Шүүгчийн сонгон шалгаруулалтын босго өндөрслөө

2017 оны 06 сарын 29

 

-"Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал болов-

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс сар бүр зохион байгуулдаг "Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал өнөөдөр (2017.06.29) боллоо. Хэвлэлийн бага хурлаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 103 дугаар зарлигаар баталсан "Шүүгчийг сонгон шалгаруулах журам”-ын талаар Шүүхийн мэргэшлийн хорооны ажлын албаны дарга Н.Мөнхзул танилцуулсан юм.

Шүүхийн ерөнхий зөвлөл өнгөрсөн гурван жилийн хугацаанд явагдсан шүүгчийн сонгон шалгаруулалтад дүн шинжилгээ хийж, сонгон шалгаруулах арга, ажиллагааг илүү боловсронгуй болгосон шинэ журмыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 103 дугаар зарлигаар батлууллаа.

    Уг журмаар шүүгч болох хүсэлтэй хуульчид суурь шалгалт өгдөг болсон. Суурь шалгалтыг жилд хоёр удаа зохион байгуулна. Суурь шалгалт нь ерөнхий болон тусгай шалгалтаас бүрдэх бөгөөд ерөнхий шалгалтаар нэр дэвшигчийн мэдлэг, ур чадварыг нийт 60 онооны шалгалтаар шалгана. Энэ шалгалтын онооны 60 хувиас дээш оноо авсан нэр дэвшигч тусгай шалгалтад оролцох эрхтэй болно. Тусгай шалгалтаар нэр дэвшигчийн ёс зүй, зан төлвийг шалгана. Ерөнхий болон тусгай шалгалт нийт 100 оноотой. Үүний 70 хувиас дээш оноо авсан тохиолдолд суурь шалгалтад тэнцсэнд тооцно.

Суурь шалгалт нь жилд 2-оос доошгүй удаа зохион байгуулагдах тул шүүгчийн сул орон тоо зарлагдахаас өмнө суурь шалгалтыг зохион байгуулж, тэнцсэн нэр дэвшигчийг шүүгчийн сул орон тоонд өргөн мэдүүлэгдэх боломжтой болсон. Тиймээс нэр дэвшигч сул орон тоо зарласан тухай бүр нэрээ дэвшүүлнэ.

    Суурь шалгалтад тэнцсэн нэр дэвшигч "шүүгчийн бэлтгэл сургалт”-д хамрагдана. 24 багц цагийн бэлтгэл сургалтад бүрэн хамрагдсан нэр дэвшигч Шүүхийн ерөнхий зөвлөлийн ганцаарчилсан ярилцлагад оролцох эрхтэй.

Эдгээр зохицуулалтын дагуу шүүгч болох босго шалгуур дахин өндөр болсон гэж хэлж болох хэдий ч нэр дэвшигчид илүү боломж, өргөн сонголт бий болж байгаа. Өмнө нь нэр дэвшигч шалгалтад тэнцээгүй тохиолдолд 2 жилийн хугацаанд дахин тухайн чиглэлээр шалгалтад оролцохыг хориглодог байсан. Харин шинэ журмаар хугацаа харгалзалгүй шалгалтад дахин оролцох, шалгалтад тэнцсэн тохиолдолд нэгэн зэрэг сонгон шалгаруулалт зарласан хэд хэдэн сул орон тоонд нэрээ дэвшүүлэх боломжтой болсон.

    Суурь шалгалтыг шүүгчийн сул орон тоо гарахаас өмнө урьдчилан зохион байгуулснаар сул орон тоонд богино хугацаанд шүүгч томилогдох боломжтой болж байна. Өмнөх журмын дагуу шүүгчийн сул орон тоо гарсанаас хойш 3-4 сарын дараа шүүгч томилогддог байсан. Үүнээс шалтгаалж сонгон шалгаруулалт зарласан шүүхийн шүүгчийн ажлын ачаалал нэмэгдэх, шүүхийн үйлчилгээний хүртээмж удаашрах зэрэг үр дагавартай байсан юм.

Сайн хуульчийг шүүгчээр сонгохоос гадна шүүгчийн ажлын байранд шаардлагатай ур чадвар, дадал олж авсан хуульч шүүгчээр томилогдохоор зохицуулагдсан нь "шүүгчийн бэлтгэл сургалт”-ын хүрээнд хэрэгжинэ. Нэр дэвшигч шүүгчээр томилогдохоос өмнө бэлтгэл сургалтад хамрагддаг болно.

    Шүүгчийг сонгон шалгаруулахад мэдлэг, ур чадвараас гадна ёс зүй чухал үзүүлэлт. Шүүхийн ерөнхий зөвлөл хуульд заасны дагуу нэр дэвшигчтэй ганцаарчилсан ярилцлагыг явуулдаг. Энэ нь тухайн нэр дэвшигчтэй биечлэн ярилцаж, зан төлөв, харилцаа, хандлага, төлөвшилийг тодорхойлох зорилготой. Тийм ч учраас бэлтгэл сургалтын явцад нэр дэвшигчийн талаар тодорхой дүгнэлт гаргаж ярилцлагад орохоос өмнө танилцуулагдаж байх зорилготой. Тиймээс ярилцлага явуулахаас өмнө сургалт зохион байгуулахаар зохицуулагдсан. Өмнө нэр дэвшигч нь нөөцөөс нэр дэвших үед Шүүхийн ерөнхий зөвлөлийн ярилцлагад ордоггүй байсан бол одоо нэрээ дэвшүүлэх бүрд оролцохоор журамласан зэрэг олон шинэлэг зохицуулалт орсон.

Анхлан шүүгч болох хуульчийн давах босго өндөр болсон төдийгүй шүүгч карьер ахих шалгалтуудын босго ч 60 оноогоор тэнцдэг байсан бол 70 оноо болсон юм. 

Хэвлэлийн бага хурлыг 41 хэвлэл мэдээллийн байгууллагын 62 сэтгүүлч сурвалжиллаа.

Шүүгчийн сонгон шалгаруулалтын босго өндөрслөө

 

Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
лундаа(150.129.143.209) 2017 оны 06 сарын 29

Доор сэтгэгпдээ оруулсан иргэнтэй үндсэндээ санал нэг байна. Дээр нь нэмэхэд шүүх, прокурортой харьцах Монгол улсын ерөнхийлөгчийн эрхийг эргэн харж, эрхийг нь хязгаарлах саналтай байна. Мөнгөтэй дарга нар, намын удирдлагад ажиллаж байсан хүмүүсийн хэргийг олон дахин буцаасан гэдэг ард олны яриа үндэсгүй биш шүү.

0  |  0
иргэн(202.179.24.69) 2017 оны 06 сарын 29

Өнөөдөр ажиллаж байгаа шүүгчдийг бүгдийг нь солих ёстой юм даа.мөнгөтэй дарга нарын хэргийг олон дахин буцаагаад өнгөрөөдөг,жирийн ардуудыг жинхэнэ шүүдэг ял өгдөг шүүгчид хэрэггүй бүгдийг солих ёстой.Шүүгч эмч хоёрын цалинг солих ёстой.

0  |  0
Top