Шүүхийн иргэдийн төлөөлөгчид ярьж байна

2017 оны 04 сарын 19

Шүүхийн иргэдийн төлөөлөгчдийн улсын анхдугаар зөвлөгөөн /2017.04.17/ Төрийн ордонд болсон. Уг зөвлөгөөний үеэр шүүхийн иргэдийн төлөөлөгчид саналаа хэлснийг тоймлон хүргэж байна.

Сонгинохайрхан дүүргийн иргэн Амардэлгэр: Шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр шүүх хуралдаанд хоёр удаа оролцлоо. Шүүх хуралдаанд жирийн иргэдийг оролцуулах нь маш чухал ач холбогдолтой. Хуулийн наад захын мэдлэгтэй болж байна. Мөн шүүхийн байгууллагын талаар мэдээлэл авдаг. Шүүхийн иргэдийн төлөөлөгч тангараг өргөж шүүх хуралдаанд оролцоод дүгнэлтээ хэлдэг. Тэр дүгнэлтийг шүүх хуралдаанд авч хэлэлцдэггүй юм билээ. Тэгэхээр иргэдийн төлөөлөгчийн үүрэг хумигдчихаж байгаа юм. Шүүх хуралд суусан шиг сууж, хувь хүний дүгнэлт шийдвэрт нөлөөлдөг бол сайн байна. Хууль эрх зүйн хүрээнд өөрчлөлт хийж иргэдийн төлөөлөгчийг үүрэгжүүлэх санал гаргая. 

Сүхбаатар аймгийн иргэн Энхбаатар: Шүүхийн иргэдийн төлөөлөгчдийг санамсаргүй байдлаар сонгож байгаа нь зөв бодлого. Сонгогдсон хүмүүсийг жилд хоёр удаа шүүх хуралдаанд оруулах санал тавьж байна. 

Манай аймгийн шүүх иргэдэд сар бүр эрх зүйн сургалт явуулж, мэдлэг өгч байгаад баярладаг. Санамсаргүй байдлаар сонгогдсон хүмүүс дунд бичиг үсэг мэддэггүй хүн ч байгааг анхаарна уу. Шүүхийн багц хуулийг сүхбаатарынхан дэмжиж байгааг илэрхийлье.

Шүүхийн иргэдийн төлөөлөгчид ярьж байна

Дорнод аймгийн иргэн Гарьд: Төрийн ордонд анх удаа хөл тавьж, улсын хэмжээний нэр хүндтэй зөвлөгөөнд оролцож байгаадаа баяртай байна. Би хуульчаас огт өөр мэргэжилтэй ч шүүх хуралдаанд сонгогдож шүүхийн шинэтгэлийг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ орууллаа. Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдан гарсан нь шүүн таслах ажиллагаанд оролцож шүүхэд итгэх итгэл нэмэгдсэн. Би шүүх, шүүх хуралдааны талаар огт мэддэггүй байлаа. Гэсэн ч шүүхийнхэн өөрсдөө заавар зөвлөгөө өгч, сургалт явуулчихдаг юм билээ. Өнөөдөр шүүхийн иргэдийн төлөөлөгчдийн үгийг сонсож байхад бидний үүрэг шүүн таслах ажиллагаанд ёс төдий байна гэж бодогдлоо. Шүүхийн иргэдийн шүүн таслах эрх хэмжээг нэмэгдүүлэх саналтай байна.

Архангай аймгийн иргэн Минжинцэрэн: Шүүн таслах ажиллагаанд иргэдийн хяналтыг оруулснаар шударга ёс тогтоход ач холбогдолтой гэж ойлгож байна. Би захиргааны хэргийн шүүх хуралдаанд оролцсоноо иргэний үүрэг гэж бодсон. Цаашид шүүх хуралдаанд оролцох иргэдийн төлөөлөгчдийн тоог нэмэх саналтай байна.

Ховд аймгийн иргэн Дулмаа: Би шүүхийн шинэтгэл эхлэхээс өмнө шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцож байсан. Харин одоо шүүх огт өөр болсон. Шүүх хуралдааны дүрс бичлэг архивт үлддэг болсон. Мөн шүүх хуралдааны өмнө хэргийн талаар мэдээлэл авч, тангараг өргөдөг болсон нь хариуцлагыг маань ойлгуулж байгаа хэрэг. Хуулийн талаар сургалт ч явуулдаг болсон. Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрхийг хуулиар хамгаалж, саналыг нь шийдвэртээ тусгах нь зөв. 

Дундговь аймгийн иргэн Бөхчулуун: Манай аймгаас арав гаруй төлөөлөгч энэ зөвлөгөөнд оролцож байгаа. Би 1992 оны Ардчилсан Үндсэн хуулийг батлалцсан хүн. Үндсэн хуулийн том бүлэг нь шүүх эрх мэдлийн тухай заалттай. Одоо Үндсэн хууль өөрчлөх асуудал яригдаж байна. Шүүх эрх мэдэлтэй холбоотой асуудлын ч өөрчлөх ч мэдээлэл байгаа. Шүүхийн иргэдийн төлөөлөгчийг сонгохдоо шалгуур тавих нь зөв. Хүний хувь заяаг шийдэхэд оролцож байгаа хүн зайлшгүй хуулийн мэдлэгтэй байх ёстой.

Үүнээс гадна энэ зөвлөгөөнийг орон нутагт зохион байгуулаач гэж хүсмээр байна. 

Баянзүрх дүүргийн иргэн Мижиддорж: Шүүхийн үйл ажиллагаа бүрэн нээлттэй болсон. Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцох явц ч тодорхой. Шүүх хуралдаанд оролцохдоо хүний эрх зөрчигдөх вий гэдэг үүднээс ярьсан бүхнийг нь маш анхааралтай сонсдог. Миний суусан шүүх хуралдаан гаднах танхимд телевизээр гарч байсан. Ийм нээлттэй үед хүний эрх зөрчих аргагүй.

Шүүх хуралдаанд оролцох иргэдийн төлөөлөгчийг дор хаяж 3 хүний бүрэлдэхүүнтэй болгомоор байна. Мөн нэг хүнийг дор хаяж 3 шүүх хуралдаанд оролцуулбал туршлагатай болно гэдэг саналтай байна. 

Орхон аймгийн иргэн Б.Байгаль: Шүүх хуралдаан олон удаа хойшилж байгаад анхаарлаа хандуулмаар байна. Энэ нь иргэдийн дунд хүлээлт, эргэлзээ төрүүлдэг. Шүүх хуралдааны бэлтгэл ажлыг бүрэн хангаж аль болох хойшлуулахгүй баймаар байна. Орхон аймгийн шүүхийн тамгын газар биднийг бололцоотой цаг хугацааны өмнө шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсоныг дуулгаж, сургалт хийдэг. Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн тоог нэмэгдүүлэх саналтай байна. 

Ховд аймгийн иргэн Уянга: Шүүхийн иргэдийн төлөөлөгчид алслагдсан, харилцаа холбоо муутай, байгалийн хүнд нөхцөлтэй газраас ирэх тохиолдол бий. Үүнд орон нутгийн захиргаанаас дэмжлэг үзүүлэх асуудлыг хуульд тусгамаар байна. Мөн шүүхийн иргэдийн төлөөлөгчийн урамшуулал маш бага. Тиймээс хуралдаанд оролцох сонирхолгүй байх нь их. Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн урамшууллыг нэмж, шүүх хуралдаанд оролцсон хугацааг ажилласан жилд тооцох, сайн дурын даатгалыг нь төлөх зэрэг зохицуулалт хийх саналтай байна. Мөн иргэдийн төлөөлөгчдийг боловсролоор нь ангилж, сургалтад ялгавартай байдлаар хамруулах санал гаргая. 

Мөн шүүхийн иргэдийн төлөөлөгч бол хариуцлагатай үүрэг гүйцэтгэдэг. Тиймээс тусгайлсан албаны хувцастай байлгах санал гаргаж байна.

Амь насны даатгал, баталгааг хангаж өгөхийг мөн хүсье.

Төв аймгийн иргэн Ш.Цэндсүрэн: Шүүхэд иргэдийн төлөөлөгчөөр оролцох болсноо мэдээд хамгийн түрүүнд аймаар санагдсан. Шүүхийн талаар мэдээлэлгүй, тэр орчинд ороход эвгүй байсан. Суманд шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцчихоод буцаж байхдаа аюулгүй байдал минь яах билээ гэж бодогдож байсан. Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн аюулгүй байдлыг хангамаар байна. 

Шүүхийн иргэдийн төлөөлөгчид ярьж байна  

Үүнээс гадна шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр ажилласан маань бахармаар санагдсан. Төрийн сүлдэнд тангараг өргөж, шүүх засаглалын өмнө үгээ хэлж байгаадаа бахарсан. Харин хүний хувь заяаг шийдэх асуудалд иргэний үүднээс дүгнэж байгаа нь хариуцлагатай санагдсан. Иргэдийн төлөөлөгч нь заавал хуульч байх ёсгүй. Амьдрал баян. Нийгмийн амьдралд оролцож байгаагийн хувьд өөрийнхөө дүгнэлтийг хэлэх нь хариуцлага гэж ойлгож байгаа. 

Орон нутагт, бартаатай замаар ирж байгаа иргэдийн урамшууллыг нэмэгдүүлэхийг хүсье. 

Өмнөновь аймгийн иргэдийн төлөөлөгч Жанцанхүү: Иргэдийн төлөөлөгчийн санал дүгнэлтийг шүүхийн шийдвэрт тусгаж байх ёстой. Ингэвэл шүүхэд итгэх итгэл сайжирна. Гэтэл өнөөгийн нөхцөл байдалд шүүгч нар иргэдийн төлөөлөгчийн санал дүгнэлтийг тусгахгүй байна. Шүүх хуралдаанд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх санал гаргая.

Шүүхийн иргэдийн төлөөлөгчид ярьж байна


Дорноговь аймгийн иргэн Б.Бат-Очир: Шүүхийн иргэдийн төлөөлөгч тэмдэглэл үйлддэг. Тэр цаасаа хаа, сайгүй хаях нь бий. Тиймээс шүүхийн тамгын газраас нууцлалын дэвтэртэй болгох санал гаргаж байна. 

Баянгол дүүргийн иргэн Уранчимэг: Шүүгч хэргийг шударгаар шийдэж байгаа эсэхийг мэдэхийн тулд хэргийн материалтай танилцаж баймаар байна. Мөн дараагийн шатны шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчийн гаргасан саналыг оруулдаг байх ёстой.

Сүхбаатар дүүргийн иргэн Даваасүрэн: Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн урамшуулал маш бага. Түүнээс гадна шүүх хуралдаан олон хойшилж байгаа нь шүүхийн иргэдийн төлөөлөгчийн идэвхийг бууруулж байна. Хэнээс шалтгаалж шүүх хуралдаан хойшилж байгаагаас шалтгаалж шүүх хуралдаан хойшлуулсан этгээдээс иргэдийн төлөөлөгчийн зардлыг гаргуулах саналтай байна. 

Шүүхийн иргэдийн төлөөлөгчид ярьж байна 

Сонгинохайрхан дүүргийн иргэн Гантулга: Шүүхийн иргэдийн төлөөлөгч ямар ч сургалтад суух шаардлагагүй. Мэдрэмжээрээ дүгнэлтээ гаргадаг байх ёстой. Түүнээс гадна шүүх хуралдаан олон хойшилж байгаад зайлшгүй анхаарах нь зөв гэв.

Шүүхийн иргэдийн төлөөлөгчид ярьж байна


Шүүхийн иргэдийн төлөөлөгчид ярьж байна


Шүүхийн иргэдийн төлөөлөгчид ярьж байна

Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top