Хүүхдийн мөнгө хэзээнээс олгогдох вэ?

Автор | Zindaa.mn
2017 оны 07 сарын 05

Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанаар хүүхдийн мөнгийг нөхөж олгохоор болсон шийдвэрийг гаргасан. Тэгвэл энэхүү шийдвэрийн сургаар өнөөдрөөс эхлэн иргэд банкууд дээр оочерлож, харъяа дүүргийнхээ Халамжийн хэлтэс рүү хандах нь ихэссэн байна. Иргэдийн хувьд шийдвэр гарсан өдрөөс л өөрсдийн дансанд хүүхдийнх нь мөнгө ороод ирнэ гэсэн ойлголттой байгаа юм. Тиймээс өнөөдрөөс эхлэн хүүхдийн мөнгө бууж магадгүй гэсэн хүлээлттэй ийнхүү банк сахих болсон байна.

Харин яг хэзээнээс, хэрхэн олгогдох эсэх талаар албаны эх сурвалжаас тодруулахад "Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанаар 502.567-гоос дээгүүр оноотой өрхийн хүүхдийн мөнгийг нөхөж олгохоор болсон. Ингэснээр өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй өрхийн бүх хүүхэд тэтгэмжээ авах боломжтой болж байгаа гэсэн үг. Харин энд нэг зүйлийг ахааруулахад хүүхдийн мөнгийг олгохдоо тухайн хүүхэд заавал өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн байх ёстой гэж “Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох журам”-д заасан байгаа. Тиймээс иргэд Өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй эсэхээ харьяа дүүргийнхээ Халамжийн хэлтсээс лавлаарай" гэв.

Мөн тухайн өрх 2013 болон 2017 онд явуулсан өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгааны аль нэгэнд хамрагдсан бол хүүхдийн мөнгөө үргэлжлүүлэн авах юм байна. Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газар 0-18 хүртэл насны нийт хүүхдээс хэд нь өрхийн амьжиргаа тогтоох судалгаанд хамрагдсаныг тогтоон, судалгаагаа Сангийн яам руу илгээсэн гэнэ. Тэр дагуу Сангийн яам Монгол банкаар дамжуулан Арилжааны 13 банкинд санхүүжилт олгох аж. Сүүлийн нэг жилийн хугацаанд нийт хүүхдийн 40 хувь нь тэтгэмж аваагүй тул иргэд рүү шилжүүлэх явц удааширч болзошгүйг албаныхан сануулж байна.

 Түүнчлэн 2017 оны 03 дугаар сарын 10-наас хойш шинээр төрсөн хүүхдийн өргөдлийг харъяа аймаг, дүүргийн газар, хэлтсүүдэд хүлээн авч, өрхийн амьжиргааны судалгааны оноог нь бодсоны дараа тухайн өрх дээр бүртгэж, өргөдөл өгсөн сараас нь тэтгэмж нөхөж олгох юм байна. Иймээс иргэдийн хувьд банк сахихаасаа өмнө Өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй эсэхийг харьяа дүүргийнхээ халамжаас лавлах нь чухал юм байна шүү. Өнөөдрийн байдлаар хүүхдийн мөнгө яг хэзээ олгогдох нь тодорхойгүй байгаа юм байна. 

С.Баяр 

Эх сурвалж: ZINDAA.MN

Top