байдаггүй харин ч  нэг л зүйл дээр төвлөрч чаддаг байсан учраас манай салбар элдэв савлагаанд өртөөгүй хөгжиж ирсэн онцлогтой. Энэ бол бидэнд их эерэг үзүүлэлт юм.

-Зэвсэгт хүчин байгуулагдсан 96 жилийн ойгоор онцлох ямар амжилтыг үзүүлэв?

-Зэвсэгт хүчнийг нийгмийн бусад салбар шиг үнэлж цэгнэдэггүй юм. Зөвхөн түүх л үнэлнэ. Түүнээс биш барилгын салбар шиг хэчнээн давхар байшин барив гэдгээр үнэлэх боломжгүй. Зэвсэгт хүчний амжилтыг тайван цагт чадвараар нь үнэлнэ. Тэгвэл  өнөөдөр дэлхийн өнцөг булан бүрт монгол цэргүүд  нэр төртэйгээр үүргээ  гүйцэтгэж байна. Энэ бол манай салбар амжилттай байгаагийн илэрхийлэл. Харин эсрэгээрээ цөвүүн цагт түүх  шүүнэ. Энэ нь бусдын эрхшээлд оров уу тэсэж үлдэв үү гэсэн хоёр зүйлээр ангилагддаг  юм.Ийм зүйл манайд мэдээж байхгүй.  

-2000 оноос хойш манайх монгол цэргээ гадагш нь илгээсээр ирсэн. Гаднынхан монгол цэргийн чадавхийг хэрхэн үнэлдэг вэ?

-Цэрэг хүнд ганц хэрэгтэй зүйл нь хөдөлгөөний эвсэл. Нөгөөтэйгүүр аливаа зүйлийг маш түргэн сэтгэж хурдан шаламгай хөдөлдгийг харуулж байгаа хэрэг. Гаднынхан Монгол цэргийн чадавхийг маш  өндрөөр үнэлдэг. Том гүрний сайд генералууд, төрийн тэргүүнүүдтэй уулзаж явахад бидэнд маш хүндэтгэлтэй ханддаг. Тэд юу хэлдэг вэ гэхээр “Монгол цэрэгт, Монголын Зэвсэгт хүчнийхэнд баярлалаа” гэж хэлдэг юм. Энэ монгол цэргийн нэр төрийг харуулж байгаа хэрэг. Тэд “Монгол цэрэгт мундаг чадвар байна” гэцгээдэг Халуун, хүйтнийг тэсвэрлэн зохицож чаддаг хөрвөх чадварыг шагшдаг. Ямар ч хоол унданд дасдаг сайн талтай. Монгол Улсын Зэвсэгт хүчний НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаан дахь оролцоо нь анхны хоёр цэргийн ажиглагч офицерыг  2002 онд Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад явагдаж буй энхийг сахиулах ажиллагаанд илгээснээс эхэлсэн түүхтэй. Үүнээс хойш дэлхий нийтэд явагдсан НҮБ-ын 11 энхийг сахиулах ажиллагаанд нийтдээ 10 мянга гаруй цэргийн алба хаагч, үүргээ амжилттай гүйцэтгэсэн байна. Бид анх өөрсдөө цэргээ илгээдэг байсан бол  гаднынхан өөрсдөө хамтарч ажилъя гэж монгол цэргийг урьдаг болсон.  Энэ нь өнөөх ур чадвартай холбоотой. Бид санал тавьсан болгонд нь зөвшөөрөх гэхээсээ илүүтэй сайтар судалсны эцэст сонголт хийдэг болсон. Энгийнээр хэлбэл бидэнд ашигтай талыг нь илүүтэй хардаг  гэсэн үг.

-Ашигтай гэдэг нь?

-Нэгдүгээрт тухайн газрын цаг уур, орчин нөхцөл манай цэрэгт тааламжтай байх өөрөөр хэлбэл үүрэг гүйцэтгэх хугацаанд хүндрэл бэрхшээл багатай гэсэн санаа. Түүнээс биш хэтэрхий эрсдэлтэй газар руу бид цэргээ явуулж галд оруулахыг хүсэхгүй. Мөн очоод шинэ зүйл сурах боломжтой эсэхийг харгалзан үзсэний эцэст сонголт хийнэ. Үүрэг гүйцэтгэж байгаа чадавхийн хувьд манайх дээгүүрт ордог. Ийм ч учраас  Монгол Улс энхийг сахиулдаг топ 20 орны нэг. Мөн  Монгол улс НАТО-гийн Афганистан дахь энхийг сахиулах ажиллагаанд нэгдсэн 45 дахь улс.гэж зарласан.

 


 

-Зэвсэгт хүчнийг 2015 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр хэр үр дүнтэй хөтөлбөр байсан бэ? “Зэвсэгт хүчнийг 2030 он хүртэл хөгжүүлэх” хөтөлбөрийг одоо хэрэгжүүлээд явж байна.

 -Хөтөлбөрийн үр дүнд би хувьдаа онц сайн дүн тавина. Гэхдээ албаа гүйцэтгэж яваа хүмүүс энэ асуултад илүүтэй хариулах болов уу.

 - Цэргийн хүний амьдралыг мах цусаараа мэдэрсэн хүний гол төлөөлөл нь та.  Жинхэнэ цэрэг хүний туулах зам мөрийг туулж явахдаа юуг илүүтэй ойлгож ухаарав?

 -Ажил төрлийн тухайд яривал, Монголын Зэвсэгт хүчинд зүтгэж бүх албан тушаалыг хашсан цөөхөн хүний нэг. Салааны захирагчаас эхлээд багш, цэргийн ерөнхий дээд сургуульд курсын дарга, ротын захирагч, бателионы штабын дарга, бателионы захирагч, хорооны штабын дарга, хорооны захирагч, девизийн штабын дарга, девизийн орлогч дарга, девизийн захирагч зэрэг албыг хашсан. Зүүн баян, Төв аймгийн 016-р девиз гээд олон анги дамжсан. 

Цэргийн алба  хүнийг  хүн болгодог. Хүн болгоно гэдэг нь наад зах нь хүний үг дааж сурахыг хэлнэ. Нийтийн жишгийг дагаж сурна. Нийтийн жишгийг дагаж сурна гэдэг маш чухал. Нийгэмд гарч буй сөрөг үр дагаварууд нийтийн жишгийг дагадаггүйтэй л холбоотой. Жишээ нь замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нар бүгд л нэгнийхээ урд гарахыг хүсдэгээс биш нийтийн жишгийг дагадаггүй. Үүнийг тэгвэл цэрэгт сургадаг. Миний хувьд гэхэд айлын ганц хүүхэд цэрэгт явж байсан. Би дөрвөн жил цэргийн дээд сургуульд сонсогч хийсэн. Энэ хугацаанд цэрэг хүн ямар орчинд ямар байдгийг яс махандаа шингэтэл ойлгосон. Нэг тогооноос хэдэн зуун хүн хоол идэж, нэг том байшинд гэртээ ноён шиг байсан хүн цэргийн амьдралд энэ зангаа гээнэ. Энэ чинь л нийтийн жишгийг дагах чадвартай болж байгааг харуулж байгаа юм. Өнөөдөр Монголын залууст энэ хандлага дутагдаж “Би” л гэсэн хүмүүс олширч байна.

-Гурван жилийн цэрэг, нэг жилийн цэргийн хооронд цаг хугацааны хувьд ялгаа их бий биз.

-Цаг үеийн хөгжлөө дагана. Бидний үед гар утас байтугай зурагт байдаггүй байсан үе. Хурдацтай хөгжиж буй энэ нийгэмд заавал гурван жил чамайг алба хаалгана гээд зүтгээд байж болохгүй. Өнөөдөр ихэнх залуус боловсролтой болсон. Дээрээс нь ертөнцийг үзэх үзэл илүү хөгжсөн. Ийм тохиолдолд хүнийг заавал гурван жилээр алба хаалгах албагүй. Сургууль төгсөх хэмжээний жилийг цэрэгт өнгөрөөнө гэдэг өнөө цагтай байж болохгүй. Тодорхой мэдлэг эзэмшсэн хүмүүстэй гурван жил бус нэг жил ноцолдоход л хангалттай. Тэгэхээр үүнийг өмнөх үетэй харьцуулж дүгнэх нь буруу. Манай цэргийн алба хаагчдыг янз бүрээр ярьцгаадаг. Цэргийн хугацаа бол тийм чухал зүйл биш. Тиймээс иргэдийг зөв ойлгоосой гэж би боддог. Зүгээр л тэр үеийн гурван жилийн цэрэг л  мундаг байсан юм шиг, нэг жил болохгүй байгаа мэтээр ярьж болохгүй. Ер нь хүний сэтгэхүй, чадавхтай холбоотой асуудал юм л даа.

-Төрийн албан хаагчдыг цэргийн алба заавал хаасан байх ёстой гэдэг нь таны хэлснээр өнөөх нийтийн жишигт нийцэж амьдрах арга ухаанд эхлээд суралц гэсэн санаа юу?

-Тийм ээ. Та хэн ч байсан бай Монгол эр хүний туулах ёстой тэр замналыг туул. Түүний дараа монголын төрийн албанд монгол хүний төлөө зүтгэ гэсэн үг.

-Танай салбарт тулгамдаж байгаа асуудал юу байна вэ? Монголын Зэвсэгт хүчнийг зэвсгийн хувьд хоцрогдсон л гэж ярьдаг. Хүрэлцээний хувьд хангалттай юу?

-Зэвсгийн хувьд хоцрогдсон гэж ярьдаг нь үнэний талтай. Гэхдээ “Хөнжлийнхөө хэрээр хөлөө жий” гэдэг үгийг санах хэрэгтэй. Монгол улс баян тарган боллоо гэхэд тэр хэрээрээ зэр зэвсгээ шинэчилнэ шүү дээ. Байгаа юмаа чадварлаг эзэмшинэ гэдэг гоё зүйл.  Ер нь зэвсгээ голно гэдгийг би хүлээн зөвшөөрдөггүй. Гадны улсаас тусламж болоод хамтын ажиллагааны хүрээнд өчнөөн их техникийн тусламж авсан. Тулгамдсан асуудал салбарт маань байлгүй л яахав. Гэхдээ үүрэг гүйцэтгэхэд тулгамдсан зүйл алга. Харин нийгмийн хамгаалал талаасаа тулгамдсан асуудал их  байна. Гэлээ гээд цэргийн хүмүүжлээр явж байгаа энэ хүмүүс авч байгаа цалиндаа хэзээ ч гоншигнож байгаагүй. Зарим салбарынхны цалинг сонсоод би гайхдаг юм. Шүүгчид 3-4 сая цалин авах ёстой гэдгийг дуулаад нүд орой дээрээ гарч байсан. Тэр хүмүүс ямар нийгэмд ямар хүмүүсийн дунд амьдарч  байгаа юм гэдгээ огтхон ч мэдэхгүй байна шүү дээ.

-Эх оронч сэтгэлгээг залууст  цэргийн амьдралаас гадна өөр юугаар олгох вэ?

-Үүх түүхээ мэдэхээс гадна гадагшаа явах хэрэгтэй. Гадагшаа явж ирсэн хүн сэтгэлгээний хувьд маш өөрчлөгддөг. Тэдэнд мундаг эх орон ч сэтгэлгээ суусан байдаг. Яагаад гэвэл хүний нутагт эх орныхоо эрх чөлөө, жинхэнэ үнэ цэнийг ойлгож байна шүү дээ. Харийн нутагт гишгэх нь хүртэл номтой. Гэтэл эх орондоо яаж гишгэх дурын хэрэг биз.

-“Монгол генерал” төвийнхөө үйл ажиллагааны талаар танилцуулбал?

-Монголын үе үеийн алтан мөрдөст генералуудын эргэх холбоог сайжруулах, мөн залууст цэрэг, эх оронч үзлийг төлөвшүүлэх, генерал цолтнууд төдийгүй цэргийн алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх зэрэг үйл ажиллагааг явуулах зорилгоор 2001 онд  Монголын нэр бүхий алдартай генералууд нэгдэн “Монгол генерал” төвийг  нээж байсан түүхтэй. Тухайн үед хамгийн залуу генерал нь би байсан болоод ч тэр үү төвийн тэргүүнээр намайг сонгож байсан юм. Үүнээс хойш өдгөөг хүртэл 16 дахь жилдээ тэргүүнээр ажиллаж байна. Төв маань  80 гаруй генералыг эгнээндээ нэгтгэсэн.

-Хамгийн ахмад генерал хэдэн настай вэ?

-96 настай Т.Алтангэрэл генерал  гэж бий.

-Монгол цэргийн өдөр, Зэвсэгт Хүчний 96 жилийн ойн баярыг тохиолдуулан Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүн, үе үеийн ахмад дайчид, эр цэргийн албан хаагчид, ирээдүйн эх орны энхийн сахиулагчид хандан мэндчилгээ дэвшүүлнэ үү?

-Баярлалаа. Монголын Зэвсэгт хүчинд алба хааж байсан үе үеийн олон мянган цэрэг дайчиддаа “Монгол цэргийн өдөр”-ийн мэнд хүргэж хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.


Ярилцсанд баярлалаа. Ш.Адъяамаа

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
шаа(202.126.91.106) 2017 оны 03 сарын 19

дэглэгчдэд дэг хэрэгтэй гэж нэг нийтлэл гарч тураалдаа хүрч янхирцаг болсон цэргүүд үхэж байсан цаг саяхан шүү

0  |  0
za(43.242.241.30) 2017 оны 03 сарын 19

ard tumenee ulsgdug

0  |  0
jagaa(104.48.55.10) 2017 оны 03 сарын 19

энэ хүн 90 - 1997 хооронд Монголд байгаагүй юм уу? эсвэл худлаа ярьж байгаа юм уу?. энэ ярилцлага өгч байгаа хүмүүс иргэдийг тэнэг гэж боддог байхаа

0  |  0
Штабын цэрэг (91.86.54.116) 2017 оны 03 сарын 18

ЗБ-д манай хорооны захирагч байсан хуйхтай дарга даа. Би гарыхан цэргуудийн нэг байлаа. Дивизийн захирагч намайг загнахад емеерч уг хэлж байсан. Доорх коментчидэд хэлэхэд мэдэхгуй юмаа битгий хамаагуй дугнээ. Тэргууний мундаг генералуудын нэг. Цэргээ хамгаалдаг дарга тийм ч их байхгуй. Захирагчидаа сайн сайхныг хусэн ероое.

0  |  0
Zochin (81.65.208.42) 2017 оны 03 сарын 18

Iimerhuu hudalch nohduudiig tseverlehguigeer Mongol uls yaj hogjih bileedee. Ydaj baihad te ni sandal shireendee hairtai gej jigteehen.

0  |  0
Хэрлэн(122.201.31.229) 2017 оны 03 сарын 18

Юу ч санахгүй гэж бодоод бгаамуу ? Цэрэг 90 ээд онд хулгай хийтлээ өлсөж бсан шүү! Нинжа гэдэг үг чинь энд анх үүсч байлаа

0  |  0
Монгол(103.26.192.190) 2017 оны 03 сарын 18

Хоол ярьсан сонин эр вэ. Одоо цагт генерал нь хуртэл хятад солонгос шиг хоол сэтгэхуйтэй болждээ.

0  |  0
Soongo(66.181.177.12) 2017 оны 03 сарын 18

Цэргийн баярын мэнд хүргье, их олон жил үйл ажиллагаа явуулж байгаа юм байна, номын шүүгээгээ гоё гоё номоор дүүргээрэй, хоосон харагдаж байна

0  |  0
Top