Ц.Элбэгдоржийн эш үзүүлэгч хувилгаан

Автор | Zindaa.mn
2017 оны 05 сарын 29

Шид үзүүлэгчийг хувилгаан гэнэ. Хувилгаан хүн хэд хэдэн дүртэй байх нь энүүхэнд. Урд дүр, хойд дүр, бүр арван есдүгээр дүр гэх мэтчилэн дүрээ хувилж чадахыг хувилгаан гэж нэрлэсэн нь тэр биз ээ. Дүр солигдовч мөн чанар нэг хэмээсэн гүн утгыг тийн нэрийддэг. Тэгвэл улс төрд үүн лүгээ тодорсон үнэнхүү хувилгаад олон бий. Ц.Элбэгдорж, Н.Энхбаяр хэмээгч хоёр хүний үзэгдэх бие өөр боловч үнэн чанар нэг буй гэх мэтийн хувилгаан чанарын хувилбар цөөнгүй. Эсвэл Н.Багабанди өөрөөсөө хойших улс төрд сүүдрээ тусгаж үлдээсэн нь С.Баяр гэх явган сүсэг ч ихээр дуулддаг. Тиймд улс төрд хэн нэгэн гэнэт тодрох нь хувилгаан шидийн хүч. Өөрийнхөө мөн чанарыг бусад дүрд  хувилаад, улс төрд тодруулахыг шид үзүүлэх хэмээмүй.

Ямар ч үед дүрээ хувилгах чадалтай улстөрчид олон бий. Аль ч төрийн нүүрэнд алба тушаал, эрх ямба алддаггүй хүмүүсийг шид олсон, эсвэл эш үзүүлсэн гэх мэтээр нэрлэж болмоор санагдана. С.Баяр Англи улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар томилогдсон жишээ үүний бэлээхэн нотолгоо.

Ийм шид үзүүлэгч улс төрийн шинэ хувилгаан бол Ц.Элбэгдорж бололтой. Тэр өөрийн өндөр сэнтийгээсээ тун удахгүй бууна. Гэвч улс төр, эрх мэдлийн тойрогт өөрийн нөлөө, сүүдрээ хадгалж үлдэх чинхүү эрмэлзэлтэй байгаа нь саяхан томилсон элчин сайдуудаас илэрхий харагдлаа. Түүний улс төрд угжтай нь залгуулж, үргэлж албан тушаалаар тэтгэж ирсэн нэг иш үзүүлэгчийг нэрлэвээс Л.Пүрэвсүрэн гэгч эрхэм мөн.

Улс төрд гэнэт тодорсон учир нь гэвэл манай Ерөнхийлөгчийн халаасны хүн учраас тэр. Гадаад хэргийн сайдаар ажиллаж байсан энэ хүн уг нь МоАХ-ны угшилтай гэх боловч Ерөнхийлөгчийн зэл бараадсанаар төрд хазаар ногт гүйлгэхтэйгээ болсон. Хазаар ногт гүйлгэх гэж мал хуй хулгайлахыг хэлдгийг манай монголчууд андахгүй. Төрд малын хулгайг бус, албан тушаалын өгөө авааг ингэж орлуулан нэрлэж болох юм. Тэрээр албан тушаалын халаа сэлгээ, холио солионд хамгийн их нэр дурдагдсан улстөрч. Сайд болоогүй байхдаа л ийм хэл амыг өөр дээрээ дуудсан жинхэнэ шидтэй нөхөр. Өөрөөр хэлбэл, сайд болоогүй байхдаа хүртэл сайдын л хийдэг албан тушаалын томилгоог хийж чаддаг байсан. Энэ нь түүний хувилгаан чанарыг улам тодотгодог юм.

Тэрээр сайд болохоосоо өмнө ГХЯ-ны ажилд хөндлөнгөөс оролцдог, тушаадаг, удирддаг байсан тухай хэвлэлийн хуудаснаа олонтаа гарч байв. Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх байхдаа тус яаман дахь өөрийн талын хүмүүсээ байнга дуудаж уулзан, жирийн мэргэжилтэн томилох асуудалд хүртэл хутгалддаг байж. Түүнийгээ ч өөрөө хүлээн зөвшөөрсөн удаатай. Сайдад нэр дэвшсэнийг УИХ-аар хэлэлцэх үед түүнээс УИХ-ын гишүүн Р.Амаржаргал “Л.Хангайг ОХУ дахь Ерөнхийлөгчийн бие төлөөлөгчөөр томилчихсон. Гүйцэтгэх засаглалтайгаа зэрэгцээд Ерөнхийлөгч томилгоо хийгээд байвал Гадаад хэргийн яам байх шаардлага бий юм уу. Л.Хангайг бие төлөөлөгчөөр томилоход таны оролцоо байсан уу” гэхэд “Ажлын туршлагыг нь харгалзаж ашиглах шаардлагатай гэж үзэн, томилсон. Томилоход миний оролцоо байсан” гэсэн хариулт өгсөн юм. Гэтэл энэ үе бол Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зөвлөх нэрээр төрийн албыг завхруулж хор хутгадаг хүмүүсийн тухай хатуу шүүмжилж байсан үе шүү дээ. Яг тэр үед гадаад харилцааны яамыг хэн удирддаг тухай маргаан ид гаарч байсан даа. Уг нь албан ёсны сайдаар Лу.Болд ажиллаж, хэрэг дээрээ чамгүй ганцаардсан тухайгаа ил цагаан хэлдэг. Учир нь яамыг нутаг, нуга, фракцаар холбогдсон бүлэг алсаас удирддаг гэх яриа гарч, тэдгээрийн эхэнд мань Л.Пүрэвсүрэнгийн нэр дуулдаж байв. Алсын зайнаас юм удирдана гэдэг бас л хувилгаан чанар.

Ингээд албан бусаар хийж байсан ажил үүрэг, эрх мэдлээ албан ёсоор өөртөө авах ажил сэдэж, улмаар санасандаа хүрэв. Намын нөхөр Лу.Болдыгоо унагаж, оронд нь сайд болов. Түүнийг сайдаар томилох үеэр бас л чамгүй хэл ам, хэрүүл тэмцэл өрнөсөн байдаг. Д.Хаянхярваа гишүүн “Хэдэн жилийн өмнө Л.Пүрэвсүрэнг “Тааламжтай бус этгээд” гэж Европын холбооноос нэрлэж байсан” гэдгийг зарлалаа. Өмнөх сайдаа худал үнэн матаж, АТГ-аар шалгуулах сэжим хайн гүйсээр байгаад огцруулсан гэх таагүй үг ч сонстсон.

Ямартай ч, Л.Пүрэвсүрэнг тааламжтай бус, таагүй олон дүгнэлт дагаж байсан ч тэрээр сайд болохдоо л болсон. Х.Баттулгын дараагаар Хүнс, хөдөө аж ахуйн сайдад нэр яригдаж байсныг ч хэлэх хэрэгтэй. Энэ бүхнээс дүгнэвэл, тэрээр улс төрд муугүй нэр нөлөөтэй, сайдын зангарагтай нэгэн гэж харагдаж байна. Анх гарч ирэхдээ ч муу нэр, луу данс багатайгаар тодорсон хувилгаан.

Тэрээр халаа сэлгээ төдийлөн хийгээд байдаггүй, албан хаагчид нь харьцангуй мэргэшсэн байхыг шаарддаг салбарын сайд болмогцоо шууд 30-40 ажилтныг нэгэн зэрэг халсан гэдэг. Энэхүү мэдээллийг Л.Пүрэвсүрэн үгүйсгэдэг л дээ. Гэвч ажлаас халагдсан хүмүүсийн тухайд, Гадаад хэргийн яамны Консулын газрын захирал Ш.Сүхбаатар газрынхаа гурван мэргэжилтний хамт, Мэдээлэл, гадаад суртчилгааны хэлтсийн дарга хэлтсийнхээ хоёр ажилтны хамт, Дотоод хяналт шинжилгээний газрын захирал Н.Хишигсүрэн хэлтсийнхээ ажилтнуудын хамт, Бодлого төлөвлөлт сургалт, судалгааны газрын захирал Ц.Батбаяр нарын нэр бүхий 30 гаруй хүн халагдсан нь бодитой юм. Түүгээр ч зогсохгүй, түүний халаа сэлгээтэй холбоотой асуудлаар УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын хорооноос ажлын хэсэг томилон нягтлан шалгахаар болсон байдаг. Эдгээр халагдсан ажилтны хувьд Төрийн албаны зөвлөлд хандаж Төрийн албаны болон Үндсэн хуулийн хэд, хэдэн заалтыг зөрчсөн гэдгийг тогтоолгож, хууль бусаар халсан гэдгийг нь баримтжуулжээ. Учир нь мэргэшсэн төрийн албан хаагчдыг хольж сольж чиглэлийг нь өөрчилж томилох эрх байхгүй гэсэн дүгнэлт гарчээ.

Сүүлд Л.Пүрэвсүрэн нэг их муухай хочтой болов доо. “Ховч хар” гэв үү дээ. Хар нь ч дүүрч. Ховч байхдаа яахав дээ. Төрийн сайд хүний заяа гомдмоор муухай тодотгол биш үү. Ховч гэдэг хочийг тодруулахаас өмнө үгийн утгыг жаахан төнхөе. Алтан хошуу өргөх гэж их гоё үгээр орлуулан хэрэглэж болно. Хамгийн олигггүй зан төлвүүдийн тоонд ховч зан орно. Зусарч, бялдууч, атаач, жөтөөч хүмүүс голдуу ховч байдаг. Эхнэр, эмэгтэйчүүдийн дунд байдаг энгийн нэгэн хов базах үзэгдэл байдаг л даа. Тэдний хов хорлонгүй, ёс бусын элдэв зорилгогүй, ашиг хонжоо, авцаа өгцөө, өгөөш хонзон төдийлөн тээдэггүй.

Харин төрийн хар хүн хов базна гэдэг нь хор хутгахын үүтгэл. Төрийн түшээ хүн хов зөөгөөд, тулга тойрсон хэрүүл хийгээд эхлэх шиг гутамшиг мэдээж үгүй. Эртнээсээ нааш тийм түшмэдийг төрийн хутгуур гэж онож нэрлэж ирсэн түүхэн уламжлалтай ард түмэн бол монголчууд. Ингээд нэрт нийтлэлч Баабар нэгэн нийтлэлдээ “...Урьд Гадаад яаманд ажиллаж байхдаа “ховч хар” цол хүртэтлээ хутгууш хийж, чадвар мэдлэгээрээ ч, увайгүй аашаараа ч амьтан хүнд адлагдаж явсан нэгэн АН ялалт байгуулсны шанд анх удаа овоохон том албан сандлын түшлэг шүүрээд авч. Эргэж яамандаа очиж хорслоо тайлахын тулд өөрийг нь олон жил ивээлдээ авч, өөд нь татаж явсан сайдыг шиншлэн мөн л АТГ-д матаж дээ. Ийм юманд төрөлхийн авъяастайн хувьд тухайн хүнийг буруутгасан Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж гаргуулж чадсан байгаа юм даа. Хүн буруутгасан ийм тохиолдол урьд Улс төрийн товчооноос гардаг байсан болохоос сүүлийн 25 жилд мартагдсан зүйл.  Ингээд шалгах комисс байгуулуулж даргаар нь өөрийгөө томилуулсан байгаа юм. Идэвхитэй гэж жигтэйхэн, шуудай дүгнэлттэй бөөн амьсгаадсан баяр хөөр. Цаадах нь ч бас хэрэгт оруулбал оруулчихаар факттай л байсан байх л даа, гэхдээ үнэндээ өөрөө матаад, өөрөө тогтоол гаргуулаад, өөрөө шалгасан матаачийн материалын 80 хувь нь худал гүжирдлэг, эсвэл ажлын бага сага алдаа. Одоо хэргийг углуурганд нь хийх гээд АТГ-ын гадаа өнжөөстэй. Шоронд хий, шонд дүүжил! Гадаад яамны төрийн нарийн бичиг байгаад хүнд өвчний учир ажлаасаа гарч өдгөө хэвтэрт байгаа турж эцэн өрөвдөм болсон нэгнийг орон тоо хэтрүүлсэн хэргээр АТГ-аар дуудуулжээ. Өнөөх нь хэдэн хүнээр дамжлуулан очиж мэдүүлэг өгөх жишээтэй. Мань садист харин мишээл дүүрэн. Одоо хүссэндээ очин сайд болж аваад өөр АТГ-д мэдээлчихээр юу байгааг хайн байгалиас заяасан үндсэн ажлаа хийж яваа. Удахгүй хуучин сайд баривчлагдан шүүхээр орж, мань хутгууш гэрчээр оролцон шударга эх оронч цогтой үгээ хэлэх биз” гэж бичжээ. Хэнийг хэлсэн тухай тааж мэдэх гэж хэн ч зовсонгүй. Тааврийн хариу нь бүгдэд ил, хэн хүнд мэдээжийн байв. 

Хочийг нь батлах мэт бас нэгэн хэрэг сүр дуулиантай өрнөсөн. Тэр нь Л.Пүрэвсүрэн сайд байхдаа Засгийн газар дотроо шийдэх асуудлыг ховын сэдэлтэйгээр ил болгосон тухай хэрэг. Тэрхүү ховын агуулга нь “Улаанбаатар төмөр замын Монголын талын хувьцааны зарим хэсгийг БНХАУ-д шилжүүлсэн. УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дарга Л.Пүрэвбаатар нь төмөр замын хувьцааг Хятадад зарах тухай ярьж байгаа нь хоёр улсын яриа хэлэлцээрт сөргөөр нөлөөлж байна” гэхчлэн бичсэн байв. Түүний энэхүү ноцтой мэдээлэл эцэстээ өөрийг нь намнах хэрэгсэл болсон нь харамсалтай. Ийм үзэгдлийг урт хэл хүзүү орооно гэж нэрлэдэг шиг санаж байна.

Харин Л.Пүрэвбаатар “Хятад, Монгол, Орос гурван улсын хамтарсан тээвэр логистикийн компани байгуулах асуудал яригдаж байгаа. Үүнийг би дэмжиж байгаа юм. Харин үүнийг мушгин гуйвуулж яриад байх шиг байна. Ганцхан Хятадтай хамтарч ажиллах гээд байгаа юм биш. Гурван улсын хамтарсан тээвэрлэлтийн компанийг байгуулахаар ярилцаж байгаа. Миний хувьд Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дарга болохоос биш хувьцааны асуудлыг мэддэг эрх мэдэл бүхий субьект биш” гэж Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнгийн ноцтой мэдээллийг няцаасан. Ховын үг хуудуутай болох нь тодорхой болов. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг “Танхимын зарчмаар ажиллах журмыг зөрчсөн" гэдгээр Л.Пүрэвсүрэнд Төрийн албаны тухай хуулийг үндэслэн цалингийн хэмжээг гурван сарын хугацаагаар 20 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулснаар хэрэг явдал өндөрлөсөн юм. Ховч хүн л юм бол түүнд зайлшгүй байдаг бас нэгэн чанар бий. Чингис бондоос олон сая төгрөгийг хүүхдийн цэцэрлэг байгуулна гээд хээв нэг гулгуулчихсан ч гэж яригддаг.  

Сахил хүртээд шал дордов гэдэг шиг сайд болоод мань хувилгаан энэ мэт дуулиан шуугианыг л дэгдээснээс өөрөөр хариуцсан салбартаа үйл бүтээл багатай өнгөрсөн болтой юм. Бусдын матаас, хов живээр хамаг элчид сайдууд, консулаа хугацаанаас нь өмнө татаж, орных нь хүнийг ч томилохгүй хэчнээн сарыг үдэв ээ. Манай улс гадаадын 31 улсад Элчин сайдын яамтай юм байна. Гэтэл бараг 10 улсад саяхныг хүртэл Элчин сайд нь байхгүй байлаа. Хамгийн ойр дөт, хойшлуулж, аргацааж болохгүй харилцаатай ОХУ-д гэхэд л хэдэн сар Элчин сайд томилохгүй гацааж байсан том толгойтой нөхөр бол Л.Пүрэвсүрэн. Түүний үед монгол иргэд олноороо ажиллаж амьдардаг зургаан газар Ерөнхий консулын газар буюу Элчин сайдын яамны салбар ажилладгаас тэн хагаст нь буюу гуравт нь Ерөнхий консул байхгүй байсан. Гадаад хэргийн яамыг ингэж авч явсан хүн өнөөдөр Монгол Улсыг гадаадад төлөөлөх элчин сайдаар томилогдож чадлаа. Мэдээж Ц.Элбэгдоржийн саналаар ийнхүү Швейцарь улсад суух элчин сайд болов. Уг нь төрийн алба халаатай, төрлийн алба халгаатай баймаарсан...

 

Д.Дамдинжав

WWW.ZINDAA.MN

 

Сэтгэгдэл ( 25 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(122.201.26.171) 2017 оны 05 сарын 30

Өмнөх нийгмийн үед л амбицтай хов зөөсөн юм байсан, гэнэтхэн л ардчилагч болсон болохоос биш

0  |  0
Эгэл нэгэн(202.70.46.239) 2017 оны 05 сарын 30

Бүр ой гутчихлаа

0  |  0
m m(178.235.40.132) 2017 оны 05 сарын 29

yamar muuxai yum be yaruu todoor yaj bicheed ch oorchlogdohgui .

0  |  0
зочин(66.181.179.126) 2017 оны 05 сарын 29

Швейцарын банк гадны мөнгөнд ээлтэй юм гэнэлээ, мөнгө хадгалах аргыг сайд сайн суралцах байлгүй. Монгол улсын нэрийг барьж муу зүйл бүү хийгээсэй. ГХЯ хэзээ цэвэрших бол

0  |  0
УНшигч(103.26.193.4) 2017 оны 05 сарын 29

Одоо цагт хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр гарч буй элдэв төрлийн мэдээнд итгэх тэнэг хүн цөөн бизээ. Илэрхий нэг талыг барисан гутаан доромжлох зррилготой, ховын шинжтэй бичилт байна

0  |  0
gaixaltai(103.212.117.42) 2017 оны 05 сарын 29

Mongol yls min yu blj bndaa xobch lyubarchn xvmuuse diplomat albnd tabiad yandaa

0  |  0
Зочин(103.212.119.30) 2017 оны 05 сарын 29

элчингүүдээс шалгалт авч эргүүлэн татах хэрэгтэй

0  |  0
доржбат(66.181.181.55) 2017 оны 05 сарын 29

Баттулга новшийн дэргэд басл ийм буг чөтгөрүүд л бгаа шүү дээ.тэд нар нь баттулга шигээ нохойтож нохойтож л таараа.ганбаатарын дэргэд тийм новш байхгүй дээ.тэр нь сайхаан.энхбаяр бол учираа мэдсэн шийр заана уу гэхээс баттулга шиг нохойтохгүй дээ.

0  |  0
ИРГЭН(150.129.141.251) 2017 оны 05 сарын 29

ИЙМ МУУХАЙ ХҮНИЙГ ЭЛЧИН САЙД БОЛОХОД НЬ ИХ ХУРАЛ НЬ ЯАГААД БАТЛААД БАЙДАГ ЮМ БЭ? ИХ ХУРЛЫН ГИШҮҮД БҮГ Д ИД ШИДТЭЙ ЯГ ЭНЭ НЬ ШИГ ХОГҮҮД БАЙДАГ ЮМ УУ0

0  |  0
иргэн(202.70.34.70) 2017 оны 05 сарын 29

Ичиж үхмээр юм, ямар ч герман хүмүүжил боловсрол энэ хүнд алга. Тийм байсан бол өөрөө татгалзах ёстой. Зүгээр л албан тушаалд улайрсан ховч хар өнгөтэй бухан бяруу байна

0  |  0
pu(59.153.85.111) 2017 оны 05 сарын 29

er n ontsgui xunii dur torx tsarainaas n shuud xaragddag shuu dee unjuu xamaralsan shulam tsaraitai noxor xol ywdag ymaa gexed urt naslaxgui bxaa

0  |  0
зочин(202.179.24.250) 2017 оны 05 сарын 29

ямар юмны Хувилгаан байхав дээ эд Улс орноо уруудуулж доройтуулж өөрснөө баяжих хязгааргүй шуналтай автсан муу зүйл болгон шүглэсэн Улс орондоо дайсагнасан бодлого явуулдаг Эх орноо гадныхантай нийлж юу ч үгүй цөлмөж байгаа эдгээр энэ нөхдүүдыг зүгээр л БУГ ЧӨТГӨР БОСОО ОРООЛОН гэвэл зохилтой

0  |  0
1999(103.10.23.75) 2017 оны 05 сарын 29

Монгол төр МАН -АН хэмээх МАНАН нэртэй хулгайч нарын төр болсон шүү дээ Одоо Ганбаатар ерөнхийлөгч болох юм бол хулгайч МАНАН бүлэглийн эрх мэдэл буурах сариинах эхлэл болно гэж бодож байна

0  |  0
ZOCHIN(58.7.158.77) 2017 оны 05 сарын 29

angli d ami ELBEGDORJ OO CHI ENE TCAGIIN TUUHEN DEH HAMGIIN MUU ERONHIILOGCH. LALAR.

0  |  0
zzz(202.21.115.22) 2017 оны 05 сарын 29

xarax tsarainii xviten xvn bnaaa,udaxgvi oimsiig ni gozolzuulax odor ni oirtoj bnaa,eelj daraalan xorix xeregtei

0  |  0
зочин(27.123.213.186) 2017 оны 05 сарын 29

ингэж бичүүлсэн хүн ичихгүйгээр тэр улсад очиж амар сайхандаа жаргах юм байх даа. Төрийн алба ингэж завхрах гэж дээ. Харах царайны далдагануур хүн бн лээ дээ

0  |  0
жав(202.179.25.28) 2017 оны 05 сарын 29

хайран сайхан төрийг ийм хүмүүсээр мануулах гэж ...

0  |  0
зочин(126.15.231.68) 2017 оны 05 сарын 29

Элбэгдоржийн л хийж буй ажил биздээ. Тэрээр дандаа болж бүтэхгүй нөхдөөр хүрээгээ бэхжүүлсэн. Буухаар нь шалгаад үзээрэйэ

0  |  0
зочин(119.40.103.162) 2017 оны 05 сарын 29

Энэ чадваргүйн дээр маш муу хүндээ, хүний чанар гэж ёстой огт байхгүй хүн шүү дээ, Адгийн новш гэж энэ дээ

0  |  0
зочин(202.131.227.234) 2017 оны 05 сарын 29

энэ балайг яах гэж томилдог байнаа. Энэ ажлаа өгчихөөд 201 онд Давосын уулзалтанд тарвагатайгаа хамт худлаа монголыг муулаад явж байсан ш дээ. харах царайны тэнэг гар ш дээ. яг тарвагадаа таарсан.

0  |  0
balai ym aa(202.9.41.37) 2017 оны 05 сарын 29

Elbegeegiin balag hezee mongol toroos arilna daa. hetsuu dee. udna daa.

0  |  0
Зочин(122.201.26.171) 2017 оны 05 сарын 29

199ээд оны дунд үед Монгол улсаас ХБНГУ-д суугаа ЭСЯ-ны ажилтан гээд нэг нөхөр давхиж явсан. Их л тааруухан хүн байж билээ. Энэ олон жилийн турш дипломат ажил хийж ирсэн гэхэд нэг л биш дээ. Сайд болоод ч8 зөвлөх болоод ч өөрчлөгдсөнгүй дээ. Манай улсын хүний нөөцийн бодлого нэг л бишийн ТОД ЖИШЭЭ нь энэ товарищ юм даа. Яана даа.

0  |  0
Зочин(150.129.143.192) 2017 оны 05 сарын 29

Элбэгдорж хувилгаан Баттулга хувилгаан болсоон Санаа бүү зов. Тэр ерөнхийлөгчөө хийсээр байх болно. Хуцалгүй Баттулгыг сонгоцгоо

0  |  0
Top