”Монголын сайхан орон” хөгжмийн зохиол 56 жилийн дараа эх орондоо албан ёсоор ирлээ

2017 оны 06 сарын 30

Монгол Улсын алдарт хөгжмийн зохиолч Э.Чойдог "Монголын сайхан орон" баримтат киноны хөгжмийг зохиосон байдаг. Энэ гайхамшигтай бүтээлийг 1961 онд Ардын хувьсгалын 40 жилийн ойд зориулан   ХБНГУ-ны "ДЕФА" кино үйлдвэртэй хамтран бүтээж байжээ. Э.Чойдог уг бүтээлээ Герман улсын хөгжимчдөөр анх тоглуулсан аж. Тэр цаг үеэс хойш Германы талд хадгалагдаж байсан эх хувийг Монголын талын хүсэлтээр Монгол Улсын Засгийн Газарт хүлээлгэн өгөөд байсан юм.

Тэгвэл өчигдөр Үндэсний урлагийн их театрын тайзнаа Үндэсний хөгжмийн их найрлын хамт олонд "Монголын сайхан орон" баримтат киноны хөгжмийн зохиолыг Соёл урлагийн газрын дарга Г.Эрдэнбат гардуулан өглөө.

Тус арга хэмжээний үеэр Соёл урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат:  

“ Энэ сайхан баярт өдрийн мэндийг Үндэсний урлагийн их театрын хөгжимт найрлын хамт олон болон хөгжимд хайртай, хөгжимтэй холбоотой бүх хүмүүстээ хүргэж байна. Төрийн соёрхолт урлагийн гавьяат зүтгэлтэн Э.Чойдог гуай одоогоос 55 жилийн өмнө "Монголын сайхан орон" баримтат киноны хөгжмийг ХБНГУ-д бүтээж байсан.

Үүнээс хойш түүний бүтээл эх орондоо бүрэн хэмжээгээрээ нэг ч удаа тоглогдож байгаагүй ч “Монголын сайхан орон” баримтат киноны хөгжмийн зарим хэсгээс нь сэдэвлэн олон алдартай урлагийн бүтээлүүдийг Үндэсний урлагийн их театрийн хамт олон бүтээж туурвиж ирсэн түүхтэй. Тэгвэл алдарт хөгжмийн зохиолч Э.Чойдогийн энэхүү сайхан бүтээлийг эх хувиар нь Монголдоо авчирч бүрэн хэмжээгээр нь эгшиглүүлэх, цаашлаад энэ оны төрийн их баяр наадмаар түүний гайхамшигт бүтээлийн хэсгээс тоглох саналыг Төрийн их баяр наадмын концертын ерөнхий найруулагчаар ажиллаж байгаа н.Уянга гаргасны дагуу ХБНГУ-ын элчин сайдын яаманд МУ-ын шадар сайд У.Хүрэлсүх хандаснаар бидэнд энэхүү урлагийн том бүтээлийг явуулсан сайхан үйл явдал болж байна. Энэхүү бүтээлийг төрийн их баяр наадмын үеэр эгшиглүүлэх болсондоо үнэхээр их баяртай байна. Энэ том ажлыг бүтээсэн шадар сайддаа баярлаж талархаснаа илэрхийлмээр байна” хэмээсэн юм.


Монгол Улсын төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Эрэгзэнгийн Чойдогийн товч намтар

Э.Чойдог 1926 оны аравдугаар сарын 10-нд Улаанбаатар хотод мэндлэхэд аав Цагаан, ээж Эрэгзэн нь Батчулуун нэр хайрласан гэдэг. Гэвч багадаа хүндээр өвдөхөд нэгэн лам нэр нь хүндэдсэн гэх “онош” тавьж нэрийг нь солиулж байжээ.

1937 онд Дотоод яамны бага сургууль байгуулагдахад элсэн орж, 1940-1942 онд Уран сайхны сургуульд (одоогийн Хөгжим бүжгийн коллеж) сурч, Улсын төв театрт 1949 он хүртэл хөгжимчнөөр ажиллаад 1952 он хүртэл Дорнод аймгийн театрт хөгжмийн багш хийжээ. Үүний дараа Улсын хөгжмийн драмын театрт хөгжимчнөөр ажиллаж байгаад 1953-1956 онд Улсын ардын дуу бүжгийн чуулгад уран сайхны удирдагч болж 1961 он хүртэл Москвагийн хөгжмийн их сургуулийн хөгжмийн зохиолчийн ангид М.Чулаки багшийн удирдлага дор суралцсан байна.

Ийн Ховд аймгийн театрт жил гаруй хөгжмийн багш хийж, ЗХУ-д диплом хамгаалаад Дорнод аймгийн Хөгжимт драмын театрт 1967 он хүртэл ажилласан аж.

Улсын ардын дуу, бүжгийн чуулгад 1981 он хүртэл удирдаач хийж, 1981-1988 онд Дархан хотын “Залуучууд” театрт хөгжмийн багшаар ажиллаж байсан түүхтэй.


Танд болон танай хамт олонд энэ түүхэн өдрийн баярын мэнд хүргэе. Та баярт мөчөөсөө бидэнтэй хуваалцаач?

Үндэсний урлагийн их театрын уран сайхны удирдаач МУУГЗ А.Цэдэн-Иш:

- Маш сайхан баярт үйл явдал тохиож байна. Яагаад гэвэл 1962 онд ХБНГУ-д бүтээгдэж тэндээ анх удаа тоглогдож, эх хувь нь  хадгалагдаж байсан бүтээлийг албан ёсоор өнөөдөр Үндэсний урлагийн их театрын хамт олон бидэнд хүлээлгэж өгсөнд туйлын их баяртай байна. Э.Чойдог багш маань амьд сэрүүн үедээ манай чуулгын ерөнхий удирдаач, хөгжмийн зохиолч, хөгжмийн багшаар ажиллаж байсан. Энэ хугацаандаа мөн улсын даалгавраар хэд хэдэн сайхан бүтээлийг хамтран бүтээсэн. Тухайлбал 1968 онд нэгдэлч хөдөлгөөн ялсны ойгоор "Жалам хар" бүжгийг Ц.Сэвжид багштай хамтран баримтат киноныхоо хурдан хэсгээс ашиглан бүтээж байсан. Ийм сайхан бүжгийг 1968 оноос манай тайзан дээр байнга ашиглаж байгаа. Мөн энэхүү киноны хэсгээс 1978 онд Ц.Сэвжид "Мэндчилгээ" бүжгийг дэглэсэн. Түүнээс гадна уг киноны хөгжмийн хэсгээс Үндэсний хөгжмийн цөөхүүл буюу тухайн үеийн "Найрамдал" хамтлаг "Цоглог аялгуу" нэртэйгээр бүтээл болгон гадаад, дотоодод олон удаа тоглогдсон бөгөөд өнөөдөр ч манай Үндэсний урлагийн их театрын урын санд байгаа юм. Тийм учраас Э.Чойдог багш энд ажиллаж байсан давуу талыг ашиглан Үндэсний урлагийн их театрын урын санд хэд хэдэн гайхамшигтай бүтээлүүдийг авч явж байгаа. 

1986 онд Э.Чойдог багш төрийн шагнал хүртсэн хоёр бүтээл байдаг. Нэг нь "Монголын сайхан орон" баримтат киноны хөгжим, "Найрамдал" хэмээх симфони удиртгал байгаа юм.

1986 онд төрийн шагнал хүртсэнтэй нь холбогдуулаад манай МУГЖ Ж.Мэнд-Амар маань томоохон хэсгийг найруулж хөрвүүлж найрал хөгжмийн бүтээл хийсэн юм. Энэ бүтээлийн тухай Э.Чойдог: "Үнэхээр сайхан наалдаж байна шүү" хэмээн шагшин магтаж байсан гэдэг. Өөрөөр хэлбэл энэ баримтат киноны хөгжим манай театрын урын санд олон янзын найруулгаар баттай орсон юм. 

Энэ сайхан бүтээлийг бидэнд гардуулж өгсний хувьд найруулагч н.Уянга маань төрийн их баяр наадмын үеэр эгшиглүүлэх гэж байгаад маш их баяртай байна. Мөн бидэнд энэхүү оюуны үнэт өвийг гардуулж өгч байгаа Соёл урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат, найруулгийн хэсэгтээ Үндэсний урлагийн их театрын хамт олны зүгээс баярласан талархсанаа илэрхийлье. Энэ хөгжим манай урын санд байнга эгшиглэн дуугарч байх болно оо гэдгийг амлая.

МУУГЗ, Үндэсний урлагийн их театрын ерөнхий удирдаач Н.Буянбаатар:

Үндэсний урлагийн их театрын тайзнаа өнөөдөр томоохон түүхэн үйл явдал болж байна. Одоогоос нэгэн жарны өмнө Монголын алдартай хөгжмийн зохиолч Э.Чойдог “Монголын сайхан орон” баримтат киноны хөгжмийг бүтээсэн байдаг. Тус бүтээлээс сэдэвлэн бид олон сайхан бүтээлийг ард түмэндээ хүргэсээр ирсэн. Тун удахгүй төрийн их баяр наадам болох гэж байна. Энэ үеэр бид Э.Чойдог багшийнхаа бүтээлийн хэсгээс тоглох болно.  Мөн энэхүү алдартай бүтээл нэгэнтээ бидний гар дээр албан ёсоор ирсэн учраас манай төрийн их найрал  тун удалгүй бүрэн эхээр нь ард түмэндээ хүргэх болно.

Монгол Улсын төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Эрэгзэнгийн Чойдог нь “Монголын сайхан орон” баримтат киноны хөгжмөөс гадна "Хүргэн хүү" , "Дайсны цэргүүдээ сонсоцгоо!", "Эх бүрдийн домог", "Нар хиртсэн жил, "Загийн алим", "Таван одот тугийн эзэд", "Туулсан зам" зэрэг киноны хөгжмийг бичиж байжээ.

А.Хишигдэлгэр

Эх сурвалж: Breakingnews.mn


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top