Хаврын танил төрх

2017 оны 03 сарын 23

Хаврын урьтай золгож хамаг амьтны магнай тэнийж байна. Энэ улиралд хүмүүсийн сэтгэл догдлолтой зэрэгцэн сэдэрдэг бас нэг зүйл бол хөрсний бохирдол. Өвлийн гурван сар утаа ярьсан нийслэлчүүдийг хөрсний бохирдол хэмээх хүндхэн асуудал хүлээж байна. Хотын гудамж өнгө нэмэн, хүн бүрийн сэтгэл тэнэгэр инээмсэглэл тодруулан алхах аж. Харин хотын төвийн энэ дүр зураг гэр хороололд эсрэгээрээ. Гэр хорооллын гудамж талбайд  үнс нурам, хур хог, угаадас, ялгадас, шавар  шалбааг л байна.  Үүгээр тус хороололд амьдрах олон хүн ажил, сургууль, цэцэрлэгтээ явахаар нааш цааш хөлхөнө. Энхэл донхол замтай нарийхан давчуу гудамжинд иргэд бохир усаа надад хамаагүй гэсэн шиг нэлийтэл нь асгачихаад хээв нэг явж одох нь энүүхэнд. Энэ бол Чингэлтэй дүүргийн  32-ын тойрог орчмын гэр хороололд өдөр бүр үзэгдэх дүр зураг. Нааш цааш хөлхөх хүмүүсийн дунд ямар нэг зүйлд яаравчлан алхах 50 орчим настай ногоон торгон дээлтэй эмэгтэй тоох юмгүй туучсаар дөхөв. Тэрбээр “Завхан аймгаас  биеэ үзүүлэхээр  ирсэн. Эмээлт рүү орж ирэхэд нүүрсний угаар, тоос шороо аймар үнэртдэг.  Дэлгүүр ороод л буцах хооронд хамар цоргиод байна. Сүүлийн үед уушгины өвчлөл, цаашлаад уушгины хавдар залуужиж байгаа нь агаар, хөрсний бохирдолтой шууд холбоотой. Эмнэлгээр үзүүлээд  явж байхад уушгины тасгаар үйлчлүүлж буй  хүмүүсийн дийлэнх хувийг хүүхэд, залуус эзэлж байна. Эндээс харахад уушигны өвчлөл залуужиж байна гэсэн үг. Хөдөө рүүгээ Хурдан явахгүй бол горгүй нь, байнга хамар ам битүүрээд нойр ч хүрэхгүй байна. Өвөл утаатай, урин дулаан улирал эхлэхээр хөрсний бохирдол үнэр танар авах юмгүй болох юм ” гэв.

Чингэлтэй дүүргийн XII хороо буюу бидний нэрлэж заншсанаар 32-ын тойрог Нийслэлийн хамгийн их бохирдолтой хэсэгт багтах аж. Зарим нам дор газар суваг шуудууны мөс засмал замтай ижил төвшинд байна. Гурав орчим насны хүүхдээ хөтөлсөн эмэгтэй суваг шуудуун дээгүүр болгоомжтой гэгч нь алхсаар наашлав.  Тэрбээр “Манай XI хороо сүүлийн үед суваг шуудуйг олон удаагийн давтамжтай цэвэрлэх болсон. Тус далан доороосоо булгийн эх ундрагатай учир өвөл болохоор дүүрдэг.  Булаг нь ундардаг болоод  ч тэр үү цэвэрлэгээ сайн хийдэг” хэмээв. Уг далан харьцангуй цэвэрхэн хааяа угаадас, үнс, ууттай хогийг эс тооцвол харьцангуй гайгүй. Иргэдийн ярьж буйгаар сар сардаа цэвэрлэгээ сайн хийдэг. Гэсэн  зарим айл далан шуудуу руу хог болон үнс угаадсаа замбараагүй асгадаг тухай онцолж байсан юм.

Чингэлтэй дүүргийн XII хороонд  оршин суух Б.Батзориг “ Гэр хорооллын бидэнд тулгарч буй асуудал их. Манай энэ хэсэгт олон жил суурьшсан айл өрхүүд их байдаг. Эдгээр айлын  олонх нь хашаан дотроо нүхэн жорлон ухсаар сүүлдээ ухах газаргүй болсон. Өвөл болохоор муу усаа далан шуудуу руу асгах нь гайгүй. Миний ажигласнаар хашаан дотроо том саванд угаадас, муу усаа хөлдөөж байгаад урин дулаан болохоор далан руу шөнө оройн цагаар хаяж байгаа харагдсан. Урин дулааны үеэр далан, суваг  шуудууны үнэр танар авах юмгүй болдог. Сүүлийн үед дүүргийн тохижилт үйлчилгээний шар хантаазтнууд маш сайн цэвэрлэх болсон. Жишээ нь, энэ суваг шуудуйг хоёр хүн хариуцаж аваад цаг тухай бүрт нь цэвэрлэнэ. Өмнөх  жилүүдэд  ийм байгаагүй. Энэ суваг шуудуй хогоор дүүрсэн байдаг байлаа. Энэ жилийн хувьд тус тусад нь хуваарилаад өгөхөөр дор бүрнээ цэвэрлээд хэн хэндээ амар юм. Мөн XII хороо сард нэг удаа иргэдийг их цэвэрлэгээнд дайчилдаг. Ихэвчлэн өндөр настай хүмүүс цэвэрлэгээнд хамрагдана. Өнөөдөр цэвэрлэнэ, маргааш, нөгөөдөр гэхэд хогоор дүүрнэ. Одоо та харж байгаа биз дээ, дүүрэн хог, тамхины иш, гялгар уут, үхсэн нохойн сэг зэм. Эдгээр хүнсний дэлгүүр, түц-ний эзэд, ухамсар дэндүү дорой болсон байна. Би шөнийн ээлжийн ажилтай.  Шөнө оройн цагаар  суваг шуудуу руу хогоо асгах нь ихэссэн. Зөвхөн энд харьяалалтай айлууд хог хаяхгүй, хэн дуртай нь ирээд хогоо хаядаг. Ач зээ нар ирээд гадаа тоглох арга байхгүй. Эдгээр жаахан амьтад муухай үнэр үнэртээд байна, бөөлжих гээд байна гээд гадаа гардаггүй гээд бод доо. Мөн залуусын ухамсар дорой болсон нь ажиглагдаж байгааг зориуд хэлмээр байна. Юм хэлэхээр өөдөөс өрвөлзөнө, арзагнана, эрх чөлөө зөрчлөө гэх зэргээр үг  хэлүүлэхээ больсон байна. Эдгээр газруудад эрүүл хөрс шороо гэж  байхаа больсон. Хувь хүн болгон дор бүрнээ ухамсартай, соёлтой баймаар байна. Бидний  үед наад зах нь ухамсартай юмны наана цаадахыг мэддэг, ахмадын үгийг сонсдог байсан. Орчин үеийн залуус бидний үгийг сонсохгүй байна. Жоохон муу хувцастай явж байвал муу архичин гэж харах болсон. Уг нь бол нэг алхахад л хогийн сав байгаа шүү дээ хэмээн уцаарлангуй  үлдлээ.

 

А.Гэрэлт-Од: Чингэлтэй дүүрэгт хур хог байхгүй

Чингэлтэй дүүргийн тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга А.Гэрэлт-Одоос тус дүүрэгт хэчнээн далан шуудуe байдаг болон бидний сая очсон хорооны шуудуу дахь хогийг хэзээ цэвэрлэх талаар тодрууллаа.

-Чингэлтэй дүүргийн XII хороо хөрсний бохирдол ихтэй хэсэгт ордог. Эдгээр бохирдолтой хэсэгт ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?

-Дан ганц XII  хороо гэлтгүй Чингэлтэй дүүргийн бүх нутаг дэвсгэр хөрсний бохирдол ихтэй.   Мөн дүүргийн хэмжээнд уулархаг болон жалга гуу газарт айлууд ихээр суурьшсан байдаг. Дүүргийн хэмжээнд 1-12 дугаар хорооны жалга гуу цэвэрлэх ажлыг тохижилт үйлчилгээний хэлтэс  цаг тухайд нь  тогтмол хийдэг. Сүүлийн үед  ил задгай хог хаягдал харьцангуй бага болсон. Чингэлтэй дүүргийн хэмжээнд хур хог гэж байхгүй. Үүсмэл хог гардаг ч цаг тухайд нь хариуцсан хүн нь цэвэрлээд явдаг. Мөн  уулархаг газар нутагтай учраас нүхэн жорлон ухах газар нь  дутмаг. Манай дүүрэг сүүлийн хоёр жилийн хугацаанд Нийслэлийн хөрөнгө оруулалтаар Хайлаастын уулзвараас Хайлаастын хуучин эцэс буюу Хайлааст, Чингэлтэйн  холбосон зам хүртэл бохирын нэгдсэн шугам татсан. Мөн өнгөрсөн жил Хайлаастын уулзвараас долоон буудал хүртэл бохирын нэгдсэн шугам татсан.

-Дэнжийн 1000 болон Чингэлтэй дүүргийн XI, XII хорооны зарим хэсэгт суваг шуудуу руу хог, угаадас, үнсээ асгасан байдалтай байна. Хамгийн сүүлд эдгээр хэсгийг хэзээ цэвэрлэсэн бэ?

-Манай дүүрэг цэвэрлэгээний захирамж гарган цэвэрлэгээг сар сардаа тогтмол хийдэг. Хамгийн сүүлд гуравдугаар сарын 7-8 нд их цэвэрлэгээ хийсэн. Цас ханзарч буйтай холбоотой далан сувгийн үзлэг шалгалт хоёрдугаар сарын сүүлч гуравдугаар сарын эхээр гурван удаагийн давтамжтай хийсэн. Одоогийн байдлаар далан сувгийн мөстсөн хэсэг хайлж дуусаагүй болохоор түр цэвэрлэгээ буюу дээд өнгөн хэсгийн хог хаягдлыг авч байна. Дүүргийн хэмжээнд өвөлжилт болон цас унахаас урьтаж далан сувгийн цэвэрлэгээг бүрэн хийсэн. Чингэлтэй дүүргийн хэмжээнд булаг гардаг хоёр далан байдаг. Тухайн далангууд өвөл хөлдөхгүй зайрмагтдаг. Мөн зарим тохиолдолд далан сувгийн  ус нь хальж гардаг. Ийм тохиолдолд холбогдох газартай хамтарч голдирлыг нэг болгох мөсийг зайлуулах ажлыг тогтмол хийж байна. Гуравдугаар сард хийсэн цэвэрлэгээний үеэр  тухайн хоёр далан дээр шалгалт хийсэн.  Гольдиролыг засаж, захаар нь байсан цас мөсийг арилгах, цэвэрлэх зэрэг арга хэмжээ авсан.

-Чингэлтэй дүүргийн хэмжээнд ус зайлуулах хэчнээн далан суваг байдаг вэ?

-Дүүргийн хэмжээнд  үерийн усны хамгаалалт бүхий барилга байгууламжийн далан суваг  найман байршилд төвлөрсөн байдаг.

-Дүүргийн хэмжээнд хөрсний бохирдолтой хэрхэн тэмцэж байна вэ?

-Сул шороо буюу хөрсийг хатуу хучилттай болгох, ногоон байгууламж байгуулах ажлыг нийтийн эзэмшлийн зам талбайд хийдэг. Өнгөрсөн онд 45 мянган шоо метр талбайг хатуу хучилттай болгосон. Мөн эко хавтан бүхий ногоон байгууламжийг гэр хороололд хийж хэвшүүлж байна.

-Ногоон байгууламж байгуулахад иргэдийн оролцоо, хандлага ямар байдаг вэ?

-Олон жил суурьшсан айлууд нарс, мойл, улайс зэргийг хашаандаа тарьдаг. Хавар намрын тариалалтаар иргэд болон албан байгууллагад  ногоон байгууламжийг санал болгоход дуртай хүлээн авдаг нь олон.

-Дэнжийн 1000 худалдааны төв, түүний ойр орчим хог, үнс, угаадас зэргээр хөрсний бохирдол ихтэй байсан. Төвлөрсөн худалдааны төвүүдтэй хэрхэн хамтарч ажиллаж байна вэ?

-Ер нь бидний зүгээс хүрч болох бүх хэсэгт ажиллаж байна. Дэнжийн 1000 орчим нэлээн хүндрэлтэй газар. Төвлөрсөн хоёр том захтай. Ойр орчмын айл өрхүүд хашаандаа хоёрдогч түүхий эд  худалдан борлуулах үйлчилгээ эрхэлдэг. Бидний зүгээс нийтийн эзэмшлийн гудамж талбайг тогтмол анхаарал хандуулан цэвэрлэдэг. Сүүлийн жилүүдэд цэвэрлэгээ жигдэрч  байна. Мөн иргэдийн бүлэг хамтран ажиллаж байна. Энэ бүлэг ажилсанаар ил хаясан хог шороог тогтмол ачуулах, иргэдэд  хог хаяхгүй байхыг сануулах зэрэг ач холбогдолтой юм.

 

“Бөмбөгөр” худалдааны төвийн хог хаягдал харанга дэгдээж байна

Баянгол дүүргийн XVI хороо буюу бидний мэдэх “Бөмбөгөр” худалдааны төвийн  суваг шуудууны хэсгийг зорилоо.  “Бөмбөгөр” худалдааны төвийн автобусны буудал дээр буухтай зэрэгцэн хотын төв хэсэгт нүд дүүрэн харагдах хог хаягдал, үнс, угаадас, эхүүн үнэр, хөл хөдөлгөөнтэй угтлаа. “Бөмбөгөр” худалдааны төвийн  гүүр, түүний хажууханд байрлах лангуун дээр олон төрлийн оймс, дотуур хувцас зарах хичээл насны эрэгтэйгээс түүний ард хаясан хог хэд  хонож буйг асуухад “Энэ хог, хаягдал миний мэдэхээр  4-5 хонож байна. Дээр харагдаж буй Гандангийн дэнж ихэнхдээ хөлсний байраар дүүрсэн. Эдгээр байр түрээслэгчид хог хаягдал, үнс, угаадас зэргийг замбараагүй хаядаг. Иргэдийн ухамсар маш дорой байна. Уг нь дүүргийн тохижилт үйлчилгээний газраас ойр ойрхон цэвэрлэдэг юм. Орой нь цэвэрлээд явна, өглөө ирэхэд суваг шуудуу нь дүүрэн хогтой болсон байх жишээтэй.

Модон гүүрээр дамжин Гандангийн дэнж рүү иргэд  цуврах аж. Уг гүүрээр гарахад нимгэн банз нь хотолзож хэзээ мөдгүй цөмрөхөөр  түгшүүртэй. Гандангийн дэнж рүү өгсөхөд угаадас нь юм уу, цас нь хайлаад шалбааг болжээ. Шалбаагтай зэрэгцэн эхүүн үнэр, газар сайгүй хөглөрөх хог хаягдал хөлөөр нэг орооцолдоно. Эдгээр гудамжаар нялх хүүхэдтэй хүн, жирэмсэн эмэгтэй, настай хүмүүс, сургуулийн насны хүүхдүүд зарим нэг нь хашаа налан, хажуудаа хүн сугавчилсан байдалтай болгоомжтой гэгч нь алхах дүр зураг харагдана. Баянгол дүүргийн XVI  хороонд оршин суух “Манай энэ хэсэг зах, худалдааны төв  төвлөрсөн хөл хөдөлгөөн ихтэй газар. Урин дулаан болохоор орой үдэш “Бөмбөгөр” худалдааны төвөөс иргэд гудамжинд ирж архи ууна, идэж уусан зүйлийнхээ сав суулгыг хаяна, хоорондоо зодолдоно гэх зэргээр олон асуудалтай тулгардаг. Ийм  хүмүүс одоо яг энэ үеэр гарч ирдэг. Сая цагаан сарын үеэр цэвэрлэгээ хийгээд цэвэрхэн сайхан болсон ч дахиад л дүүрэн хог үнс угаадастай холилдсон байна. Одоо хар л даа аймар байгаа биз дээ. Манайх шалны халаалттай бохироо дор бүрнээ соруулдаг болохоор үнс, хог, угаадас асгах зэргийг мэдэхгүй.  Миний хувьд хог хаягдлыг хүний ухамсартай холбож байна. Хог хаяхаа боль  гэвэл бараг барьж авч зодох байх. Баянгол дүүргийн Тохижилт үйлчилгээний хэлтэс цэвэрлэгээ тогтмол хийдэг. Ер нь цэвэрлэснээс хойш хоёр хоног л цэвэрхэн байдаг. Иймэрхүү байдалтай хог шороо, угаадас, үнстэй холилдон амьдарч байна. Дээрээс нь замд ойрхон болохоор чимээ шуугиан ихтэй төвөгтэй юм”  гэв.

 

Б.Батбаяр: “Бөмбөгөр” худалдааны төвийн ойр орчмыг тав хоногийн өмнө цэвэрлэхэд 5.5 тонн хог хаягдал гарсан

Баянгол дүүргийн XVI  хороонд  хамгийн сүүлд хэзээ цэвэрлэгээ хийсэн талаар тус дүүргийн Тохижилт нийтийн аж ахуйн хэлтсийн мэргэжилтэн Б.Батбаяраас тодруулахад,  “Нийслэлийн болон дүүргийн хэмжээнд зохион байгуулж  далан дахь байнга цэвэрлэдэг.  Хамгийн сүүлд  гуравдугаар сарын 17-нд дунд даланг Баянгол “Шинэ өргөө” түргэн үйлчилгээний компаниас  5.5  тонн хогийг  цэвэрлэсэн.  Хороо болон олон нийтийн байцаагч нар өдөр бүр мэдэгдэл өгч,  шаардлага тавин ажиллаж байна. Мөн бүх нийтийн цэвэрлэгээ ариутгалыг сар бүр тогтмол зохион байгуулж, нүхэн жорлонг ариутгах ажлыг Захирагчийн ажлын албатай хамтран зохион байгуулдаг” хэмээв.

Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн тодорхойлсноор гэр хорооллын бие засах газар бохир усны цооног, ил задгай хаясан хатуу, шингэн хог хаягдал, түүхий нүүрс болон автомашины түлшний шаталтаас ялгарч байгаа химийн нэгдлүүд хөрсний бохирдол үүсгэдэг байна.

Г.Нарантуул

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top