”Царцсан” Түлэнхийн барилга хэзээ ашиглалтад орох вэ

Автор | Zindaa.mn
2017 оны 04 сарын 20

 Эрүүл мэндийн салбарт ашиглалтад орохыг нь хүлээж буй эмнэлгийн барилгуудын нэг нь Түлэнхийн төв эмнэлгийн байр. 2012 онд Түлэнхийн төв эмнэлгийн байрыг шинэчлэх шийдвэр гаргаснаар эмнэлгийн эмч, ажилчид байраа суллаж “Мөнгөн гүүр” хувийн эмнэлгийн байрыг бараадах болсон. Түүнээс хойш тус эмнэлэгт түрээс төлөн үйл ажиллагаа явуулсаар таван жилийн хугацаа өнгөрчээ.

Харин Түлэнхийн төвийн шинэ барилгын ажлыг өнгөрсөн жил “Цаст констракшн” компани эхлүүлсэн ч санхүүжилтийг нь төрөөс бүрэн олгоогүйн улмаас барилгын ажил зогссоор иржээ. Эдийн засгийн хямрал, төсөв хөрөнгө муудсантай холбоотойгоор Түлэнхийн төвийн шинэ барилга “царцсан” барилгуудын жагсаалтад явсаар ирсэн. Түлэнхийн төвийн шинэ барилга хоёр корпусаас бүтэх зураг төсөлтэй. Зураг төслийн дагуу эмнэлгийн барилгыг барихад 20 гаруй тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцооллыг гүйцэтгэгч компаниуд гаргасан байна. Томоохон эрүүл мэндийн төв болон өргөжүүлэхээр төлөвлөсөн байдаг. Тийм учраас барилгын санхүүжилтыг нэг дор шийдвэрлэх боломжгүй гэж өнгөрсөн жил Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан С.Ламбаа тайлбарлаж байлаа.

Шинэ Засгийн газар энэ барилгын ажлыг хэрхэх нь тодорхойгүй байна. Өнгөрсөн жил барилгын сууриа тавьж, “А” корпусын барилга таван давхар хүртлээ баригджээ. Барилгын гүйцэтгэлийг хийж буй “Цаст констракшн” компанийн төслийн инженер н.Баяржаргалаас тодруулахад “Урин дулаан цаг ирж байна. Барилгын ажил удахгүй эхлэнэ. Санхүүжилтын асуудлыг сайн мэдэхгүй” гэдэг тайлбар өглөө.

Тэгвэл энэ жилийн төсөвт Түлэнхий төвийн барилгад 500 сая төгрөг л суулгаж өгсөн байна. Нийт 20 гаруй тэрбум төгрөгийн өртөгтэй барилгын ажилд ингэж бага хөрөнгө төсөвлөсөн нь барилгын ажил удаашрахад хүргэж буй нь мэдээж юм. Кувейт улсын санхүүжилтээр барих тухай яригдаж байсан ч хэрхэх нь тодорхойгүй байгаа юм. Таван жил дуншсан Түлэнхийн барилга дахиад хэдий хугацаа шаардахыг таахад бэрх байна. Түлэнхий төв ингэж удааширж байгаа нь улсын төсвийг ч үргүй зардалд хүргэж буй юм. Өнгөрсөн таван жил гаруйн хугацаанд “Мөнгөн гүүр” эмнэлэгт түрээсээр үйл ажиллагаа явуулж буй Түлэнхийн тасаг тэрбум гаруй төгрөг төлсөн тооцоо бий. Нэг сарын 30 сая төгрөгийн түрээс төлдөг байна. Жилийн 360 сая төгрөг.  Ойролцоогоор Түлэнхийн тасаг түрээсийн зардалд 1.8 тэрбум төгрөг зарцуулсан болж таарч байна. Ингэж түрээсэнд улсаас их хэмжээний зардал төлсөөр байтал санхүүжилтын улмаас барилгын ажил нь хэзээ дуусч ажиглалтад орох нь тодорхойгүй байна.

 


Т.Түвшин

WWW.ZINDAA.MN 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗОЧИН(139.5.219.108) 2017 оны 04 сарын 20

ТӨВ ШУУДАНГИЙН ЗАМЫН УРД ЦАРЦААСАН ӨНДӨР КАРКАС ЭЗЭНТЭЙ ЮМУУ , ХИЧНЭЭН ЖИЛ ХОТЫН ТӨВИЙГ ХАРАНХУЙЛЖ БАЙХ ЮМ БОЛОО

0  |  0
emch(124.158.92.27) 2017 оны 04 сарын 20

lambaa gua l medeh baih daa

0  |  0
Эрүүл(103.9.90.50) 2017 оны 04 сарын 20

Кувейтийн 12 сая ам. долларын санхүүжилт шийдэгдсэн шүүдээ. Ингэж мэдэн будилж олны анхаарлыг бурууд хандуулах хэнд ашигтай вэ?

0  |  0
Top