Баянхонгор: “Бөхийн баяр-2017” амжилттай боллоо

2017 оны 04 сарын 17

“Бөхийн баяр-2017” аймгийн аварга шалгаруулах бөхийн барилдаан өнгөрөгч амралтын өдрүүдэд болж өнгөрлөө. Энэ удаагийн аймгийн аварга шалгаруулах барилдаан Баянхонгор аймгийн Үндэсний бөхийн холбоо бүтэц, удирдлагуудаа шинэчилсэн цаг үед болсноороо онцлог байв.

Бөхийн баярын нээлтийн үйл ажиллагаанд Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргал, ҮБХ-ны шинэ тэргүүн, аймгийн ЗДТГ-ын дарга Ц.Дашцэрэн, Улсын харцага Б.Батболд, Улсын начин Баянжаргал, Ж.Чулуунбат нар оролцож, үг хэлэв. Тэд аймгийн ҮБХ-ны үйл ажиллагаагаар дамжуулж, улс, аймгийн алдар цолтой шинэ залуу бөхчүүдийг олноор нь төрүүлэх бодлого барьж, хамтран ажиллахаа энэ үеэр илэрхийлсэн юм.

“Бөхийн баяр-2017”-гийн хүрээнд гурван хэсэг барилдаан болсон.

Аймгийн аварга шалгаруулах тойргийн барилдаанд аймаг, сумын цолтой 54 бөх таван хэсэгт хуваагдаж барилдлаа. Эндээс дөрөв дөрвөн бөх шалгарч, 20 бөх дөрвөн хэсэгт хуваагдаж тойргоор барилдав. Эндээс шигшээ найман бөх шаргарч үлдлээ.

Нэгдүгээр байрт Баянбулаг сумын харъяат, Хүч спорт хороо, Мөнхийн үсэг групп, Ист даймонд дриллинг ХХК, Их богд бөхийн дэвжээний бөх, Бөхийн чөлөөт барилдааны ОУ-ын хэмжээний мастер, Үндэсний шигшээ багийн тамирчин, аймгийн хурц арслан Н.Золбоо орж, үзэгч олноо баясгасан бол Заг сумын харъяат, Зэвсэгт хүчний  339 дүгээр ангийн бөх, Цэргийн арслан Д.Цэрэнтогтох удааллаа.

Удаах байруудад Баянбулаг сумын харъяат, Эрин гүрэн ХК, Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын бөх, аймгийн хурц арслан Б.Эрдэнэхүү, Бууцагаан сумын харъяат, сумын заан Б.Батдорж, Баянговь сумын харъяат, аймгийн арслан Б.Бат-Амгалан, Гурванбулаг сумын харъяат, сумын заан Лхамдорж, Баянбулаг сумын харъяат, аймгийн арслан Д.Энхбат, Богд сумын харъяат, аймгийн харцага Ж.Энхбаатар нар тус тус орлоо.

“Бөхийн баяр-2017” барилдааны хоёр дахь өдөр сумын цолтой болон залуу 48 бөхийн барилдаан болов. Уг барилдаанд Баян-Өндөр сумын харъяат, сумын заан Б.Тавхай түрүүлж, Баянговь сумын харъяат, сумын заан С.Бат-Эрдэнэ үзүүрлэсэн бол Баянлиг сумын харъяат, сумын заан Б.Билэгдэмбэрэл шөвгөрлөө.

Хаалтын барилдаанд улс аймгийн алдар цолтой, хүчит 96 бөх зодоглов. Шөвгийн зургаад аймгийн арслан Энхбат, Жамбалдорж, цэргийн арслан Цэрэнтогтох нар шалгарлаа. Шөвгийн гуравт хурц арслан Золбоо шөвгөрч, Баянбулаг сумын харъяат, Улсын харцага Б.Батболд үзүүрлэж, Бууцагаан сумын харъяат, Улсын начин Ж.Чулуунбат түрүүлэв.

Аймгийн аварга шалгаруулах барилдаанд амжилттай барилдаж, 16 давж дөрөвдүгээр байрт орсон сумын заан Б.Батдоржид аймгийн начин цол олгов.

Бөхийн баярын хүрээнд нөхөрсөг сагсан бөмбөгийн тэмцээн бөхчүүд Баянхонгор аймгийн удирдах ажилтнуудын хооронд боллоо. Уг тэмцээнд Батболд ахлагчтай Их богд бөхийн дэвжээний баг тамирчид түрүүллээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top