Леонид Дзюник: Олег архинд донтолттойгоо тэмцээд дийлж чадсангүй

Автор | Zindaa.mn
2017 оны 07 сарын 06

Оросын “Иванушки International” хамтлагийн гоцлол дуучин байсан Олег Яковлев хэд хоногийн өмнө нас барсан билээ. Тэрээр Монгол Улсад төрж, нэгдүгээр ангиа төгсөөд Орос руугаа буцжээ. Эцэг, эхийгээ манай улсад ажиллаж байхад нь төрсөн Олег Монголд ирж тоглолтоо хийж байсан юм. Түүний үхлийн шалтгааны талаар найз нь болох “t.A.T.u” хамтлагийн захирал асан Леонид Дзюник “Комсомольская правда” сонинд ярьжээ.


Леонид “Архи л түүний аминд хүрлээ. “Иванушки International”-аас гарсныхаа дараа Олег архийг маш ихээр уух болсон. Олегийг харах болгонд тэр согтуу байдаг байсан. “Иванушки”-д байхдаа л тэр ууж эхэлсэн. Алдартай хамтлагт түүнийг авсан нь сайхан хэрэг. Харин дараа нь архидалт эхэлсэн. Олег их хаалттай хүн байсан болохоор тэр болгоноо ярьдаггүй байлаа. “Иванушки International”-ийн дараа тэр өмнөх шигээ нэр алдарт хүрч чадаагүй. Хорт зуршил нь л улам ихэссэн. Олегийн элэг нь өвддөг, циррозтой байсан. Архи ууж огт болохгүй байсан юм. Тэр архины хамааралтайгаа тэмцээд тэмцээд ялж чадсангүй” гэжээ.

Өнгөрсөн сарын 28-нд Олег Яковлев уушгины хүнд хатгалгаатайгаар эмнэлэгт хэвтжээ. Харин дараа өглөө нь тэр нас барсан байна. Үхлийн шалтгааныг нь эмч нар элэгний циррозноос нь болж хүндэрсэн уушгины хаван гэжээ.

Олег Жамсараевич Яковлев нь 48 настай байсан юм. Сүүлийн жилүүдэд бие даан уран бүтээл туурвиж байсан тэрээр 1998-2013 онд “Иванушки International” хамтлагийн гоцлол дуучин байхдаа Монголд хамтлагаараа ирж байсан билээ. Ээж нь буриад гаралтай аж. Олег Жамсараевич Яковлев манай улсад ирээд “Төрсөн нутагтаа ирэхэд сайхан байна” гэж сэтгэл хөдлөн ярьж байсан юм.



О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Top