Төсөл хэрэгжүүлэгчид НҮБ-ын шагнал хүртэв

2017 оны 07 сарын 04

Нидерланд улсын Гаага хотод “United Nations Public Service Forum 2017” ёслолын үйл ажиллагаа болж өндөрлөлөө. Тус форумын үеэр манай улсын ЭХЭМҮТ НҮБ-аас олгодог төрийн буюу нийтийн үйлчилгээний тэргүүн байрын цом, албан ёсны гэрчилгээ хүртжээ. Энэ нь Монгол улсын хувьд анхдагч болж байгаа юм.

НҮБ-ын Хүн амын сан, Люксембургийн Засгийн газрын хамтын хөрөнгө оруулалтаар ЭХЭМҮТ-д 2007 оноос “Эх, нярайн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд Телемедицинийг нэвтрүүлсэн нь” төсөл хэрэгжиж эхэлсэн. Дэлхийн улс орнуудын Засгийн газраас НҮБ-д нийт 552 төслийг өргөн барьсан байв. Тэднээс гурван номинациар 8 төсөл шалгаруулсны нэг нь энэхүү төсөл юм.

Манай улсын хувьд хүн амын 50 хувь нь нийслэл хотод оршин суудаг.  Нөгөө 50 хувь нь 21 аймагтаа тархан суурьшдаг. ЭХЭМҮТ-д хэрэгжсэн энэхүү зайн оношлогооны төсөл нь гурав дахь шатлалын эмнэлгийн тусламж үйлчилгээг авахад хугацаа алддаг, хүндрэлтэй байдаг. Тиймээс алслагдсан аймгуудын энгийн ард иргэдэд үр өгөөжөө өгсөн төсөл болсон гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна.

Төсөл хэрэгжиж эхэлснээр хотоос зайтай, алслагдсан аймаг, сумдад амьдарч байгаа хүн нийслэлд ирэлгүйгээр гурав дахь шатлалын төрөлжсөн мэргэжлийн тусламж үйлчилгээг нутагтаа авдаг болсон юм. Төслийн хүрээнд цахим сүлжээгээр дамжуулан алсын зайнаас зөвлөгөө өгөх замаар аймгийн түвшинд жирэмсний хүндрэлийг эрт илрүүлж, цаг алдалгүй эмчилж буй.Сүүлийн 4 жилд 1800 гаруй эх, нярайн амь насыг аварсан байна. Түүнчлэн эх, хүүхдийн эрүүл мэндийн тандалтын тогтолцоог бүрэн ашиглан, ур чадварт суурилсан эх барихын яаралтай тусламжийг нэвтрүүлж, мэс заслын чадвар сайжруулах ажлын байрны сургалт явуулсан. Тийнхүү цахим сургалтын суурийг тавьсан ба үр дүнд нь уг төслийн хүрээнд манай орны эх барих, эмэгтэйчүүдийн нийт эмч нарын 70 хувь нь  сургалтад хамрагджээ

 “Мянганы хөгжлийн зорилт 5”-ын эх хүүхдийн эндэгдлийг бууруулсан дэлхийн есөн орны нэг болсон нь энэхүү зайн оношлогооны төслийн үр дүн гэдгийг эмч мэргэжилтнүүд хэлж байна.  

НҮБ-ын шагналт дээрх  алсын зайн оношлогооны төсөл хэрэгжсэн 10 жилийн хугацаанд ЭХЭМҮТ-д техник технологийн дэвшил нэвтэрч, эмч мэргэжилтнүүдийн ур чадвар дээшлэн, эх, хүүхдийн эндэгдэл буурсан зэрэг олон эерэг үр дүн гарсан юм.


                                                                                Ц.Галаа

                                                                      www.zindaa.mn

 

Top