Орхигдсон фермээс 72 хүний цогцос олджээ

Автор | Zindaa.mn
2017 оны 07 сарын 03

Мексикийн хойд хэсэгт орших Матаморос хотын нэгэн фермийн ойролцоо 72 хүнийг оршуулаад булсан байсныг цагдаагийн байгууллага илрүүлжээ. Эрх баригчид уг фермийн ойролцоо хар тамхи худалдаалдаг бүлгийн хооронд зэвсэгт тулаан явагдсан байх гэж таамаглаж байна. 72 цогцосны 58 нь эрэгтэй, 14 нь эмэгтэй хүний цогцос байжээ.  Гэмт бүлэглэлийнхэнд буудуулж шархадсан иргэний мэдээллийн дагуу ажиллагаа явуулж байх явцад дээрх оршуулгын газрыг илрүүлсэн байна. Хүчний байгуулагынхан мэдээллийн дагуу гэмт хэрэгтнүүдийн байрлаж байсан газар очиж фермд бүгж байсан гурван гэмт этгээдийг устгажээ. Буудалцааны үеэр цагдаагийн нэг албан хаагч амь үрэгдсэн байна.

Мексикийн хар тамхины наймаа эрхэлдэг бүлэглэлүүд зайдуу газар сонгон халз тулаан хийх явдал нэг бус удаа гардаг бөгөөд хэрвээ ийм том хэмжээний тулаан болбол амь үрэгдэгсдээ хэнд ч мэдэгдэлгүй газар булж орхидог юм байна. Монтеррей хотын ойролцоогоос 51 хүний цогцос олдсон бол тавдугаар сард Таско де Аларкон мужаас 55 хүний цогцос олдож байсан юм. Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд тус улсад хар тамхины мафиудын тэмцлээс болж 28 мянган хүн амь үрэгдсэн гэсэн албан бус тоо байдаг ажээ.

 

С.Төгөлдөр

 

Top