“Чингисийн хүүхдүүд” киноны хөгжим Филармонийн тайзнаа анх удаа эгшиглэлээ

2017 оны 06 сарын 29

Монголын кино бүтээлүүдээс анх удаа албан ёсны эрхтэйгээр Америкт нээлтээ хийж буй нь “Чингисийн хүүхдүүд” юм. Энэхүү УСК-ны хөгжим Морин хуурын чуулгын 25 жилийн ойд зориулсан тоглолтын үеэр анх удаагаа эгшиглэж үзэгчдийн хүртээл боллоо.

Улсын Филармони Морин хуурын чуулгын 25 жилийн ойд зориулсан тоглолтоо энэ сарын 22-ны өдөр хийж, үзэгчдэдээ хөгжмийн урлагийн гайхамшгийг мэдрүүлэн нэгэн сайхан үдшийг бэлэглэсэн билээ. Нийт гурван хэсгээс бүрдсэн уг концертын үеэр Монголын хамгийн алдартай хөгжмийн зохиолчдын бүтээлүүд үзэгчдийн сонорыг мялаасан юм.

Концертын нэгдүгээр хэсэг Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, нэрт хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын “Дорнодын уудам тал” чуулбарын “Дорнодын цэнхэр аялгуу” бүтээлээр салхи хагалсан. Төрийн шагналт, УГЗ, “Чингис хаан” одонт хөгжмийн зохиолч Б.Шаравын “Говийн жонон” хөгжмийн найруулгаар үргэлжилж, Ш.Өлзийбаярын “Дурсамж, “Гоё хээр” буюу  “Чингисийн хүүхдүүд” УСК-ны хөгжмөөр эхний хэсгээ /удирдаач Н.Жигжиддорж/ өндөрлөсөн юм. Тоглолтын хоёр дахь хэсгийг Н.Жанцанноровын “Дорнодын уудам тал” чуулбарын “Талын дуун” бүтээлээр эхэлж Б.Шаравын “Дөрвөн ойрд” хөгжмийн найруулгаар үргэлжлэн, Ш.Өлзийбаярын “Ятга найрал хөгжмийн концерт” /I, II, III анги, гоцлол хөгжимчин ятгач Ж.Уранцэцэг, удирдаач Д.Түвшинсайхан /-оор өндөрлөсөн юм.

Гуравдугаар хэсэг Б.Шаравын “Уйлганч шарын явдал” хөгжмийн найруулгаар эхэлж, Н.Жанцанноровын “Оюу эрдэнийн говь” чуулбарын “Сэтгэлийн гүнээс” /гоцлол хөгжимчин морин хуурч Р.Амарбаяр/ аялгуугаар үргэлжилжлэв. Төгсгөл болгож Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Ц.Нацагдоржийн Морин хуурын чуулгад зориулан бичсэн сүүлчийн бүтээл нь болох “Уран сэтгэмж” /Морин хуурын дөрвөл, Чавхдаст дөрвөл, Морин хуурын чуулга, удирдаач Н.Жигжиддорж/ -ээр өндөрлөсөн юм.

Морин хуурын чуулгын залуу удирдаач Н.Жигжиддоржоос тоглолтын талаарх сэтгэгдлийг нь асуухад: “Миний удирдсан 1 ба 3 дугаар хэсэгт .Шарав гуайн ардын уламжлалт татлагуудад суурилж Морин хуурын чуулгад зориулж хийсэн хөгжмийн найруулгууд, .Жанцанноров гуайн хоёр Сюи́т /чуулбар/-ээс түүвэрлэн сонгож тоглолоо. Мөн “Чингисийн хүүхдүүд” гээд Холливудад нээлтээ хийгээд байгаа киноны хөгжим анх удаа эгшиглэлээ. Сүүлийн квартет симфони оркестртой хэсэг бол 2007 онд Японд NHK симфони оркестртой тоглож байсан аялгуу Монголын тайзан дээр бараг анх удаа тоглогдлоо. Өнөөдрийн тоглолт хөтөлбөрийн хувьд их өвөрмөц болж чадсан. Үзэгчид ч дүүрэн байна. Мэргэжлийн хөгжмийг шимтэн сонирхож сонсож байгаа нь маш сайхан санагдаж байна” гэсэн юм. Тэрбээр Хөгжим бүжгийн сургуулийн төгсөгч, Гавьяат багш Ё.Батбаярын шавь гэнэ. 2008 оноос эхлэн тус чуулгад ажиллаж байгаа юм байна. Удирдаачийн хувьд түүний багш нь УГЗ Чулууны Чинбат ажээ.

Энэхүү тоглолтод Холливудын дэлгэцнээс түгэх хөгжим нь Монголын тайзнаа анх удаа эгшиглэхийг сонсохоор хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяр хүрэлцэн ирсэн байлаа. Мөн үзэгчдийн бараг 30 орчим хувь нь гадаадын жуулчид, хөгжим сонирхогчид байсан юм. Морин хуурын чуулгын тоглолтыг үзээд сууж байхад зарим үед хөгжимдөө төвлөрөхөд бэрхшээлтэй нөхцөл байдал үүсч байсныг хэлэхгүй өнгөрөх аргагүй. Үзэгчдийн зарим нь хоорондоо ярилцах, өчүүхэн төдий боловч дуу чимээ гаргах зэрэг нь Филармонийн концертын танхимын акустик сайтай орчинд асар их дуу чимээ болон дуулдах нь төвөгтэй санагдаж байв.

Морин хуурын чуулгын ерөнхий удирдаач Д.Түвшинсайхан хэсэг тус бүрт тоглогдох бүтээлүүдийг тухай бүр зарлаж концертыг өөрөө хөтөлсөн юм. Тэрбээр үзэгчдийн соёлтой холбогдох анхааруулга маягийн үгийг эвтэйхэн хэлсэн юм. Энэ талаар нь тодрууллаа.  


Морин хуурын чуулгын ерөнхий удирдаач Д.Түвшинсайхан: “Жишээ нь, Симфонийн хувьд гэхэд 1, 2, 3-р анги гээд зарласан тохиолдолд дунд нь алга ташдаггүй. Зөвхөн хөгжимд нь төвлөрүүлэхийн тулд урьдчилан зарлаж байгаа юм. Чуулбар бүтээл гэхэд сэдвээсээ шалтгаалаад 3, 5, 7, 10 хэсгээс бүрддэг. Түүн шиг дотроо I, II, III анги гээд хөгжмөө зарлачихсан бол дунд нь алга ташдаггүй. Үүнийг л би анхааруулж хэлсэн. Ер нь хөгжим дуусаад 16 секунд орчим чимээгүй сонсох ёстой. Яагаад гэвэл цуурай нь явж л байдаг. Томоос жижиг хүртэл паузууд нь тэр хөгжим байж л байгаа гэсэн үг. Тийм л нарийн хэмжээнд ойлголт өгөхийн тулд нэгдүгээр анги дууслаа гэж зарладаг. Үзэгчид өөрсдөө ч бэлтгэгдэнэ шүү дээ. Тэр цуурайг сонсгохын тулд паузууд байдаг. Яг энэ үед нь сонсох ёстой. Хүмүүс манайд хөгжим сонсох гэж л ирдэг. Хөгжим сонсох соёлд суралцах нь соёлтой хүн бүрт заавал байх ёстой боловсролын нэг хэмжүүр юм. Хөгжмийн хувьд бол нэг ноот ч үнэтэй. Хөгжим бол дэлхий нийтийн хэл юм. Жишээ нь Шарав гуайн хөгжмийн найруулгад говьд элс нурж орж ирдэг гэдэг ойлголтыг хөгжмөөр маш тод илэрхийлдэг учир хэзээ ч говь гэдгийг хараагүй гаднынхан шууд л хөгжмөөр дамжуулж төсөөлөл авна гэсэн үг” гэсэн юм. 

Морин хуурын чуулгын хамт олон наадмын өмнөх өдрүүдэд Хонгконгийн Засгийн газрын урилгаар Hong Kong City Hall болон бусад томоохон театрт нь тоглолт хийхээр явж байгаа ажээ.

                                                                                                       Д.Долгион

                                                                                              www.Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top