С.Мядагмаа: Шүүх хуралд онлайнаар оролцож байгаа нь шүүгдэгчдэд ач холбогдолтой

2017 оны 05 сарын 23

Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч С.Мядагмаа шүүхийн шинэтгэл, шүүхийн захиргааны ажилтнуудын мэдлэг чадвар, харилцаа хандлагын талаар ярьсан юм. 

-Өмгөөлөгчид шүүхтэй ойр ажилладаг, шүүхээр тогтмол үйлчлүүлдэг онцлогтой. Шүүхийн үйлчилгээг та хэрхэн дүгнэж байна вэ?

-Би 2010 оноос хойш Өвөрхангай аймгийн Хархорин суманд өмгөөлөгчөөр ажиллаж байгаа. Үүнээс өмнө ч мэргэжлээрээ ажиллаж байлаа. Намайг өнх өмгөөлөгчөөр ажиллаж байхад шүүх одоогийнх шиг ил тод, нээлттэй байгаагүй. Хүмүүс шүүхээс маш их айдаг. Онцгой ажиллагааны хэрэг шийдвэрлүүлэх гэж ирэхдээ болгоомжилдог, эмээдэг байсан үе бий. Харин шүүхийн шинэтгэл эхэлснээс хойш хууль эрх зүйн салбар маань хөгжлийн замдаа орж байгаа мэт гэгээтэй сэтгэгдэл төрдөг болсон. Шүүхийн шинэтгэл хуульчид бидэнд ч маш их ач холбогдолтойг мэдэрч байна. 

-Та шүүхийн шинэтгэлийн ач холбогдлыг мэдэрч байна гэлээ. Иргэдэд хууль зүйн туслалцаа үзүүлэх, мэргэжлээрээ ажиллахад шүүхийн шинэтгэл хэр нөлөөлж байна вэ?

-Шүүх нээлттэй, ил тод болчихоор иргэд шүүхэд хандах, шүүхээр асуудлаа шийдүүлэх сонирхолтой болсон. Өөрөөр хэлбэл, иргэд Монголын шүүхэд итгэж байна. Өмнө үйлчлүүлэгчид маань шүүхээс дөлдөг, наагуур нь асуудлаа шийдүүлэхээр танил тал хайх зэргээр хууль зүйн туслалцаа үзүүлэхэд хүндрэлтэй байсан бол одоо шударга шүүхээр шүүлгэнэ гэдэг болсон.

Үүнээс гадна шүүхийн шинэтгэл бидэнд мэргэжлийн үйл ажиллагаа явуулахад маш их дөхөм болж байгаа. Тухайлбал, өмнө нь шүүх хуралд нотлох баримт шинжлэн судлахдаа хэргээ дундаа дамжуулах, хуудас хуудсаар нь эргүүлэх зэрэг хугацаа алддаг, төвөгтэй байсан. Харин одоо шүүх хуралд нотлох баримт шинжлэн судлах техник тоног төхөөрөмжтэй болсноор хэрэг шийдвэрлэх хугацаа түргэн шуурхай болсон. Мөн шүүх хуралд онлайнаар оролцох боломж бүрдсэн нь цаг хугацаа болон санхүүгийн хувьд чухал ач холбогдолтой шинэтгэл болсон. 

-Шүүх хуралдаанд хэргийн оролцогчид онлайнаар оролцох боломж бүрдсэн. Орон нутагт ажилладаг өмгөөлөгчийн хувьд танд ач холбогдол нь илүү мэдрэгдэж байгаа нь аргагүй.

-Давж заалдах шатны шүүх хуралд хэргийн оролцогчийн хамтаар онлайнаар холбогддог болсон эдийн засаг, цаг хугацааны хувь том хэмнэлт авчирдаг. Дуу, дүрсний өндөр чанартайгаар онлайнаар дамжуулж байгаа учраас хэргийн оролцогчид өөрсдөө очсон мэт сэтгэл ханамжтай байдаг. Анхан шатны шүүхээс давж заалдах шатны шүүх болон бусад аймаг, сум дундын шүүхүүдэд шүүх хуралдаанд оролцдог болсон.

Би давж заалдах шатны шүүх хуралд дөрвөн удаа онлайнаар оролцож байсан. Ингэхдээ шүүгдэгч нарын хамт оролцсон. Үйлчлүүлэгчид маань Давж заалдах шатны шүүхэд өөрсдөө очиж оролцсон бол замын зардал мөнгөнөөс эхлээд миний үйлчлүүлэгчид төлбөр төлөх гээд эдийн засгийн хувьд багагүй зардал гарах байлаа. 

-Шүүхийн ерөнхий зөвлөл 2017 оныг шүүхийн үйлчилгээг сайжруулах жил болгон зарласан. Энэ хүрээнд шүүхүүдэд багагүй ажил хийж байх шиг байна. Орон нутагт ямар байна вэ?

-Үйлчлүүлэгчиддээ ойртох, үйлчилгээгээ хялбаршуулах үүднээс шүүхэд олон ажил хийж байгаа. Хархорины шүүхийн байранд завсар хийснээр иргэдэд үйлчлэх цэг нь маш ойлгомжтой зохион байгуулалттай болсон. Мөн шүүгчийн туслахууд бүгд 1 давхартаа байрлаж иргэдэд үйлчилгээ үзүүлж мөн шүүх хуралдааныг 1 давхарт дэлгэцээр шууд дамжуулж байгаа нь шүүх иргэддээ илүү нээлттэй, түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэх гол нөхцөл нь болсон.

Үүнээс гадна шүүхийн захиргааны ажилтнуудын харилцаа хандлага үнэхээр сайжирсан. Шүүх хурлын бэлтгэл ажил болон шүүн таслах ажиллагаагаа шүүгчийн даалгаснаар цаг хугацаа алдалгүй түргэн шуурхай гүйцэтгэж чаддаг. Мөн харилцаа хандлага сайтай аливаа зүйлд эерэг хандлага сайтай байдаг нь сайн тал. 

 

Ц.Хонгорзул

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top