Парисыг зорих тамирчдаа “шигшсэн” сонгон шалгаруулах тэмцээн

2017 оны 06 сарын 12

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ наймдугаар сарын 21-26-нд Францын нийслэл Парист болно. Эрэгтэйчүүдийн 50, эмэгтэйчүүдийн 29 дэх удаагийн тэмцээнд оролцох Монгол Улсын баг тамирчдын нэр тодорлоо.

Монголын чөлөөт бөхийн холбоо ДАШТ-д оролцох баг тамирчдаа сонгох үүднээс бямба гаригт Спортын төв ордны “А” зааланд, ням гаригт “АСА” циркийн гадна талбайд сонгон шалгаруулах тэмцээнийг шинэлэг хэлбэрээр амжилттай зохион байгууллаа. Эхний өдөр тойргийн барилдаанд чансааны хоёроос зургадугаар байрт багтсан тамирчид тойргоор барилдаж, ялагч нь маргааш нь болох халз барилдаанд өрсөлдсөн.

Өнөөдөр “АСА” циркийн гадна болсон чансааг тэргүүлэгчид болон тойргийн барилдааны ялагчийн халз барилдаан бөхөд хайртай Монголын ард түмэнд өндөр сэтгэгдэлдэлтэй байсан гэдэгт итгэл дүүрэн байна. Гадаа талбайд анх удаа ДАШТ-д оролцох тамирчдаа “шигшсэн” энэхүү тэмцээн уухайн түрлэгтэй, гал гарсан, сонирхолтой, өрсөлдөөнтэй, үзүүштэй сайхан тэмцээн болсон юм.

Эрэгтэйчүүдийн 57 кг-д гавьяат тамирчин Э.Бэхбаяр (Хангарьд), 61 кг-д ОУХМ Т.Түвшинтулга (Аваргууд академи), 65 кг-д ОУХМ Н.Лхамгармаа, 70 кг-д гавьяат тамирчин Г.Мандахнаран (хоёул Алдар), 74 кг-д ОУХМ Д.Гомбодорж (Сүлд), 86 кг-д ОУХМ О.Үйтүмэн (Алдар), 97 кг-д ОУХМ Ө.Батзул, 125 кг-д ОУХМ Н.Золбоо (хоёул Хүч), эмэгтэйчүүдийн 48 кг-д ОУХМ Э.Нарангэрэл (Хангарьд), 53 кг-д гавьяат тамирчин Д.Отгонцэцэг (Хасу-Мегастарс), 55 кг-д ОУХМ Э.Даваачимэг (Хилчин), 58 кг-д ОУХМ А.Батцэцэг (Хасу-Мегастарс), 60 кг-д ОУХМ Б.Шоовдор (Хилчин), 63 кг-д ОУХМ П.Орхон (Алдар), 69 кг-д гавьяат тамирчин О.Насанбурмаа (Хангарьд), 75 кг-д спортын мастер Г.Уртнасан (Хилчин) нар халз барилдааны ялагч болж, ирэх намар Францын нийслэлийг зорих тийзээ захиаллаа. Халз барилдаанд жин тус бүрт бөхчүүд хэрхэн барилдсаныг тоймлон хүргэе.

ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН 57 КГ:
Занданбудын Занабазар (Арслан) - Эрдэнэбатын Бэхбаяр (Хангарьд) 0:2 (0:5, 0:7)
ДАШТ-ий хүрэл медальт, Азийн аварга, залуучуудын дэлхийн аварга, гавьяат тамирчин Э.Бэхбаяр тойргийн барилдаан болон халз барилдаанд техникийн ганц ч оноо алдаагүй Парисыг зорих эрхээ авлаа. Тэрбээр хагас шигшээ барилдаанд энэ жилийн Азийн АШТ-ий мөнгөн медальт, өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл, Азийн аварга ОУХМ З.Занабазарыг туршлага заан хоёр барилдаанд 5:0, 7:0-ээр ялав.

61 КГ:
Түмэнбилэгийн Түвшинтулга (Аваргууд академи) - Бямбадоржийн Хаш-Эрдэнэ (Алдар) 2:0 (5:2, 2:2)

Оюутны дэлхийн аварга, Азийн АШТ-ий хүрэл медальт, “Монголиа Опен” ОУТ болон улсын хошой аварга ОУХМ Т.Түвшинтулга ДАШТ-д хоёр дахь удаагаа (өнгөрсөн жил Будапештийн ДАШТ-д анх удаа зодоглосон) тоосоо өргөхөөр боллоо. Тэрбээр энэ жилийн УАШТ-д хүрэл медалийн төлөөх барилдаанд дийлдсэн “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Б.Хаш-Эрдэнэтэй даагаа нэхэж, 5:2, 2:2-оор ялав.

65 КГ:
Нармандахын Лхамгармаа (Алдар) - Батчулууны Батмагнай (Алдар) 2:0 (10:9, 10:0)

“Алдар”-ын хоёр ОУХМ-ын дуэльд цэргийн дэлхийн аварга, Азийн АШТ-ий хүрэл медальт Н.Лхамгармаа илүүрхснээр дэлхийн томчуудтай анх удаа нүүр тулахаар боллоо. Өмнөх өдөр нь Лас-Вегасын ДАШТ-ий мөнгөн медальт, ОУХМ Б.Номинг ялж, халз барилдаанд хүч үзсэн Б.Батмагнай эхний барилдаанд Н.Лхамгармаатай тун тэнцүүхэн барилдаж, нэг онооны зөрүүтэй дийлдсэн бол хоёр дахь уулзалтад цэвэр ялагдав. Б.Батмагнай дэвжээний анддаа он гарснаас хойш дөрөв дэх удаагаа ялагдаад байна.

70 КГ:
Ганзоригийн Мандахнаран (Алдар) - Гантулгын Идэрүү (Аваргууд академи) 2:1 (3:6, 6:1, 4:0) 

ДАШТ-ий хошой хүрэл медальт, “Гуанжоу-2010” Азийн наадмын аварга, Азийн АШТ-ий хошой мөнгөн медальт, гавьяат тамирчин Г.Мандахнаран халз барилдаанд өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн Азийн АШТ-ий хүрэл медальт ОУХМ Г.Идэрхүүд 3:6-гаар ялагдсан. Харин удаах хоёр барилдаанд хур их туршлага ямар байдгыг Мандахаа гавьяат харуулж, 6:1, 4:0-ээр ялалт байгуулснаар ДАШТ-д зургаа дахь удаагаа оролцох эрхээ авав. Хэдийгээр Г.Идэрхүү халз барилдаанд ялагдсан ч Мандахнарантай тун сайн барилдсаныг онцлох нь зүйтэй байх.

74 КГ:
Доржваанчигийн Гомбодорж (Сүлд) - Бат-Эрдэнийн Бямбадорж (Алдар) 2:0 (10:0, 14:3)

“Гуанжоу-2010” Азийн наадмын хүрэл, Азийн АШТ-ий хүрэл , оюутны ДАШТ-ий хүрэл медальт, “Mongolia Open” ОУТ-ий гурав, Монгол Улсын зургаан удаагийн аварга ОУХМ Д.Гомбодорж энэ жилийн “Монголиа Опен”-д үзүүрлэсэн “Алдар”-ын өсч яваа залуу тамирчин Б.Бямбадоржийг хоёр удаа оноогоор цэвэр ялж, Парисыг зорихоор боллоо. Түүний хувьд ийнхүү найман жилийн дараа ДАШТ-д (2009 онд Хернингэд зодоглосон) дахин хүч үзнэ.

86 КГ:
Пүрэвжавын Өнөрбат (Хасу-Мегастарс) - Оргодолын Үйтүмэн (Алдар) 0:2 (1:3, 10:10)

Лас-Вегасын ДАШТ-ий мөнгө, Азийн АШТ-ий хошой мөнгө, гурван хүрэл медальт, гавьяат тамирчин П.Өнөрбат, Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, цэргийн дэлхийн аварга ОУХМ О.Үйтүмэн нар энэ жил бие биеэ тус бүр нэг нэг ялаад байсан. Тэгвэл даагаа нэхэх энэхүү халз барилдаанд Үйтээ 3:1, 10:10-ээр илүүрхснээр дөрөв дэх удаагаа ДАШТ-д зодоглохоор болж Өнөрөө хоёр жилийн өмнөх медалийн өнгөө хувиргах боломжоо нэг жилээр хойшлуулах боллоо. Тэдний хоёр дахь халз барилдаан маш сонирхолтой болж, О.Үйтүмэн барилдаан дуусахаас хэдхэн секундын өмнө нь хүчтэй өрсөлдөгчөөсөө хоёр оноо салгаж, ялалт байгуулсан юм.

97 КГ:
Өлзийсайханы Батзул (Хүч) - Лувсандоржийн Төртогтох (Сүлд) 2:0 (8:2, 7:0)

Энэ жилийн насанд хүрэгчдийн улсын аварга болж, Азийн АШТ-д хүрэл медалийн оосроос атгаад алдсан ОУХМ Ө.Батзул Парисын “Алтан Гранпри”-гийн хүрэл медальт, Дмитрий Коркиний нэрэмжит ОУТ-ий аварга, Буриадын Ерөнхийлөгчийн нэрэмжит ОУТ-ий мөнгөн медальт, “Mongolia Open” ОУТ-ий аварга Л.Төртогтохыг 8:2, 7:0-ээр ялж, дэлхийн томчуудтай анх удаа хүч үзэх болов. Эрдэнэтийн унаган хөвгүүн Ө.Батзул ойрын хугацаанд энэ жинд дотооддоо нэлээд давамгайлах шинжтэй.

125 КГ: 
Нацагсүрэнгийн Золбоо (Хүч) - Доржхандын Хүдэрбулга (Сүлд) 2:0 (5:0, 4:0 бэртсэн)

Азийн АШТ-ий нэг мөнгө, гурван хүрэл медальт ОУХМ Н.Золбоо анх удаа ДАШТ-д оролцохоор боллоо. Тивийн аваргаас дөрвөн медаль хүртсэн ч ганц ч удаа дэлхийн аваргад оролцоогүй гэхлээр зарим бөх сонирхогчид гайхаж магадгүй. Мэдээж түүний жинд нутгийн ах ОУХМ Ж.Чулуунбат нь сүүлийн хэдэн жил дотооддоо ноёрхсон бөгөөд Риогийн олимпийн дараа зодог тайлж, залууст боломж гарч ирсэн. Хэдийгээр Чука зодог тайлсан ч Н.Золбоод хүчтэй өрсөлдөгч мундсангүй. Доороос нэг багшийн шавь, “Инчён-2014” Азийн наадмын хүрэл, Азийн АШТ-ий нэг алт, гурван хүрэл медальт ОУХМ Д.Хүдэрбулга жин өгсч орж ирсэн. Эхний халз барилдаанд Н.Золбоо 5:0-ээр ялсан бол хоёр дахь барилдаанд Д.Хүдэрбулга бэртлийн улмаас барилдаагүй юм.

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 48 КГ:
Эрдэнэсүхийн Нарангэрэл (Хангарьд) - Сэдбазарын Энхтунгалаг (Арслан) 2:0 (9:3, 6:2)

Азийн АШТ-ий мөнгөн медальт, залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, Азийн аварга, улсын гурван удаагийн аварга ОУХМ Э.Нарангэрэл 2014 оны өсвөр үеийн Азийн АШТ-ий хүрэл медальт, “Арслан” клубийн залуу тамирчин С.Энхтунгалагийг хоёр барилдаанд 9:3, 6:2-оор ялж, ДАШТ-д дөрөв дэх удаагаа оролцохоор боллоо.

53 КГ:
Даваасүхийн Отгонцэцэг (Хасу-Мегастарс) - Ганбаатарын Отгонжаргал (Алдар) 2:1 (5:0, 0:4 цэвэр ялсан, 8:6)

ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Азийн АШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт, гавьяат тамирчин Д.Отгонцэцэг Парисыг зорих эрхийн төлөө тун амаргүй барилдаан хийлээ. Түүнтэй энэ жилийн “Монголиа Опен” ОУТ-ий аварга Г.Отгонжаргал халз барилдаанд хүч үзсэн бөгөөд эхний уулзалтад том Отгоо 5:0-ээр тэргүүлсэн. Харин хоёр дахь барилдаанд “Алдар”-ын Отгоо гавьяатын хийсэн мэхийг тун чадмаг хариулж, цэвэр дарсан. Шийдвэрлэх гурав дахь барилдаанд маш сонирхолтой болж, чөлөөтийн отгон гавьяат Отгонцэцэг туршлага заан 8:6-аар яллаа. Өмнөх өдөр нь ДАШТ-ий мөнгөн медальт, ОУХМ Э.Сумъяаг оноогоор цэвэр ялж, халз барилдаанд барилдсан Н.Отгонжаргалд тун их ирээдүй хүлээж байна.

55 КГ: 
Эрдэнэчимэгийн Даваачимэг (Хилчин) - Бат-Очирын Болортуяа (Женко) 2:0 (11:1, 10:0)

Энэ жилийн Азийн АШТ-ий хүрэл, оюутны ДАШТ-ий хүрэл, залуучуудын ДАШТ-ий алт, хүрэл, Азийн АШТ-ий хошой мөнгө медальт, ОУХМ Э.Даваачимэг Францын нийслэлийг зорих эрхээ зовлон багатай авлаа. Тэрбээр халз барилдаанд “Mongolia Open” ОУТ болон УАШТ-ий хошой хүрэл медальт “Женко”-гийн Б.Болортуяаг хоёр барилдаанд 11:1, 10:0-ээр цэвэр ялсан юм.

58 КГ:
Энхбатын Гантуяа (Хилчин) - Алтанцэцэгийн Батцэцэг (Хасу-Мегастарс) 0:2 (4:5, 2:4)

Залуучуудын ДАШТ болон Азийн аварга (2014 он), өсвөр үеийн ДАШТ-ий мөнгө, өсвөр үеийн Азийн аварга ОУХМ А.Батцэцэг энэ жилийн насанд хүрэгчдийн УАШТ-д доод жиндээ мөнгөн медаль хүртсэн билээ. Харин дөрөвдүгээр сарын сүүлээр “Монголиа Опен”-д энэ жинд түрүүлснээр хоёр өөр жинд чансааны эхний тавд бичигдсэн. Харин тэрбээр сонгон шалгаруулах тэмцээнд 58 кг-ыг сонгосон нь буруудсангүй. А.Батцэцэг халз барилдаанд ОУХМ Э.Гантуяаг 5:4, 4:2-оор ялснаар хоёр дахь удаагаа дэлхийн аваргад зодоглоно.

60 КГ: 
Баатаржавын Шоовдор (Хилчин) -Зоригтын Болортунгалаг (Хилчин) 2:0 (3:1, 5:2)

Азийн АШТ-ий мөнгөн медальт, Иван Ярыгиний нэрэмжит “Алтан Гранпри”-гийн алт, хүрэл медальт, ОУХМ Б.Шоовдор сүүлийн гурван жил дараалан ДАШТ-д зодоглохоор боллоо. Тэрбээр халз барилдаанд өнгөрсөн жилийн Азийн АШТ болон оюутны ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ З.Болортунгалагийг 3:1, 5:2-оор илүүрхсэн юм.

63 КГ:
Пүрэвдоржийн Орхон (Алдар) - Соронзонболдын Батцэцэг (Хилчин) 2:0 (10:0, 10:0)

Насанд хүрэгчдийн Азийн АШТ, залуучуудын ДАШТ, Цэргийн ДАШТ-ий мөнгөн медальт, Иван Ярыгиний нэрэмжит “Алтан Гранпри”-гийн хошой аварга ОУХМ П.Орхон энэ жил гавьяат тамирчин С.Батцэцэгтэй дөрөв таарч, бүгдэд нь илт давуу ялснаар ДАШТ-д анх удаа зодоглохоор боллоо. П.Орхон энэ жил үнэхээр мундаг байгаа. Монголчуудын хэлдгээр жинхэнэ торгон ирэн дээр байна. Гэхдээ бөхөө дэмждэг ард түмэн С.Батцэцэг гавьяатыг хэрэггүй муухай үгээр бүү урмыг нь хугалаарай гэж хэлэх байна.


 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top