Францын легионд алба хааж байсан Монгол цэрэг амиа алджээ

2017 оны 05 сарын 22

Францын армид алба хаадаг гадаадын хоёр легион цэрэг 2017 оны тавдугаар сарын 19-ний өдөр Марна голд амиа алдсны нэг нь Монгол Улсын иргэн 28 настай О.Бат-Аргамж гэгч байжээ. 

Тухайн үед Марна голын орчимд Гадаад легион нарын явган цэргийн хоёрдугаар хорооны 20 хүний бүрэлдэхүүнтэй баг байлдааны сургуулилт хийж байж. Хоёр цэрэг осолдож, аврагч, шумбагчдын 30 хүний бүрэлдэхүүнтэй баг осол болсон газар ажиллан уснаас гаргасан ч удалгүй амьсгал хураасан байна.

Тус улсын прокурорын байгууллагаас амиа алдсан цэргүүдийг голын усны ширүүн эргүүлэгт завь хөмөрснөөс осолдсон гэж мэдээлжээ.

Хэрэг гарсантай холбогдуулан Франц улсын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, Батлан хамгаалах яамны сайд Силви Гулард нар хохирогчдын гэр бүл, төрөл төрөгсөд, хамтран зүтгэгч нарт гүн эмгэнэл илэрхийлсэн байна.

Талийгаач О.Бат-Аргамж нь эхнэр, хоёр хүүхэдтэй бөгөөд Францын армид алба хаагаад гурван жил болж байжээ.

 

Францын легион армийн тухай:

Францын легион нь сайн дурын цэргийн алба бөгөөд дэлхийн хамгийн хатуу, чанга бэлтгэгдсэн тусгай арми юм.

Википедиад мэдээлснээр Францын легионы армийг 1831 оны гуравдугаар сарын 10-нд Франц улсын хаан Луи-Филипп үндэслэж, Батлан хамгаалах яамны шийдвэрээр байгуулжээ. Тухайн үе буюу дэлхийн нэгдүгээр дайны үед "Алдар гавьяа ба үнэнч шударга" уриан дор нэгдсэн 50 гаруй орны 42000 гаруй сайн дурын цэрэг алба хааж байсан бол өдгөө 140 орны цэрэг алба хааж байна. Харин Манай улсаас 10 гаруй жилийн өмнөөс алба хаах болсон бөгөөд одоогоор нарын тоо байхгүй ямартай ч 60-аад цэрэг байдаг гэсэн албан бус тоо буй.

Тухайн армийн үүрэг нь энхийг сахиулах үйл ажиллагааг Францад болон түүний колони байсан улс орнуудад хийдэг байна. Мөн НАТО, Европын холбооны хүрээнд Франц улс өөрийн ашиг сонирхлыг хамгаалах, Франц иргэдийн хамгаалах аль хэрэгцээтэй байгаа газар легион цэргүүдээ илгээдэг аж.

Д.Тамир

WWW.ZINDAA.MN


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top