Сургалтын гранат дэлбэрсэн хэрэг ӨМНӨ НЬ ГАРЧ БАЙЖЭЭ

Автор | Zindaa.mn
2017 оны 04 сарын 12

Энэ сарын 11-нд 18.00 цагийн орчим Төв аймгийн Алтанбулаг сум дахь Зэвсэгт хүчний хээрийн сургалтын төв болох Таван толгойд гранат дэлбэрч ахмад М, ахлагч А нар газар дээрээ нас барж, найман цэрэг шархадсан тухай бид өчигдөр мэдээлсэн.

Амиа алдсан цэргүүд Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн албан хаагчид байсан бөгөөд тэд хээрийн сургалтын бэлтгэлд гарч байгаад ийнхүү осолд өртжээ. Одоогийн байдлаар осолд өртсөн гурван хүнээс бусад хүмүүсийн ар гэртэй холбогдсон бөгөөд нэг цэргийн ар гэр Ховд аймагт байдаг аж. Мөн цэргийн төв эмнэлэгт ар гэрийнхнийг нь хүлээж авах тусгай өрөө бэлдсэн байна.

Уг ослыг хувь хүний болгоомжгүй байдлаас үүдэлтэй гэсэн урьдчилсан дүгнэлтийг гаргаад байгаа аж. Дэлбэрэлтийн улмаас шархадсан цэргүүдийг Цэргийн төв эмнэлэгт хүргэж, хоёрт нь  өчигдөр яаралтай хагалгаа хийжээ.

Осол гарсны дараа ЗХЖШ, Цэргийн төв эмнэлгээс ослын талаар мэдээлэл хийсэн юм. Зэвсэгт хүчний жанжин штабаас баталсан 2016-2017 оны сургалт, бэлтгэлийн нэгдсэн төлөвлөгөөний дагуу цэргийн ангиуд сургалт дадлага, байлдааны буудлага хийж байгаа аж. Бүх анги, салбаруудын алба хаагчид энэ сургалтын хүрээнд командлалын болон төгсөлтийн шалгалтаа өгдөг талаар ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар мэдээлэв.

-ЗХЖШ-ЫН ОРЛОГЧ  ДАРГА, ХОШУУЧ ГЕНЕРАЛ Ж.БАДАМБАЗАР: 311, 350-р анги байлдааны буудлага хийх бэлтгэлээ хангах явцад осол болсон

Өнөөдөр Зэвсэгт хүчний анги салбарууд ЗХЖШ-аас баталсан  2016-2017 оны сургалт бэлтгэлийн нэгдсэн төлөвлөгөөны дагуу хээрийн сургалт, дадлага,байлдааны буудлага , харвалт хийгдэж  байгаа.  Бүх анги салбарууд энэ сургалтын төгсгөлд командлалын болон төгсөлтийн шалгалт авагддаг.

ЗХ-ны сургалтын төв буюу Таван толгой дахь  311, 350-р анги байлдааны буудлага хийх бэлтгэлээ хангах явцад  өнөөдөр 17,40 минутын орчимд осол болсон.

Ослын шалтгааныг тогтоохоор ЗХЖШ-ын даргын тушаалаар томилогдсон  шуурхай комисс бид хууль хяналтын байгууллагынхантай  хамтран газар дээр нь ажиллаж байна. Бид 17,40 минутын үед мэдээлэл аваад Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб болон холбогдох байгууллагууд хамтарч шаардлагатай арга хэмжээг авч ажиллалаа. Гол шалтгааныг бид хууль хяналтын байгууллага тогтоосны дараа дэлгэрнгүй мэдээллийг та бүхэнд хүргэнэ. 

Сургалт бэлтгэлийн явцад байлдааны гранатыг цэнэгтэй нь холбох дадлагыг ахмад Э нь явуулж байсан бөгөөд энэ үед  тодорхойгүй шалтгааны улмаас байлдааны гранат дэлбэрсэн байна. Гранат дэлбэрэх явцад ахлагч А, М нар газар дээрээ нас барж, найман хүн шархадсан. Энэ дагуу Цэргийн төв эмнэлэг дээр яаралтай арга хэмжээ авч ажиллаж байна. Бид  Батлан хамгаалах яамны сайд, ЗХЖШ, Эрүүл мэндийн яам болон бусад холбогдох байгууллагуудтай холбогдон шаардлагатай арга хэмжээг авчахаар бэлтгэсэн. Энэ ослын талаар хуулийн байгууллага шалган тогтоосны дараа дэлгэрэнгүй мэдээллийг өгнө  

ЗХ-ны сургалтын нэгдсэн төв нь Улаанбаатар хотоос  50 орчим км-т байрладаг бөгөөд энэ дадлага сургалт түүнээс 10 орчим км-н зайд болсон. Эндээс  шаардлагатай түргэн тусламжийн машин, Цэргийн төв эмнэлгийн бүрэлдэхүүнийг ажиллуулсан.

-Шархадсан цэргүүдийн биеийн байдал ямар байна вэ?

-ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛГИЙН ЭМЧИЛГЭЭ ЭРХЭЛСЭН ОРЛОГЧ ДАРГА, ДЭД ХУРАНДАА Т.СҮХБААТАР: Хоёр албан хаагч яаралтай хагалгаанд орсон

Осол болсны даруйд ЗХЖШ,  сургалтын нэгдсэн төвийн сургалтанд гарч байсан эмнэлгийн бүрэлдэхүүн эмч нар  газар орон дээр нь яаралтай тусламжийг үзүүлсэн. Одоогийн байдлаар Цэргийн төв эмнэлэгт 8 цэргийн албан хаагч ирж эмчилгээ авч байгаа. Газар дээр нь эмч нар эмнэлгийн тусламж үзүүлж  эхний шархадсан өвчтөн 19,58 минут  сүүлийн албан хаагчийг 20,15 минутанд эмнэлэгт ирсэн. Одоогийн байдлаар хоёр цэргийн албан хаагч яаралтай хагалгаанд орж байна. Ирсэн найман цэргийн албан хаагчийн биеийн байдал тогтвортой, амь насанд аюулгүй байгаа. Эмнэлгийн зүгээс шаардлагатай бүхий л арга хэмжээг авч ажиллаж байна.

Зэвсэгт хүчний жанжин штабын харьяа цэргийн ангид сургалтын гранат дэлбэрсэн хэрэг өмнө нь гарч байсан тухай эх сурвалж мэдээллээ. Тодруулбал,  энэ оны хоёрдугаар сарын 14-нд Орхон аймгийн Зэвсэгт хүчний 186 дугаар ангид сургуулилтын гранатын тэслэгч дэлбэрч, 19 настай байлдагч Х хоёр нүдээ гэмтээж байжээ.

Сургалтын бэлтгэл хийж байсан гранат ийнхүү дахин дэлбэрсэн нь ЗХЖШ анги нэгтгэлүүдийн сургуулилтын бэлгэлийн явц, хэрэгсэлд анхаарал хандуулж, шалгалт хийх цаг нэгэнт болсныг харуулж байна. Энэ талаар өнөөдөр 10 цагт ЗХЖШ-аас дэлгэрэнгүй мэдээллийг өгөх юм.

Б.Энх-Уянга

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-(103.20.152.50) 2017 оны 04 сарын 12

САХИЛГА ХАРИУЦЛАГА ТУЙЛЫН МУУ БАЙНА. МЭРГЭЖЛИЙН ХҮНЭЭР АРМИЙГ УДИРДУУЛААЧЭЭ

0  |  0
zochin(202.9.43.18) 2017 оны 04 сарын 12

ene chyxal sharaitai ylcyydad lamapch albani xapiychlaga alga b.na shvvdee.

0  |  0
Top